Л.Болор: Иргэдэд буруу мэдээлэл хүрснээр үйлдвэрлэгч нар хохирдог
“Мах Маркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Болортой хүнсний нэмэлт болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.
Танай компани бүтээгдэхүүндээ хүнсний нэмэлтийг хэрхэн ашиглаж байна вэ ?
Ер нь хүнсний нэмэлт гэх ойлголт зах зээлд шилжин импортын бараа бүтээгдэхүүн орж ирсэн цагаас эхлэн яригдсан. Дэлхийн дахин даяарчлагдаж газар зүйн байрлал, хүн амын өсөлт хэрэглээ зэргээс хамаарч хүнсний нэмэлтийг хүнсэнд зайлшгүй хэрэглэх шаардлагатай болж байгаа юм.
Үүний адилаар манай компанийн хувьд ч хүсний нэмэлтийг зөвшөөрөгдсөн хэмжээний дагуу бүтээгдэхүүндээ ашиглаж байгаа. Гэхдээ үйлдвэрлэгчдийн хувьд тулгамддаг гол асуудал хугацаа. Жишээ нь манай чанамал хиамны хугацаа долоо хоног байхад Олон улсад хамгийн багадаа сар байдаг. Гэтэл долоо хоног гэдэг хугацаа үйлдвэрлэгчдийн хувьд хүндрэлтэй.
Хүнсний нэмэлттэй холбоотой хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулж болох вэ ?
Миний бодлоор шинэ дугуй бүтээх хэрэггүй. Харин олон улсын түвшинд амжилттай болсон сайн аргуудыг хуулбарлах л хэрэгтэй. Учир нь манай улсын хөгжлийн байдал, техник технологийн хүчин чадал нь хөгжингүй орнуудтай харьцуулах аргагүй ч хүнсний салбарт ажилладаг мэргэжлийнхэн, ТББ-ийнхан, үйлдвэрлэгч нар хамтраад хэрэглэгчдэд Е код буюу хүнсний нэмэлтийн талаар зөв мэдээллүүдийг хүргэх хэрэгтэй.
Ингэж хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь зайлшгүй хэрэгтэй зүйл болчихоод байна. Ингээгүйн улмаас хэрэглэгчдэд хүрсэн ташаа мэдээлэлд бүх нийтээрээ итгэх, түүнээс болоод үйлдвэрлэгч нарт сөрөг үр дагаваруудыг авчирдаг.
Хүнсний аюулгүй байдалдаа хамгийн дээд зэргийн анхаарал тавьдаг нь Япон улс.
-Хүнсний аюулгүй байдлынхаа тал дээр бидэнд үлгэр дуурайлал болчих ямар улс байна вэ ?
Хүнсний аюулгүй байдалдаа хамгийн дээд зэргийн анхаарал тавьдаг нь Япон улс. Түүнчлэн Австралийн иргэд нь өөрсдийн хүнсний бүтээгдэхүүндээ маш өндөр шаардлагатай ханддаг.
Танай компанийн хувьд зарагдаагүй бүтээгдэхүүнээ хэрхэн шийдвэрлэдэг вэ ?
Мэдээж устгалд оруулдаг. Гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг шалгаад үзэхэд ямар нэгэн асуудал байхгүй арван дөрвөн хоногтоо зүгээр. Гэтэл хугацаандаа баригдаад бүтээгдэхүүнээс буцаалт ирүүлэхгүйн тулд багаар үйлдвэрлэдэг. Энэ нь үйлдвэрлэгч нарт нилээд хохиролтой.
Тухайн стандарт нь зөвхөн монголд мөрдөгдөж байна уу ?
Тийм. Стандартчилал хэмжил зүйн төвөөс гаргасан стандарт. Үйлдвэрлэгч нарын хувьд энэ тал дээр дуу хоолойгоо нэгтэж ажилласны дүнд хөлдөөсөн бууз, баншны хугацаа нэг сар байсныг Мэргэжлийн хяналтынхантай хамтран шинжилж тус бүтээгдэхүүн гурван сар хадгалах боломжтой гэдгийг нотлон стандарт дээр нь өөрчлөлт оруулсан. Үүн шиг зарим бүтээгдэхүүнүүдэд шалгалт, шинэчлэлтийг хийх хэрэгтэй.
Ер нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг хүнсний нэмэлтгүйгээр уртасгах боломж бий юу ?
Байгаа. Техник, технологи хөгжихийн хэрээр сав баглаа боодол ч өөрчлөгдөж байна. Бүтээгдэхүүний уутанд ямар хийгүй савлах эсвэл хүчилтөрөгчийн шахалттай савлах зэрэг нь агаартай холилдолгүй, муудахаас сэргийлдэг. Энэ нь ямар ч хүнсний нэмэлтгүй бүтээгдэхүүнй хугацааг нь уртасгах боломжтой гэсэн үг.
Бүтээгдэхүүний уутанд ямар хийгүй савлах эсвэл хүчилтөрөгчийн шахалттай савлах зэрэг нь агаартай холилдолгүй, муудахаас сэргийлдэг.
Гэхдээ мах махан бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн сар өдөр, хадгалах хугацааг тавьчихсан байдаг. Гэтэл энэ нь үйлдвэрлэгч нарт нилээд хохиролтой. Харин тэгэлгүй дуусах хугацааг тавьчихвал хэрэглэгч он сарыг нь хараад шууд сэтгэхүйгээр болоогүй байна гээд худалдан авах боломжтой.
Учир нь тухайн хугацаанд бүтээгдэхүүн муудахгүй гэдгийг аж ахуй нэгжүүд стандартаар нотолчихсон тулд хэрэглэгчдэд ямар нэгэн эргэлзээ үүсэхгүй. Харин нөгөө тохиолдолд дуусах хугацаа нь мэдэгдэхгүй байгаа бүтээгдэхүүнийг тухайн өдөрт үйлдвэрлэсэн он сарыг нь хараад авдаг. Энэ нь бид нарт нилээд хохирлтой. Тиймээс үүнийг шинэчлэх хэрэгтэй.