Францын нийгэм исламын аюул дор амьдарч байна
Эйфелийн цамхагийн ойролцоо эргүүл хийж буй цэргүүд
2015.01.09

Францын нийгэм исламын аюул дор амьдарч байна

Болох магадлалтай зүйл болж нэгдүгээр сарын 7-нд Франц улсад өөрийн гэсэн “Есдүгээр сарын 11” тохиолдов. Харин одоо Францчууд уг үйл явдлаас сургамж авах болов уу гэсэн асуулт гарч байна. 

Нэгдүгээр сарын долооны өдөр гурван үл таних этгээд Францын Charlie Hebdo нэртэй шог сэтгүүлийн редакци руу орж 10 ажилтан, хамгаалагч, цагдааг хөнөөв.  20 орчим хүн шархадсан байна.  Дараа нь алуурчид машиндаа суугаад ул мөргүй алга болов. 

Уг хэрэг энгийн нэгэн алан хядлага боловч цаана нь хэдэн “НО” бий.  Charlie Hebdo сэтгүүл лалын шашинтнуудыг элэглэсэн шог зураг нийтэлж (түүгээр барахгүй 2006 онд лалынхны дургүйг хүргэсэн элч Мухаммедын зургийг ч нийтэлж байв) байлаа. Сэтгүүлийн ерөнхий редактор Стефан Шарбонье өмнө нь Аль-Кайдагийн хар жагсаалтад байсан хүн. Редакци руу дайрсан хүмүүс “Аллах Акбар” (Аллах агуу), “Бид элчийн өшөөг авлаа” хэмээн хашгирсан байна. Тиймээс уг аллагыг лалын терроризм хэмээн үзэж байна.

Елесейн ордонд суудаг эрх баригчид болсон явдлын учрыг сайн ойлгож байгаа. Редакцийн байранд ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн биеэр иржээ.  Ерөнхий сайд Мануэль Вальс гэмт этгээдүүдийг тогтоох, мөрдөн олоход бүхнийг хийнэ гэж мэдэгдэв.  Аллагын дараагаар Парис хот өндөржүүлсэн байдалд шилжив. Тус үйл явдлыг олон ажиглагчид Францын “Есдүгээр сарын 11” хэмээн нэрлэж Францын эрх баригчид ямар хариу хэлэхийг таацгааж байна.  Улс болгон алан хядлагад янз бүрийн хариу барьдаг. Дэлхийн худалдааны ихэр цамхгийг дэлбэлсний дараа АНУ Афганистан, Ирак руу дайрсан, ОХУ Дагестан руу алан хядагчид халдсаны дараа Чеченийг тэднээс цэвэрлэсэн гэх мэт. Өөр жишээ ч бий. Мадридад галт тэрэг дэлбэлсний дараа Испани улс Иракийн цэргийн ажиллагаанд оролцохоо больсон. 

Редакци руу дайрсан этгээдүүд

Харин Францын хувьд эрх баригчид нь бодлогогүй хариу барьж олон улсын терроризмтай тэмцэх агуулгын дор хүчний аргыг сонгох магадлалтай.  Яагаад гэвэл Парис Исламын улсыг дарах, Йемен дэх Аль-Кайдагийн бүлэглэлтэй тэмцэхэд оролцох тухай яригдаж байгаа.  Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаагүй тусгай албаныханд бурууг тохох нь мэдээж. 

Тагнуулчид, цагдаа нар буруутай нь үнэн ч зөвхөн зарим талаараа. Дээрх аллага 2001 оных шиг өргөн хүрээтэй биш, бэлдэхэд төвөггүй учир бэлтгэлийнх нь шатад илрүүлэх тун хэцүү.  Сири, Ирак, Йемен дэх алан хядагчидтай тэмцэх хэрэгтэй ч ингэлээ гээд асуудлыг шийдэхгүй.  Энэ аллага улс төрийн үндэс суурьтай, Францын эрх баригчид цагаачдыг дураар нь тавьснаар өөрсдөө энэ суурийг тавьсан. Мөн шашны шинж чанартай. Франц улсад амьдардаг лалын шашинтнууд “усыг нь уувал ёсыг нь дагадаг” гэсэн зарчмаар бус, харин “хүний нутагт өөрийн усыг ууж” амьдардаг.  Энэ нь явж явж таагүй үр дүнд хүргэдэг. Европын холбооны өндөр албан тушаалтнууд редакцид болсон үйл явдлыг Европыг, цаашлаад хүн төрөлхтнийг өдөөн хатгасан балмад үйлдэл, ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг суурь үнэт зүйлсэд халдсан явдал гэж дүгнэв.  Үг хэлэх эрх чөлөө гэхээр бусдыг доромжилж болно гэсэн үг биш бөгөөд ингэсэн тохиолдолд Европын орнуудад асуудлыг зэвсгээр бус хуулиар, шүүхээр шийддэг. Гэхдээ энэ явдал аварга том мөсөн уулын зөвхөн орой хэсэг гэдгийг Франсуа Олланд өөрөө хүлээн зөвшөөрсөн.  Түүний хэлснээр сүүлийн хэдэн долоо хоногт үүнтэй төстэй хэд хэдэн аллагын ажиллагааг таслан зогсоож чадсан бөгөөд цаашид үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй аж. 

Гэмт хэрэгтнүүдийг ичээнд нь нухаж болох ч үүний тулд улс төрийн зориг хэрэгтэй, түүнчлэн олон нийтийн зүгээс золиос гаргаж, цагаачлалын бодлогыг эрс өөрчлөхөд бэлэн байх ёстой.  Эрх баригчид улс орон дахь лалын шашинт хүн амын талаархи хандлагаа өөрлчлөхөөс аргагүй болно. Ажил хийхгүй мөртөө тэтгэмж авдаг, Францын хууль ёс, уламжлалыг хүндэтгэхгүй байгаа хүмүүстэй хатуу ярих хэрэгтэй болно. Энэ өөрчлөлт удаан, дээр нь төвөгтэй байх учраас Франц орон 2001 оны АНУ шиг хүний эрх, аюулгүй байдал хоёрын аль нэгийг сонгох хатуухан сонголтын өмнө ирлээ. Саяхныг хүртэл “Эрх чөлөө, тэгш байдал, ах дүүгийн ёсыг” тунхаглаж байсан энэ улс “Эх оронч алхам” хийх, эсвэл байгааг тэр чигээр нь орхиж шинэ аллагын айдас түгшүүр дор амьдрах үлдэж байна. 

Шинжээчдийн үзэж буйгаар  эв нэгдлийн уриатай сонгуульд ялсан социалист ерөнхийлөгч Франсуа Олланд шийдвэртэй алхам хийх нь тун эргэлзээтэй аж. Нийгэм ч үүнийг ойлгож байгаа.  Тиймээс редакцид болсон аллага Францын улс төрийн хүчнүүдийн харьцаанд нөлөөлнө.  Барууны төвийг сахигч Николя Саркози, хэт барууны Марин ле Пений нэр хүнд улам өсч байгаа бөгөөд тэд аллагыг далимдуулж цагаачлалын бодлогыг чангатгахыг зорино. Николя Саркози францчуудад хандаж терроризмын эсрэг нэгдсэн фронтоор давшихыг уриалсан. Хэрэв нийгэм барууны хүчнүүдийн саналыг хүлээж авахгүй  бол энэ мэтийн халдлага дахин давтагдах нь зайлшгүй бөгөөд Францын ардчилал гэсэн ойлголт эргэлзээнд орж эхэлнэ.