Намын санхүүжилтийг сонгуулийнхаас салгая
МУБИС-ын Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Ц.Мөнхцэцэг
2014.12.17

Намын санхүүжилтийг сонгуулийнхаас салгая

МУБИС-ын Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Ц.Мөнхцэцэгтэй сонгуулийн тогтолцоо, санхүүжилт, маргаан сэдвээр ярилцлаа.

- Монголын сонгуулийн системд ямар дутагдал доголдол байгааг та судлаач хүний хувьд хэлэхгүй юу?

Бид 1990 оноос хойш зургаан удаа сонгууль хийхэд олон удаа сонгуулийн системээ сольж ирсэн. Гэхдээ 2012 оныг хүртэл мажоратори системээр явж ирсэн. Үүнээс хойш холимог системтэй болсон. Холимог хэлбэрт шилжихдээ ОХУ, Германтай адил 50:50 биш, 48:28 гэсэн харьцааг сонгосон. Өөрөөр хэлбэл 48 гишүүн тойргоос сонгогдож, 28 нь жагсаалтаар гарч ирсэн. Тэгэхээр энэ маань мажоратори давамгайлсан холимог систем болж байна.

Сонгуулийн ямар систем байгаагаас хамаарч намын төлөвшил, сонгогчдын сонголтондоо итгэх итгэл бий болдог.

Дэлхийн улс орнуудын практикаас харахад мажоратори системтэй  улсад хоёр нам ноёрхсон тогтолцоо төлөвшдөг бол пропорционал юмуу холимог системтэй газарт хоёр ба түүнээс дээш намууд парламентын суудлыг хуваадаг. Тухайлбал Германд 2+1 гэсэн тогтолцоо байдаг бол Бельги зэрэг Европын хэд хэдэн орон олон намын тогтолцоотой.

Монголчуудын уламжлал, шилжилтийн шинж чанар, сонгуулийн түүхийг аваад үзвэл манай улсад сонгуулийн холимог систем тохиромжтой. Тэр дундаа 38:38 гэсэн хувилбар үр дүнтэй гэж судлаачид үздэг. Ингэх нь сонгогчдын хувьд тэгш боломж гарч ирдэг. Ингэвэл Монголын парламентад 4-5 намын бүрдэл бий болох боломжтой.

2012 онд тойргоос сонгогдсон болон намын жагсаалтаар гарсан гишүүдийн хооронд эрх зүйн маргаантай асуудлууд байна. Тухайлбал Улс төрийн намын тухай хуулиар парламентад суудалтай намд нэг гишүүнийг 10 сая төгрөгөөр бодож санхүүжилт олгодог. Тойргоос сонгогдсон гишүүн 10 сая төгрөгийнхөө талыг тойрогтоо зарцуулах ёстой байдаг. Гэтэл жагсаалтаар орж ирсэн гишүүдийн мөнгө хаачих вэ гэдэг нь тодорхойгүй. Хуулийн зохицуулалт байхгүй.

Түүнээс гадна тухайн гишүүн намын жагсаалтаар орж ирсэн ч намынхаа эсрэг санал өгсөн хүнийг намаас нь эргүүлж татах тухай асуудал гарч ирсэн. Гэтэл жагсаалтаар гарсан гишүүнийг нам нь татах ёстой юмуу, эсвэл УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь татахгүй байх ёстой юмуу гэдэг дээр бас зохицуулалт байхгүй. Энэ мэт эрх зүйн статус бүрхэг асуудлууд байна. 

- Холимог системтэй улс орнуудад намын жагсаалтаар гарах хүмүүсийг ямар зарчмаар шалгаруулдаг вэ? Манайд бол тойрогт нүүргүй болчихсон хүмүүс гараад ирдэг. 

Ерөнхийдөө тойрогт нэр дэвшүүлэх болон намын жагсаалтад орох хүмүүсийг тухайн намын дотоод журмаар шалгаруулдаг. Германы жишээг аваад үзвэл тойрогт нэр дэвшвэл илүү нэр хүндтэй байдаг учраас парламентад суудал горилж буй хүн тойргоос гарах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл олны дэмжлэгийг илүү авдаг. Харин намын жагсаалтаар гарах хүмүүсийг намын шат шатны байгууллагын саналаар шалгаруулдаг. Германы мужийн намын хороо тэр мужид хэн дэвшихийг шийддэг. Хэрэв Монгол дээр аваад үзвэл аймгийн намын хороо тэр аймагт хэн нэр дэвшихийг шийдэж байна гэсэн үг. Харин одоогийн байдлаар бол намын төв байгууллага шийддэг.

- Дэлхийн жишгээр улс төрийн намын санхүүжилтын асуудлыг яаж зохицуулдаг юм бол? Манайд яагаад ил тод байж чадахгүй байна вэ?

Энэ бол үнэхээр тулгамдсан асуудал. Улс төрийн хүрээн дэхь том авлигын нэг эх үүсвэр нь намын санхүүжилт байх боломжтой. Тиймээс улс орнууд энэ асуудлыг онцгойлон авч үздэг.  НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд ч байнгын судалгаа хийдэг.

Миний хувьд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн улс төрийн намын санхүүжилтын судалгааны багийн ахлагчаар ажилладаг. Судалгаанаас харахад намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтыг тусад нь зохицуулах шаардлагатай нь харагдаж байна. Зарим оронд Сонгуулийн санхүүжилтын тухай тусгай хуультай байдаг бол зарим улс зөвхөн Намын тухай хуулиараа зохицуулдаг.

Намын санхүүжилт манай улсад маш хаалттай.

Ерөнхийдөө намын санхүүжилт хэд хэдэн эх үүсвэртэй байдаг. Энэ нь дэмжигчдийн өгсөн хандив, намын өөрийнх нь олсон орлого, төрийн санхүүжилт зэрэг юм.  Европын олон оронд намын байнгын болон сонгуулийн санхүүжилтын ихэнх хувийг төрөөс өгчихдөг. Яагаад гэвэл намыг хувь хүн, пүүс компани, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлоос холдуулахын тулд төрөөс мөнгө өгдөг.  Тухайлбал сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах эфирийн цагийг үнэгүй олгодог байх жишээтэй. Түүнчлэн парламентад орсон хойно нь санхүүжүүлдэг.

Монголын хувьд нэг гишүүнийг жилд 10 сая төгрөгөөр, нэг сонгогчийн саналыг 1000 төгрөгөөр бодож төрөөс мөнгө өгдөг.  Гэхдээ намын санхүүжилт, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг хэрхэн ил тод байлгах вэ гэдэг хаалттай.  Уг нь намын хуульд зааснаар намууд санхүүжилтээ тайлагнах ёстой.  Миний мэдэхээр ИЗН нэг удаа санхүүжилтээ зарлаж байсан. 2007 онд Үндэсний аудитын газраас нэг удаа намуудын санхүүжилтыг шалгасан. Өөр ямар нэгэн хяналт шалгалт, тайлагнал байгаагүй.

- Олон сар жил үргэлжилдэг, эцсийн бүлэгт намын сонирхлын талд шийдэгддэг сонгуулийн маргааны асуудлыг яах вэ? Улс төрийн нам төрийнхөө, шүүх засаглалынхаа дээр гараад суучихсан байдал харагдаад байна.

Энэ бол яг үнэн. Маш их цаг алддаг. Сонгогчдын өгсөн санал үнэгүйдэж удаан хугацаанд хууль тогтоох байгууллагад төлөөлөлгүй хоцордог. Тиймээс сонгуулийн маргааныг шүүхийн процедураар аль болох хурдан, үнэн зөв шийддэг болох хэрэгтэй. Ерөнхийдөө манай шүүхийн үйл ажиллагааны онцлогоос хамаараад аливаа маргаан удаан шийдэгддэг.

- Дэлхийн жишигт орон нутгийн сонгуулийг ямар зарчмаар явуулдаг вэ?

“Орон нутгийн” гэдэг нэрнээсээ авахуулаад л нутгийн өөрөө удирдах байгууллага буюу тухайн сум, аймгийн иргэдийн төлөөллийг хангасан байгууллага байх ёстой. Гэтэл өнөөдөр орон нутгийн удирдлага маань иргэдийг төлөөлсөн эрх ашгийн гэхээсээ илүү намын эрх ашгийн төлөөх тэмцлийн талбар болж хувирсан.

Судалгаанаас харахад орон нутгийн сонгуулийг намын бус шугамаар хийдэг практик байна. Жишээ болгож Канадыг ярьж болно. Тус улсын орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй бөгөөд иргэн бие дааж нэрээ дэвшүүлэх боломжтой. Ингэхдээ шалгуур нь хөнгөн, босго зөөлөн. Тухайн орон нутгийн харъяа байх, хүн ам нь 20 мянгаас доош бол дэмжигч тавхан хүний гарын үсэгтэй байх гэх мэт. Түүнээс гадна нэрээ дэвшүүлсэн иргэнд кампанит ажлаа явуулахад нь төрөөс тусалдаг. Солонгосын нэгэн орон нутгийн сонгуульд монгол эмэгтэй нэр дэвшээд ялсан тохиолдол ч байдаг. Хэрвээ ажлаа муу хийсэн, эрх мэдлээ хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд иргэдийн саналаар эргүүлэн татдаг. АНУ-ын Калифорни мужид амбан захирагчийг  ийм зарчмаар эргүүлэн татаж болдог. 2008 онд хуучин амбан захирагчийг эргүүлэн татаж оронд нь жүжигчин Шварцнеггер сонгогдож байсан.

Манай улсын хувьд орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо маш доогуур, намын тоглолт их, иргэд орон нутгийн сонгуульд нөлөөлөх механизм нь тааруу байна. Иргэд ч өөрсдөө орон нутгийн сонгуулийг үл ойшоодог, өөрсдөө шийдэж болох асуудлаа Их хурлын гишүүнээсээ шаарддаг.

Тиймээс орон нутгийн удирдлагыг дэлхийн жишгээр төлөвшүүлэхийн тулд иргэдийн оролцоо, хууль эрх зүйн дэмжлэгийн аль аль нь хэрэгтэй.

- Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулсан. Энэ юу болж байна вэ?

2005 оны улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг С.Баярцогт гишүүн ахалж байгаа. Уг төслөөр улс төрийн намын санхүүжилт, орон нутаг дахь намын талцал, төрийн албаны ажлыг намын сонирхлоор шийддэг байдлыг шийдэх зорилготой. Хэрэв энэ хуулийг зохицуулалт сайтай батлаад өгчихвөл олон асуудал шийдэгдэнэ.  Намууд зөвхөн гишүүдийн тооны араас хөөцөлддөг байдал ч цэгцэрнэ.

- Намын төлөвшлийн талаарх дэлхийн чиг хандлага хаашаа явж байна вэ?

Намын гишүүннчлэлийн явц буурах хандлагатай байна. Монголтой адил социализмтай байсан улсуудад ч ийм байдал ажиглагдаж байна. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Үүнийг заавал хуулиар зохицуулах шаардлагагүй. Аажмаар намын төлөвшлийн үйл явцад засарна.

Намын гишүүннчлэлийн явц буурах хандлагатай байна. Монголтой адил социализмтай байсан улсуудад ч ийм байдал ажиглагдаж байна. Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Үүнийг заавал хуулиар зохицуулах шаардлагагүй. Аажмаар намын төлөвшлийн үйл явцад засарна.