С.Ганбаатар: Шинэ нам удирдуулах санал ирсэн нь үнэн
УИХ-ын гишүүн С.Ганбаатар зарим нам эвслийн гишүүдтэй хамтран нам байгуулах тухай мэдээлэл цахим хуудсаар гарах болсон билээ. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
Таныг шинэ нам байгуулах гэж байгаа мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Өнөөдөр МАН, АН сиамын ихэр шиг болж байна. Тэд албан тушаал хувааж идэж, уудаг аюултай дээрмийн бүлэг боллоо. Улс нийгмийн гол асуудал болсон ард иргэдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж тэднийг яаж ажлын байртай болгох, уул уурхайгаа хэрхэн шударгаар иргэддээ хүртээх зэрэг зүйлүүд дээр нэгдэхгүй байна.
Зөвхөн сайд, албан тушаал дээр нэгдэж байгаа МАНАН-гийн сүйрэл, дампуурлыг хараад ард иргэд үнэхээр гутарч байна. АН бүхэлдээ хүнд хэцүү болжээ. Ер нь тэд дуусч байна. Харин МАН-ын залуучууд сайн сайхан амжилттай яваасай гэж хувьдаа хүсдэг байсан. Бага зэрэг найддаг байсан. МАН-ын залуу гишүүд эх орны төлөө гэсэн бодолтой болов уу гэж итгэдэг байлаа.
Харамсалтай нь тэд нүд улаан, мөнгө цагаан гэдгээр МАНАН-гийн Засгийн газарт уралдан орж байна. Ийм байдлыг харсан маш олон улс төр, нийгмийн идэвхтэй залуучууд, инженер, эрдэмтэд, их дээд сургуулийн багш, банк санхүүгийн ажилтан, хүчний байгууллагын тэргүүлэх ажилтнууд надтай ирж уулзаж байна. Тэд дараагийн намыг байгуулж, дараагийн намд хамтран зүтгэе, та удирдаад яв гэдэг санал, урилгууд тавьсан нь үнэн.
-УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга зэрэг гишүүн хамтарна гэсэн байсан. Өөр хэн, хэн тантай нийлэх гэж байгаа юм бэ?
-Надад найдаж ярьж байхад түүнийг ил гаргах нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл,шийдвэр гарч, ажил хэрэг болоогүй үед түүнийг ил болгоно гэдэг улс төрд баримталдаг миний зарчмаас зөрж байна. Тиймээс зөвөөр ойлгоорой. Салбарын хүмүүс, залуучууд уулзаж санал тавьж байгаа. Бид хоорондоо ойлголцохын төлөө ярьж байгаа гэдэг нь үнэн.Олон салбарын болон намуудаас саналууд ирж байгаа.
-АН-ын зарим гишүүн намаасаа гарч байгаа мэдээлэл байна. Та ямар нэг зүйл сонсов уу?
-АН-аас гарах гэж байгаа хэд хэдэн гишүүн байгаа. Хүний нэр хэлмээргүй байна. Үнэхээр, шударга ардчиллын зарчимдаа үнэнч хэд хэдэн гишүүн бий. Энэ хүмүүсийг хурдан гарч, үзэл бодолдоо биш ямар нэг шошгон дээр мөн сайдын бялуу хуваалтын наймаан дээр нийлж байгаа юм шиг харагдахгүйгээр чин сэтгэлээсээ түмний төлөө дуу хоолойгоо гаргаж гарч ирэх нь тэр хүмүүсийн улс төр, нийгмийн зүтгэлтний үүрэг гэж бодож байгаа.
МАН-аас гишүүд биш залуучууд надтай уулзаж, ярьсан. Энэ хүмүүс түмний төлөө маш их дарамттай, бэрхшээл дундуур дуу хоолойгоо хадгалж, зарчимдаа үнэнч байх гэж оролдож байгаа оролдлогыг нь хүндэтгэж байгаа. Мөн дэмжиж байна.
-Ер нь шинээр нам байгуулахад хэр санал нэгдэж байгаа юм бол?
-Юуны өмнө нийгмийн төлөө хүчтэй дуу хоолойгоо гаргадаг энэ хүмүүсийн хамтын ойлголцол буюу юун дээр бид нэгдэж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Өнөөдрийн АН, МАН шиг тендер дээр нийлж болохгүй. Тэд сайдын тендер дээр нэгддэг нам болоод байна.
Бид иргэдэд яаж ажлын байр бий болгох, хэрхэн үйлдвэртэй болох, яаж эрүүл мэдийн даатгалыг сайжруулах, Оюутолгойг хэрхэн зөв гольдролд нь оруулах зэрэг олон асуудал дээр нийлэх ёстой болов уу. Гэхдээ заавал нийлэх ч албагүй. Ард иргэд нийлээсэй гэж хүсч байгааг мэдэрч байгаа. Хамгийн гол нь ямар зүйл дээр нэгдэж, тууштай явах анхны хамтын тавцангаа олж авах нь чухал. Эхлээд энэ бүхнээ тодорхой ярих ёстой.
-Хэрэв нам байгуулвал та УИХ дахь бие даагч гишүүний статусаа яах вэ?
-Энэ бол дарханчуудаасаа асуух ёстой зүйл. Тэднээс асууж, зөвлөлдөхгүйгээр энэ асуудлыг шийдэхгүй. Мөн Монголын Үйлдвэрчний холбооны олон зуун мянган гишүүдийг төлөөлдөгийн хувьд, хүндэт ерөнхийлөгчийн хувьд Монголын Үйлдвэрчний холбоотойгоо ярих ёстой.