Р.Бурмаа: Их хуралд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг бууруулж болохгүй гэсэн захиасыг хүндэтгэн үзсэн
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас өчигдөр сэтгүүлчид дараахь асуултад хариулт авлаа.
-Та салбартаа хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх гэж байна вэ?
-Ойрын үед 2014,2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор яригдаж байгаа асуудал бол ноосны урамшуулал, газар тариаланчдад улаан буудайн үнэ тогтворжуулах чиглэлээр очих ёстой мөнгө тус бүр 10 гаруй тэрбум төгрөгөөр дутжээ. Мөн түүхий эд буюу арьс шир өгч байгаа хүмүүст урамшуулал олгох гэж байна. Гэтэл эдгээр мөнгө төсвөөс хасагдчихсан.
Энэ жилийн төлөвлөж байснаас 50 хувь буурчихсан. Үүн дээр бид эдийн засгийн байдал хүнд байгаа өнөө үед өөр ямар арга хэлбэрээр дэмжиж болох гарцыг хайна. Газар тариаланг эрчимжүүлэхийн тулд технологийн хувьд үйл ажиллагаа явуулахад нь дэмжээд, техник хэрэгсэл авахад нь баталгаа гаргаж өгч болж байна. Мөн зээл авахад нь туслах, гаалийн татвараас хөнгөлөх байдлаар дэмжиж болно. Түүнчлэн техник хэрэгслийг хөнгөлөлттэй дээ.
Мөнгө тараахаас өөр ямар хэлбэрүүд байгааг судалж, ойрын үед анхаарч байна. Нэгэнт эдийн засгийн маань хүнд байгаа болохоор одоогийн хүрсэн түвшиндээ буурахгүй байхын тулд малчид тариаланчдаа олгож байгаа үнэ тогтворжуулах чиглэлээр өгч байгаа мөнгийг төсөвт суулгуулахын төлөө явж байна. Энэ хасчихсан байгаа мөнгөн дүнг буцааж олгуулахаар явж байна. Бусад ямар хэлбэрээр дэмжиж болох вэ гэдгийг судалж, танилцаж байна.
-Салбарын сайд нар өөрчлөгдөхөд дэд сайд, Төрийн нарийн бичгээс өгсүүлээд газар хэлтсийн дарга нар бүгд өөрчлөгддөг. Танай яамны тухайд?
-Манай яам хоёр салж байгаа. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтөд орохоос өөр аргагүй. Яамдын бүтэц батлагдаагүй болохоор урьдчилж энэ болгоныг хэлэх боломжгүй.
-Таны хувьд хариуцсан яамныхаа бүтцийн өөрчлөлтийг яаж хийх вэ. Дэд сайдууд нь хэвээр байх уу?
Дэд сайдууд яахыг мэдэхгүй байна. Ажлын хэсэг хуралдаж байгаа. Дэд сайд солбисон эсвэл дагнасан байхын алинаар нь шийдэж байгааг сайн мэдэхгүй байна.
-Та бол давхар дээлтэй байхыг дэмждэггүй гишүүдийн нэг. Хамгийн их эсэргүүцэж байсан хүн сайд болсонд нэлээд шүүмжлэл дагуулж байна л даа?
-Дан давхар дээл буюу УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг давхар хашиж байгааг тодорхой хэмжээнд хязгаарлах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Засгийн газрын 50 хувийг гаднаас бүрдүүлсэн байх ёстой хуулийн төсөл хамгийн сүүлийн мөчид харамсалтай нь унасан. Хэрвээ тэр хууль дэмжигдсэн бол долдугаар сарын 1-нээс хэрэгжээд явах байсан. Гэхдээ энэ асуудал тууштай ярьж, олон түмэнд хүрсний ачаар хуульгүй байсан ч хэрэгжиж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа 50 хувийг гаднаас бүрдүүлсэн. Тэгэхээр давхар дээлний тухай асуудал хий дэмий яригдаагүй байх нь. Амьдралд хэрэгжиж байна.
-Таныг гишүүнээсээ татгалзана гэсэн мэдээлэл байсан л даа. Энэ тухайд ?
-Хуулийн төсөл маань өргөн баригдаад ороод ирвэл би хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлнэ. Энэ асуудлаар манай эмэгтэй гишүүд Д.Оюунхорол бид хоёрыг дэмжсэн. Өмнө нь гурван эмэгтэй сайдтай байж байгаад тооны хувьд буурлаа. Гэхдээ хоёр ч гэсэн эмэгтэй сайдтай байх ёстой гэдэгт санал нэгдэж дэмжсэн.
“Одоо жил хагасын богино хугацаанд Их хуралтайгаа холбогдуулан энэ ажлыг хийх ёстой. Их хурлын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг бууруулж болохгүй, тэгэхээр та хоёрын хувьд гишүүнээс татгалзах гэдэг асуудпыг дур мэдэн ганцаараа шийдэж болохгүй шүү” гэдэг захиас хэлээд байгаа юм л даа. Тиймээс үүнийг хүндэтгэн үзсэн.
Би Өргөдлийн байнгын хорооны даргаас гадна гурван байнгын хороонд гишүүнчлэлтэй. Мөн Монгол Германы бүлгийн дарга, Авлигын эсрэг бүлгийн даргын ажлуудаа өгч байгаа. Зөвхөн өөрийн салбарын буюу гишүүний ажил дээр анхаарлаа хандуулж ажиллана.