Улстөрийн нам байгуулахаа зарлалаа
“Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн цэц болон АТГ ажлаа хийхгүй байгаа талаар мэдээлсэн юм.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн шаардлагын хариуг ирэх хүртэл улстөрийн суултаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн дэргэдээ улс төрийн нам байгуулах гэж байгаагаа зарлав. Улстөрийн нам байгуулах гэж байгаа шалтгааныг “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөний тэргүүн Х.Бат- Ялалт тайлбарласан юм. Тэрбээр “Монгол Улсад төрийг хянадаг ямар ч механизм алга.
Улстөрийн хоёр хүчин болох МАН, АН байгаа хэдий ч тэд төрийн буруутай үйл ажиллагааг хянаж чадахгүй байна. Бас өөр олон намууд байдаг энэ талаар юу ч хийхгүй байна. Тэгэхээр бид Төрийг хянадаг механизмийг бий болгох хэрэгтэй. Сонгогч болгон хянагч байх ёстой. Нэг өдөр саналаа өгчихөөд 1400 хоног хаяагддаг биш, нэг өдөр саналаа өгөөд 1400 хоног хянадаг байх тийм тогтолцоог хүсч байна” гэсэн юм.
Тэд бие даасан, хараат бус улстөрийн тэмцэл хийх зорилгоор ийнхүү улстөрийн нам байгуулж байгаа аж. Улстөрийн нам үүсгэн байгуулагчдын анхдугаар хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдаж байгаа Л.Гансүхтэй уулзахдаа хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Энэ талаар “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйнд сайд Х.Тэмүүжин нарыг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хууль тогтоожмийг зөрчсөн талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч тэд хүлээж аваагүй байна.
Мөн Засгийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 390 сая төгрөгийн хаалтын гэрээ хийсэн талаар шалгуулахаар АТГ өгсөн боловч дутуу дулмаг хэмээн шалгасан байна хэмээн эрүү үүсгэхээс татгалзсан байна. Тиймээс уг хөдөлгөөнөөс АТГ-т дахин хандахаа илэрхийлж байсан юм. Энэ бүхнээс харахад томоохон эрх мэдэлтнүүдийг шалгадаг, хянадаг байгууллага байхгүй болсныг илтгэж байна хэмээн онцолж байлаа.