Ж.Энхбаяр: "М-31" хөгжлийн хөтөлбөрт "цогцлооно, бүтээнэ" гэсэн хоосон уриа, дуудлага огт байхгүй
Монгол Ардын Намаас Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжлийн хөтөлбөр боловсруулж байгаа билээ. Манай улс хуучин социалист нийгмийн үед таван жилийн төлөвлөгөө гэж гаргаж байснаас өөр төлөвлөх туршлага байхгүй гэхэд хилсдэхгүй юм. Хамгийн сүүлд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг 2007 онд гаргасан. Гэвч тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн байдал одоогийнхоос хэд дахин доогуур үзүүлэлттэй, дэлхийн чиг хандлага ч өөр байсан учраас орчин цагаас ерөнхийдөө хоцрогдсон гэхэд болно. Харин Монгол Улсыг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр нь Үндэсний хөгжлийн цогц бодлогын алдаа дутагдлыг арилгасан, хамрах хүрээгээрээ илүү өргөн, шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтад түшиглэсэн байна. Ирээдүйн 20 жилийн хөгжлийн боломж, бололцоог ч бодитоор тусгасан гэнэ. Энэхүү хөтөлбөрт зорилгодоо хүрэх гол арга зам болох хөгжлийн загвар боловсруулсан нь урд өмнө яригдаж байгаагүй шинэлэг зүйл юм. Энэхүү "М-31" хөгжлийн загварын талаар хөгжлийн хөтөлбөр боловсруулсан ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцсан юм.
-Хөгжлийн загварболовсруулах шаардлагаболон улсынхаа өнөөгийнбайдлыг хэрхэн дүгнэв?
-Манай улс хөгжлийн загвар боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан. Өнөөгийн дөрвөн жилийн мөчлөгтэй улстөрийн амьдрал, намуудын мөрийн хөтөлбөрөөр улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, ард иргэдийн амьдралыг амжилттай хөтлөн авч явна гэдэг бэрхшээлтэй болсон. Үүгээр улс орны алсын хараа, бодлого бололцоог тодорхойлох боломж маш муу байгаа юм. Ард иргэд, залууст улс орны хөгжил дэвшлийн талаар, сайн сайхан ирээдүй угтаж байгаа гэдгийг харуулах, улс орныхоо эдийн засаг, нийгмийн боломж, бололцоо ололт амжилтыг бодитоор таниулах хэрэгтэй байна. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжиж, ардчилсан улс болоод 20 жилийг өнгөрөөлөө. Одоо бид цаашдаа яах вэ гэсэн асуудал байсаар байна. Сүүлийн үед дэлхийн нийтийн чиг хандлага өөрчлөгдөж, бүгдийг зах зээлийн хууль өөрөө зохицуулна гэдэг байсан үе хэдийнэ ард хоцорсон. Дэлхий дахинд маш сайн төлөвлөлт, бодлого бүхий хөгжлийн загваруудыг шүтэх болсон байна. АНУ, Европын холбооноос харахад л бүхнийг зах зээл зохицуулна гэсэн бодлого мухардалд орж байгаа нь тодорхой юм. Энэхүү бодлогын сул тал нь нийгмийн баялаг цөөнхөд хуримтлагддаг, баян ядуугийн ялгаа нэмэгддэг шударга бус тогтолцоог дэвэргэдэг. Тиймээс манай улс өөрийн гэсэн онцлогтой, давуу талтай Монголын хөгжлийн загварыг гаргаж авах ёстой.
-Хөгжлийн загварболовсруулахын давуутал юу вэ?
-Олон улсын туршлагаас үзвэл улс орныхоо хөгжлийг 20, 30 жилээр урьдчилан төлөвлөх нь зүйтэй юм байна. Төлөвлөгөөний дагуу хөгжин дэвшиж. амжилтад хүрсэн Швейцарь гээд олон улс бий. Сүүлийн үеийн, бидэнд ойр жишээ гэвэл Казахстан байна. Эдгээр улсууд одоо ч алс хэтийг харж, 20-30 жилээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, хөгжлийн загвар боловсруулсаар байна. Эдгээр улсууд асар богино хугацаанд хөгжил дэвшлээр тасарч байгаа нь хөгжлийн загвар, төлөвлөгөө боловсруулах нь үр дүнтэй гэдгийг гэрчлэх юм.
-"М-31" хөгжлийн загварын онцлог юу вэ?
-Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн загварыг анх удаа боловсруулсан нь энэ. Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын 8000 гаруй мэдээлэл, шинжилгээ судалгааг нэгтгэн, Монголд тохирсон "М-31" хөгжлийн загварыг боловсруулсан. Нэлээд ажил хийгдэж, олон ч жилийг зарцуулсан. Цухас дурдахад, энэхүү боловсруулсан хөгжлийн загвар мааньболовсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэхэд бусад салбарууд, хүний хөгжилд хэрхэн нөлөөлөх, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг бууруулахад улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх зэргийг судлан тогтоодог юм. Өөрөөр хэлбэл, 31 үндсэн салбарын 8000 гаруй мэдээллээр хоорондын уялдаа холбоог нэгтгэн алс хэтийн төлөв, бодлогыг тодорхойлдог хөгжлийн загвар юм.
-Хөгжлийн загварыг юунд үндэслэн, хэрхэн боловсруулсан бэ?
-Энэ нь дэлхийн олон хөгжилтэй орнуудын хөгжлийн загваруудыг судлан, өөрийн улсад тохируулан нутагшуулж, голлох салбаруудын хөгжлийг урдьчилан харах боломж бүхий монгол загварыг гаргаж авсан гэсэн үг. Түүнчлэн гол онцлог нь хүн ам цөөн, газар нутаг том учраас дэд бүтцийн болон иргэддээ хүргэх нийгмийн үйлчилгээний өртөг зардал өндөр байдаг. Хотжилт, хүн амын төвлөрөл, утаа, агаарын бохирдол, баялагийн хуваарилалт, нийгмийн үйлчилгээний хүртээмжтэй байдал зэрэг онцлог асуудлуудыг ийм хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлж байж л шийднэ гэж үзсэн. Ерөнхийдөө Катар, Норвеги зэрэг орнуудтай нөхцөл байдал, асуудлууд маань төстэй. Тиймдээ ч эдгээр орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөгөөг маш сайн судалсан.
-Үндэсний хөгжлийн цогц бодлогоос ялгаатай болон давуу тал нь юунд орших вэ?
-Үндэсний хөгжлийн цогц бодлогыг манай улсын эдийн засаг, нийгэм гээд бүхий л салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид хамтран боловсруулсан. Тэр үеийн нөхцөл байдал одоогийнхоос өөр байсан. Хөтөлбөрт тавигдсан ихэнх зорилтууд хугацаанаасаа өмнө биелчихсэн тал ч бий. Мөн салбарын хөгжлийг дахин шинэчлэх, үндсэндээ уг хөтөлбөрийг шинэчлэх шаардлага тулгараад байна. Үндэсний хөгжлийн цогц бодлого нь 2021 оны хүртэл төлөвлөсөн хөтөлбөр байсныг ойрын 20 жил буюу 2031 он хүртэл дахин боловсруулан сайжруулж, "М-31" хөгжлийн загварыг гаргасан.
-Хүрэх үр дүн ямар байх вэ?
-Эхний үе шат буюу 2016 оны гэхэд Чили, Турк орны хэмжээнд хүрч нэг хүнд ногдох ДНБ 12 мянган ам.долларт хүрнэ. 2020 оны гэхэд Өмнөд Солонгосын төвшинд очих боломж байна. 2031 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрч, Катар, Швейцарь зэрэг орнуудтай хөгжлөөрөө эн зэрэгцэх боломжтой гэж тооцсон. Гэхдээ бидний боловсруулсан хөтөлбөрт сайн сайхан бүхнийг амлаж, "цогцлооно, бүтээнэ, хөгжүүлнэ" гэсэн хоосон яриа, дуудлага байхгүй. Зөвхөн бодит боломж ямар байгааг загварчилснаараа давуу. Бидэнд улстөр, эдийн засаг, нийгэм гээд салбарын шийдэх ёстой гол дөрвөн асуудал байна. Эдгээр дөрвөн багц сорилтуудыг давж байж бидний судлан тогтоосон боломжид хүрэх юм. Боломж, бололцоонд хүрэхийн тулд саад бэрхшээлийг шийдвэрлэх ёстой.
-Хөгжлийн загварын гол зорилт юунд орших вэ?
-"М-31" хөгжлийн загварт боломж, бололцоо, шийдвэл зохих асуудал, шийдвэрлэх арга зам аль аль нь тодорхой байгаагаараа асар их давуу талтай гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд энэхүү хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн загварын туйлын зорилго нь монгол хүний хөгжил юм. Энэ нь яв цав манай намын амын үзэл баримтлалтай нийцэж байгаа. Монгол хүн эрүүл, өрсөлдөх чадвартай, боловсролтой байх нь бидний зорилт.