Их Тэгийн эрин
Хүйтэн дайн дууссан ч дэлхийн шинэ дэглэм гэж бий болсонгүй. Америкийн улс төр судлаач Ян Бреммер (Ian Bremmer) Хүйтэн дайнаас хойших хугацааг “Их Тэг” гэж нэрлэжээ. Ингээд түүний Японы “Nikkei” сонины сурвалжлагч Хироюки Нисимурад (Hiroyuki Nishimura) өгсөн ярилцлагыг хүргэе.
- Хүйтэн дайнаар яллаа хэмээн үзэж байсан ардчилал, капитализмын үзэл санаа эдүгээ байр сууриа алдаж байх шиг?
АНУ-ын төрийн бодлого, эдийн засаг хүмүүсийн урмыг хугалсан. Америк бүх дэлхийд үлгэр жишээ болж, бусдыг араасаа дагуулах хүчээ алдлаа. Үүний шалтгаан нь олон. Жишээ болгож Ирак, Афганистаны дайн, 2008 оны санхүүгийн хямрал, нийгэм дэх ялгавартай байдал, Үндэсний аюулгүйн Агентлагийн тагнуулын дуулиан зэргийг дурьдаж болно. Түүнчлэн өөрийн гэсэн улс төр, эдийн засгийн замаар хүчээ авч буй Хятадыг ойшоохгүй байж болохгүй.
- Таныг дэлхий ямар ч лидергүй Их Тэгийн эринд шилжлээ гэж хэлж байснаас хойш дөрвөн жил өнгөрлөө.
Энэ хандлага улам эрчимжсэн. Нэгдүгээрт АНУ-ын байр суурьтай холбоотой. Ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан Сири улс, агаарын цохилтыг эсэргүүцэх бүс байгуулсан Хятадтай холбоотой АНУ шийдэмгий гадаад бодлого явуулж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байна. Нөгөө талаас Европын холбоотон улсууд дотоод асуудалдаа анхаараад завгүй байна. Гэхдээ Хятад болон бусад хөгжиж буй орнууд голлох үүрэг гүйцэтгэж байна гэж үзэхгүй. Одоогоор Их Тэгийн үе дөнгөж эхэлж байна.
- Хүйтэн дайны үетэй харьцуулахад дэлхий ертөнц улам тогтворгүй болсон юм шиг?
Цөмийн дайны аюул байсан ч Хүйтэн дайны үед тогтвортой байсан. Их Тэгийн үеийн дэлхий үүнээс эрс ялгаатай. Том гүрнүүд дайтахгүй ч дэлхий даяар мөргөлдөөн болж, дүрвэгсэдийн тоо олширсоор. Хэт даврах, хууль бус улс байгуулах боломж нэмэгдсэн.
- Энэ байдал удаан үргэлжлэх үү?
Ян Бреммер: Америкаас хүмүүс залхаж байна. Дэлхийд шинэ дэглэм тогттол хугацаа орно
Их Тэг богино настай. Гэхдээ дэлхийн шинэ дэглэм үүстэл ахиад хэдэн жил орно. Үйл явдал дараах хоёр шугамаар өрнөж магадгүй. Нэгдүгээрт АНУ Хятадын сонирхлыг харгалзсан шинэ дүрэм, бүтцийг боловсруулна. Өөрөөр хэлбэл хүчний тэнцлийн өөрчлөлтийг тусгасан систем бий болж эхэлнэ. Эсвэл дэлхий дахин гүн хямралд орж, тэндээс цоо шинэ дэглэм төрнө. Хямралын шалтгаан нь Ази, Ойрхи Дорнодын мөргөлдөөн, түүнчлэн байгалийн гамшиг, эсвэл Эболо мэтийн вирусын тархалт байж болно. Мөн цахим дайн болохыг ч үгүйсгэхгүй.
- Өнөөдөр АНУ, ОХУ-ын хооронд шинэ Хүйтэн дайн эхэлсэн тухай их ярьж байна?
Энэ бол алдаа. Оросод тийм хүч байхгүй. Хоёрдугаарт Европ АНУ-ыг жинхэнэ ёсоор дэмждэггүй. Гуравдугаарт АНУ Оростой дайтахыг хүсэхгүй. Онцгой тохиолдолд Хятад улс Оросыг тайтгаруулж чадна. Хятадын нөлөө улам бүр өсөх болно. Оросууд завийг савлуулах нь Хятадад хортой.
- Тэгвэл АНУ, Хятадын хооронд Хүйтэн дайн эхлэх боломжтой юу?
Алс хэтдээ үүсч болох магадлал миний санааг зовоож байна. 5-10 жилийн дараа Хятад, АНУ хоёр блокт хуваагдаж магадгүй. Гэхдээ Хятад дипломат, технологи, байгалийн баялаг, дайны бус нөлөөллийн аргууд зэргээр Америктай эн зэрэгцэхгүй. Хэрвээ Хятад хэт гүрэн боллоо гэж бодоход зөвхөн эдийн засгийн тал дээр тийм болно.