Ж.Батсуурь: Эдийн засгийг сангийн яам дангаараа хариуцна гэж ойлгож болохгүй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.12.09

Ж.Батсуурь: Эдийн засгийг сангийн яам дангаараа хариуцна гэж ойлгож болохгүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цөөн хором ярилцлаа. 

-Танай нам зургаан сайдын суудал авлаа. “Давхар дээл”- ийг эсэргүүцэж байсан ч хоёр гишүүнийг сайд болгочихлоо шүү дээ?

Манай нам эдгээр хүнийг гаргаж ирэх гэж намынхаа дээд байгууллагаар хэлэлцэж гаргаж ирсэн. Үндсэн чиг үүргийн яамныхаа сайдыг дотроос, бусад чиг үүргийн яаманд “Давхар дээл”-гүй хүн байлгая гэдэгт санал нэгдсэн. Хамгийн гол нь мэргэжлийн хүн байх талаас нь анхаарсан гэж ойлгож болно. 

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед гол яамыг танай намд өгчихлөө. Тэгэхээр цаашид гол ачааг үүрнэ гэж ойлгох уу?

Сангийн яам эдийн засгийг голчилж хариуцахгүй шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан учраас чиг үүргийг нь Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд шилжүүлсэн. Мөн эдийн засгийн асуудлыг Ерөнхий сайд өөрөө хариуцахаар орж ирсэн ч энэ санал дэмжигдээгүй учраас Гадаад хэргийн яам энэ чиг үүргийг хариуцаж таарах байх.

Ер нь Аж үйлдвэрийн яам гэж тусдаа бий. Мөн яамгүй сайд томоохон төсөл хөтөлбөрийг хариуцах учраас эдийн засгийг Сангийн яам дангаараа хариуцна гэж ойлгож болохгүй. Сангийн яам бол төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй яам шүү дээ. 

-Эцэслэн баталсан бүтцийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ? 

Шинэ Ерөнхий сайд ажлаа аваад цөөнгүй мэргэжлийн яамтай байя гэж үзсэн юм билээ. Олон нам хамтарсан, “Шийдлийн” Засгийн газар байх учраас өмнө нь нэгтгэсэн Уул уурхай, Эрчим хүч гэх мэт томоохон салбарыг тусдаа байх нь зүйтэй гэж үзсэн гэж ойлгосон. Мөн мэргэжлийн удирдлагатай байх ёстой гэж үзсэн болов уу. Гадаад талдаа ч гэсэн эдийн засагт ихээхэн үр нөлөөтэй салбарууд учраас салгах нь зүйтэй гэж харсан байх. 

-Шинээр бүрдэж байгаа Засгийн газар эдийн засагт гол анхаарлаа хандуулна гэдгийг тэргүүн нь хэлсэн. Энэ зорилгоо хэр биелүүлнэ гэж та харж байна вэ?

Ажил үүргээ зөв, оновчтой хуваарилаад, томилогдсон хүн бүр сэтгэл гаргаад ажиллавал болохгүй зүйлгүй гэж харж байгаа. Чухамдаа сайдын суудалд очсон хүмүүс хэр зөв алхам хийхээс шалтгаална. Аливаа зүйлд мэргэжлийн байхаас гадна сайн менежер байх нь чухал байдаг. Үүн дээр сэтгэл зүтгэл их чухал нөлөө үзүүлнэ дээ. 

-Ерөнхий сайд бүтэцтэй хамт зарим агентлагийг татан буулгах санал оруулж ирсэн нь багагүй шүүмжлэл дагуулсан. Тахар, Цөмийн энергийн болон Хилийн боомтын газрыг татан буулгах нь хэр зөв алхам бэ? 

Шүүмжлээд байгаа хүмүүстэй би санал нэг байгаа. Тухайлбал, бид Тахарын албыг байгуулах гэж өчнөөн хугацаагаар хэлэлцсэн. Гэтэл батлагдсан хуулийнх нь мөр хатаагүй байхад татан буулгах нь буруу гэж харж байгаа. Ялангуяа Цөмийн энергийн газар. Цөмийн эрчим хүчийг дэлхий нийтээрээ ашиглаж байгаа үед татан буулгана гэж байгаа нь буруу алхам.

Цөмийн технологи дээр суурилсан хөгжил давамгайлж байгаа үед Цөмийн эрчим хүчний яам байгуулсан ч буруудах зүйлгүй. Хилийн боомтын тухайд салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүсээр ажил хариуцуулсантай холбоотой байх. Мөн хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын уялдаа холбоог хангаж чадахгүй гэх мэт хүчин зүйлээс болоод татан буулгах асуудал ярьсан байх гэж харж байгаа.