Засгийн газрын худалдан авах ажиллагаа цахим  боллоо
2011.12.23

Засгийн газрын худалдан авах ажиллагаа цахим боллоо

Монгол Улсын Сангийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгуулагатай хамтран амжилттай хэрэгжүүлж дуусч төслийн хүрээнд хийгдсэн цахим худалдан авах ажиллагааны системийн нээлтийг өнөөдөр Сангийн яаман дээр боллоо.

Нээлтэд Сангийн сайд С.Баярцогт, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чон Ил, БНСУ-ын ОУХАБ-ын  Суурин төлөөлөгч Ли Дун Гү, Самсунг SDS төслийн удирдагч Ким Мин Гү болон Сангийн яамны удирдлагууд оролцлоо.

Худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг нэвтрүүлснээр тендерт оролцогч тендерийн баримт бичиг худалдан авах, тендерийн баримт бичиг өгөх, тендерийн нээлтийн ажилд оролцох гэж захиалагч байгууллагад өөрийн биеэр очих баримт бичгийг татан авах, тендерийн баримт бичгийг илгээх, тендерийн нээлтийг үзэх зэрэг нь шаардлагагүй болохын зэрэгцээ цахим сүлжээ ашиглан үнэ төлбөргүйгээр тендерийн цахим хэлбэрээр үзэж харах боломж бүрдэж байна.

Нөгөөтэйгүүр олон янзын бичиг цаас бэлтгэх, төрийн олон байгууллагаас төрөл бүрийн тодорхойлолт авах, цуглуулах шаардлагагүй боллоо. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хүссэн тендерийн нээлтийг цахим сүлжээгээр үзэж, тендерт хэдэн компани оролцож ямархуу үнийн санал ирүүлснийг мэдэж болно.

 Худалдан авах ажиллагааны нэгдсэн систем нь цахим дэлгүүр, цахим тендер шалгаруулалт гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд цахим дэлгүүр өөрөө төсвийн байгууллагын өдөр тутмын бараа, бүтээгдэхүүний хэрэглээг хянах, түүний худалдан авах ажиллагааг хялбаруушуулахад туслах төдийгүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгч нарт том зах зээлийн үүд хаалгыг нээж байна. Урьд өмнө тендер шалгаруулалтад оролцож өөрийн борлуулах бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагад нийлүүлж чаддаггүй байсан аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нар эдүгээ цахим дэлгүүртэй харилцаж эхэлснээр энэхүү бэрхшээлээс ангижирч чадна.

Түүнчлэн худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан, Монголбанкны валютын ханшны мэдээллийн сан, арилжааны банкны төлбөрийн картын сүлжээ, тендерийн баталгааны мэдээллийн сантай холбож өгснөөр тендер шалгаруулалтын үнэлгээг хялбаршуулж, түүний үнэн бодит байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх болно.

 Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны систем ийнхүү ашиглалтад орсноор тендертэй холбоотой асуудлууд олон нийтийн өмнө ил болж, ямарваа нэгэн маргаан гарахгүй байх, олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах, мөн тендерт оролцогчийн зүгээс худалдан авах ажиллагаанд оролцох зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, түүнчлэн улсын хэмжээнд мөрдөгдөх бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн стандарт бий болох зэрэг ач холбогдолтой  гэдгийг Сангийн сайд С.Баярцогт онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.