Онцлох Монгол хүүхдүүд тодорлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Тэрбээр өчигдөр 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдэд өргөмжлөл гардууллаа.
Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхэд тодорхойлолт ирүүлснээс есийг нь 2014 оны “Онцлох Монгол хүүхэд"-ээр шалгаруулжээ. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, Өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга, Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн Зд ангийн сурагч Д.Мөнхзул “Уран нүүдэлч хүүхэд”, “Ачийг тань хариулъя”, “Хүүхдийн төлөө гараа сунгая”, “Ирээдүйн оюунлаг эзэд” уран бүтээлийн бие даасан тоглолтоо Хэнтий аймаг, Улаанбаатарт зохион байгуулж, орлогоор нь төрөх тасагт 16 ор, сэргээх засах сувилалд 22 тоглоом, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд тэргэнцэр хандивласан Хэнтий аймгийн нэгдүгээр сургуулийн 8а ангийн сурагч Ц.Ухаанзаяаг “Хүмүүнлэг хүүхэд”, Сэлбэ голын хогийг сүүлийн гурван жил цэвэрлэж хэвшсэн Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг “Эко хүүхэд”-ээр өргөмжиллөө.
“Онцлох Монгол хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүдэд өргөмжлөл гардууллаа
Мөн ой тогтоолтын олон улсын хэмжээний мастер, 30 минутад найман багц, 444 ширхэг хөзөр цээжилж, дэлхийн дээд амжилт тогтоосон Гёте сургуулийн 11а ангийн сурагч А.Анударийг “Оюунлаг-талст хүүхэд”, Улсын баяр наадмаар дөрвөн насны морь унаж айрагдуулсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн зургадугаар ангийн сурагч Ч.Бямбажавыг “Эрэмгий хүүхэд”, Үндэсний их баяр наадмын Хүүхдийн сур харваанд түрүүлсэн Баян- Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч Н.Алтантулга, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Санчирнаран нарыг ‘Үндэсний мэргэн хүүхэд”-ээр шалгаруулсан аж. Түүнчлэн “Вербист” асрамжийн газар Биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Д.Мягмарсүрэнг “Зөв монгол хүүхэд”, ТҮ9 телевизийн дэргэдэх “Лоолойгийн найзууд” клубийн гишүүн, “Адтай жаалууд”, “Ханхүү аль нь вэ” хүүхдийн кино найруулж, тоглосон Б.Ёндонжамцыг “Бүтээлч хүүхэд”-ээр нэрлэв.