Хямралын нөхцөлд Оросын компаниуд ямар стратеги сонгож байна вэ?
ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй энэ нөхцөлд Оросын компаниуд ямар стратеги боловсруулж байна вэ? Эдүгээ хойд хөршийн маань банкны систем бараг л дампуурлын ирмэгт ирчихээд байна.
Авто машины зах зээл
«Фольксваген Групп Рус» компаний удирдлагын мэдэгдсэнээр Volkswagen концерны импортлогчид Оросын зах зээл дээр үлдэх боломжтой аж. Гол түлхүүр нь зарагдсаны дараа ч өндөр үнээ хадгалдаг чанартай бүтээгдэхүүн, боловсронгуй дилерын сүлжээ болон үйлчилгээний чанар. Одоогийн байдлаар Volkswagen хэд хэдэн чухал төслийг эхлүүлж байгаа. Түүнчлэн тус компаний мэдэгдсэнээр худалдан авагчдын 50 орчим хувь нь дараа машин худалдаж авахдаа чухам эндээс машинаа сонгоно гэдгээ хэлжээ. Volkswagen хямралын нөхцөлд ч гэсэн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх бодолтой байна. Шинэ худалдан авалт гэхээсээ худалдан авсан хүмүүстэйгээ хамтран ажиллах нь чухал гэлээ.
«Рольф Премиум» компаний хувьд 2015 онд борлуулалтын шинэ төв нээхгүй. Ер нь одоо Оросын зах зээлд шинэ автомашины худалдаа ашиг авчрахгүй учраас энэ зах зээлийн тоглогчид төрөл бүрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх замыг сонгож байна.
Худалдаа
Оросод хамгийн томд тооцогдох “Эльдорода” электрон барааны сүлжээ хямралыг давж гарсан туршлагатай. Хямралын бодлого боловсруулахдаа худалдааны салбар төдийгүй, эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь тооцож гаргадаг. Тус компаний удирдлагын үзэж буйгаар үр дүнгүй удирдлагын багтай компаниуд хямралд хамгийн их хохирол амсдаг учраас 2014 оны эхнээс үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авч, ажилтнуудын хувийн санаачлагыг дэмжих системийг нэвтрүүлжээ.
Санхүү
Оросын томоохон банкууд эдийн засгийн нөхцөл байдал муудсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөтэй гэж “ЮниКредит” банкны захирал Михаил Алексеев мэдэгдэв. Түүнчлэн банкууд хямралын үйл явцыг урьдчилан хардаг ажээ. Тухайлбал «Хоум Кредит» хямралын шинж тэмдгийг 2012 оны сүүлээр анзаарсан байна. Тиймээс тус банк хямралтай нүүр тулгарахад үйлчлүүлэгчдэд халгаа бага байх бэлтгэл хийжээ. Одоогоор Хоум Кредит зээлдэгчийг маш хатуу шалгуураар сонгож байна. Тухайлбал нэг хүнд нэгээс илүү зээл олгохгүй гэх мэт.
Электрон бараа
«Panasonic Россия» компаний хувьд Оросын зах зээлд импортын электрон бараа давамгайлдаг ч үнийг барихын тулд нийлүүлэгч заводуудтай тохиролцох замаар заводоос авах үнийг багасгахыг оролдож байна. Түүнээс гадна японы үйлдвэрлэгчид өөрсдөө ОХУ-д интернет дэлгүүр, фирмийн жижиглэнгийн худалдааны сүлжээ нээх маягаар шууд худалдааг хөгжүүлж байна. «Panasonic Россия»-гийн хувьд хямрал түр зуурын байх бөгөөд Panasonic Оросын зах зээлээс гарахгүй хэмээн мэдэгдэв.
Барилгын салбар
Оросын барилгын компаниуд зээл авалгүй өөрийн хөрөнгөөр барилга барихыг хичээж байна. Энэ нь компаниас хамаарахгүйгээр метр квадратын үнэ өсөхөөс сэргийлнэ гэж үзэж байна. Түүнчлэн барилгын компаниуд орон тооны цомхтгол хийх санаагүй. GOOD WOOD барилгын компаний захирал Александр Дубовенкогийн ярьснаар эрэлт 10-15 хувиар унасан ч цомхтгох шаардлагагүй бөгөөд харин 30 хувь хүртэл доошилвол 20 хувийн цомхтгол хийхээс өөр аргагүй.