Сталины сүүлчийн цэрэг
Давид Явец Норвеги дахь өөрийн гэрт
2015.01.10

Сталины сүүлчийн цэрэг

Норвегийн Риккен хотод Сталины армийн сүүлчийн цэргүүдийн нэг амьдардаг.  Эдүгээ 88 настай еврей Давид Явец Сталины төлөө 10 жил тулалдаж явжээ. Харамсалтай нь хожим Сталин еврейчүүдийг аймшигтай мөрдөн мөшгөж байсан юм. 

Энэ бол дээд боловсролтой ч 40 жил заводын ажилтан байхыг хүссэн,  Манжуураас Хойд Солонгос хүртэл, Хойд Солонгосоос Зөвлөлтийг хөндлөн гулд явганаар туулсан хүн юм.

Олон жил Зөвлөлтийн Башкирт амьдарсаны дараа Давид эхнэрийн хамт анх удаа гадаад явж Норвегт ирснээр тэндээ амьдрах болжээ. Эдүгээ эхнэр нь бурхны оронд байгаа ч Давид өөрийн гайхалтай намтрыг мартахгүйн тулд ой тогтоолтын дасгал байнга хийдэг. 

1941 оны есдүгээр сар. Харьков хот. Дэлхийн хоёрдугаар дайн ид үргэлжилж германчууд хотод ойртож ирлээ. Давидын эцэг зөвлөлтийн армийн танк үйлдвэрлэдэг заводод ажиллаж байв.  Энэ нь тэдэнд хотоос гарч явах боломжийг өгчээ.

-          Германчууд ирэхээс өмнө заводыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байсан юм. Бүх тоног тоног төхөөрөмжөө урт гэгчийн цуваанд ачив. Хэрвээ хүсвэл ажилчид цуваагаар хотоос гарч байв. Би тэгэхэд 14 настай байсан юм хэмээн Давид хуучлав. 

Харьковаас хөдөлсөн галт тэрэгний цуваа Башкирын нийслэл Уфа хүртэл сар гаруй  явав. Уфа тухайн үед Германы бөмбөгдөлтөөс хол байсан юм.

-          Харьковоос гарсан тэр өдрөөс хойш 10 жилийн турш би нэг ч удаа цадтал идэж үзээгүй. Би зурах авьяастай байсан юм. Гэвч 1943 оны 10 дугаар сард Уфад дайн эхэлж түүнийг цэрэгт татав. 

-          17 насандаа би армид элссэн юм.  Зураач болохын оронд байлдагч болов.

Хэдхэн долоо хоногийн сургалтын дараа Давидыг шууд тулааны талбар руу Дорнод фронт руу илгээв. 18 настай хөвгүүн үхлийн тулаанд ийнхүү оров. Богино хугацаанд хамт тулалдсан олон хүн амь үрэгдэж үлдсэнийг нь хороо цэрэг гэж нэрлэхэд хэцүү болжээ.

-          Тулаанд орохдоо би огтхон ч айгаагүй гэж тэр хэлэв. 

-          Дайнд хамгийн аймшигтай нь хүн хүнээ хөнөөх. Гэвч би алсан хүмүүсээ хараагүй, харин зөвхөн дайснуудыг л харж байсан.  Хэн ч байсан бид зөв зүйлийн төлөө тулалдаж байгаа гэдэгт итгэсэн.

Тэр цагаас хойш Давид долоон жил Улаан арми, Сталины төлөө тулалдав. Дорнод фронтоос Манжуураар дамжин Хойд Солонгост хүрч, дараа нь Владивостокт иржээ.  Сталин Ялтын гэрээгээр холбоотнууддаа ам өгч Японы эсрэг тулаан руу илгээсэн зөвлөлтийн цөөн цэргүүдийн нэг нь Давид байсан юм.   

-          Манжуураас Хойд Солонгос хүртэл хэдхэн долоо хоног явсан юм гэж тэр ярив.

1950 онд Давид цэргээс халагдав. Өвөө, аав нь бас цэргийн хүн байлаа. Давидын хүү ч бас ялгаагүй. 

Германчуудад бөмбөгдүүлсэн танкны хажууд

Долоон жил болоход ээж Фрома нь түүнээс нэг ч захидал аваагүй бөгөөд амьд, үхсэнийг нь ч мэдэхгүй байлаа.  Хүү нь, нөхөр нь, ах нь амь үрэгдсэн мэдээ хөршүүдэд нь ирдэг байлаа.  Харин Давид амь гарсан цөөн цэргийн нэг байсан бөгөөд 24 насандаа гэртээ эргэж ирэв.  Харин эцэг нь хүүтэйгээ уулзаж чадалгүй 1945 онд 49-насандаа сүрьеэгээр нас баржээ. Дайн дууссан ч Давид зураач болсонгүй. Лалын шашинтнууд голдуу амьдардаг Башкирт ирсэн Давид боловсролгүй, ажилгүй хоцров. Сталины харгис бодлого хэрэгжиж еврейчүүдийг мөшгөж эхлэв. Давид цаашид яаж амьдрах талаар бодож эхэллээ.

Давид гэртээ ирэхдээ нэгэн цаг худалдаж авсан ч тэр нь удалгүй зогсчээ. 1951 оны намрын нэг өдөр цагаа засуулахаар засварын газар ороход нэгэн бүсгүйд сэтгэл алдарсан нь түүний ирээдүйн эхнэр Бэлла байлаа. 

Удалгүй Давид цэргийн заводод ажиллаж эхлэв. Бүх зүйл нууц байсан учраас тэр заводад юу үйлдвэрлэдэгийг хүмүүс мэддэггүй байлаа. Боловсрол тааруу байсан учраас ээлжгүй цагаараа сургуульд явж дунд боловсролын зэрэгтэй болоод дараа нь Уфагийн их сургуулийг амжилттай дүүргэж тэндээ ажиллах санал иржээ. Гэвч ЗХУ-д тэр үед заводын ажил хамгийн хүндтэй, өндөр цалинтай байсан юм.

Давид 40 жил заводад ажиллаж үүнийхээ хажуугаар байнга ном уншдаг байлаа. Тэр үед Зөвлөлтийн ажилчид гадаад явлаа гэхэд Болгариас хэтэрдэггүй байв. 10 жил өлсгөлөн явсан Давидын хувьд элбэг хоол хүнс гэдэг асуудал болов. Тэрээр цадахаа мэдэхгүй иддэгээсээ болж нэлээд таргалав. Тиймээс турахын зэрэгцээ аялахын тулд явган алхаж Зөвлөлтийн нутгийг баруунаас зүүн, умардаас өмнөд хүртэл алхжээ.     

Хүйтэн дайн дууссаны дараа хил хязгаар нээгдэв. Гэвч гадаадад гарах эрх чөлөө Давидын гэр бүлийг дэлхийгээр нэг тарааж орхив. Түүний хүү дэлхийн олон оронд амьдарч байсан бөгөөд эдүгээ Флоридад суурьшжээ.  Нэг ач хүү нь Австралид амьдардаг.

Давидын хувьд Норвегт амьдрах нь таатай. Гэвч тэрээр хуучин Зөвлөлтийн талаар хүмүүс худал ярьдаг нь таалагддаггүй гэлээ.

-          Сайхан зүйл их байсан. Үнэ төлбөргүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хямд орон сууц. Ажилгүйдэл ч гэж байгаагүй. Систем болгонд өөрийн давуу болон сул талууд байдаг.

-          Бид Норвегт ирснийхээ дараа дэлгүүрт ороод ангайж орхисон. Дэлгүүрт тийм их бараа байхыг анх удаа харсан гэж хуучлав.