Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг өгөх нь авилга хээл хахуулийн эх үүсвэр болно
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.11.28

Г.Баярсайхан: Телевизүүдэд таван тэрбум төгрөг өгөх нь авилга хээл хахуулийн эх үүсвэр болно

УИХ –ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар байнгын хороонд анхын хэлэлцүүлэгт бэлдэх үүрэг өгсөн.

Хууль санаачлагчийн хэлж буйгаар телевизүүдийн нэг нэвтрүүлгийнх нь нийт эфирийн цагийн 50-70 хувьд нь Монгол ёс уламлжлал, түүх соёлыг харуулсан контентүүдийг байршуулахаар зааж өгчээ. Харин хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс эсэргүүцсэн саналыг нэлээд хэлж байсан юм. Тэдгээрээс уг хуулийн төслийг ихээхэн шүүмжилж байсан хүн бол АН –ын гишүүн Г.Баярсайхан билээ. Ингээд чуулганы хуралдаан түр завсарлах үеэр Г.Баярсайхан гишүүнээс Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарим зүйлүүд дээр тодруулга авлаа.

-Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн /өчигдөр/ чуулганы хурлаар хэлэлцээд байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг өгсөн. Чуулган дээр та эсрэг саналтай байгаагаа нэлээд хатуу илэрхийлж харагдсан?

-Энэ хуулийн гол санаа нь бол эх оронч үзлийг залуу үед төлөвшүүлэх Монгол ахуй, соёлыг сурталчилах юм. Мөн энэ соёлын хуулийн дагуу телевизүүдийн үйл ажиллагаанд буюу эфирийнх нь цагт Монгол Улсын төрөөс тогтоосон журмын дагуу үндэсний уламжлалт нэвтрүүлэг, уран сайхны кино гаргах шаардлага тавьж байгаа юм байна.

Би танайхаар дамжуулан нэг зүйл дээр тодорхой байр суурь илэрхийлмээр байна. Тэр нь юу вэ гэвэл хүүхэд залуучууд, манай нийгэм Монголын улстөрчдөөс үнэхээр их үлгэр  жишээ авдаг. Монгол ёс заншил тэр дундаа шударга ёсоо дээдэлдэг тэрхүү үзэл санааг хүүхэд, залуучуудад өвлүүлье гэж байгаа юм бол хамгийн эхний ээлжинд улстөрчид нь ёс зүйтэй, авилга авдаггүй, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, “Оюутолгой”-н гэрээг ард түмнийхээ төлөө ашигтай хийж чаддаг байх хэрэгтэй. 

Нэн түрүүнд УИХ-ын танхимаасаа асуудлыг шийдэх нь зөв. Би хувьдаа хуулийн төслийн санааг ерөнхийдөө дэмжихгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Монголд зах зээлийнхээ зарчмаар явж буй ганцхан эрүүл үлдсэн салбар бол телевизүүдийн салбар юм. Энд маш ширүүн, шударга бас эрүүл өрсөлдөөн явагддаг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хүчээр, хөрөнгөөр босгосон энэ  салбарт төр хяналтаа тогтоох шаардлага байхгүй.

-Шинээр яригдаж буй хуулиар телевизүүдэд эфирийнхээ 50-70 хувийг нь үндэсний онцлогыг харуулсан контент цахах шаардлага тавина. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Телевизүүдийн холбоо гэж тусдаа бий. Тэд ямар нэвтрүүлэг цацах эсэхээ өөрсдөө л шийддэг. Дандаа гадаад нэвтрүүлэг цацаад байвал үзэгчид нь хүссэн хүсээгүй буурна. Тиймээс тухайн телевизийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, редакцийн бодлого гэж бий. Төрөлжсөн телевизүүд ч гэсэн үйл ажиллагаагаа зөв л явуулж байна. Телевизүүдийн эфирээр Монгол ёс, уламжлалыг сурталчилсан зүйлс тодорхой хэмжээнд гарч л байна. Үүнийг төр хүчээр зохицуулах нь утгагүй.

-Хэрэв гадаад киног хязгаарлаад эхлэх юм бол тэнцвэр алдагдаж орчин үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй болох юм биш биз дээ?

-Дэлхийн хөгжил гэдэг чинь цаг минутаар өөрчлөгдөж байгаа зүйл. Бид энэ хурдацтай алхаатай хөл нийлүүлэн явах нь хамгийн чухал. Дэлхий дээр  сонгодог гэдэг утгатай олон ойлголтууд үүсэн бий болжээ. Жишээлбэл Бетховин, Моцарт, Чайковски гээд алдартнуудын гайхалтай бүтээлүүд гэж бий.

Мөн дээрээс нь сонгодог уран зохиол, сонгодог кино, сонгодог дуурь гэх мэт олон зүйл байдаг юм. Харин эдгээр зүйлүүдийг хүүхэд залууст тодорхой хэмжээгээр үзүүлье, хүргэе гээд чуулган дээр ороод ирсэн бол шал өөрөөр хандана. Би хувьдаа дэмжинэ.

Өнөөдөр бүх зүйлийг хараар будаад баймааргүй санагдах юм. Гадны соёл гэхээр л бидний тархийг угаадаг юм шиг хүлээж авах нь өрөөсгөл ойлголт. Би үүнийг бол хэт туйлшрууллаа гэж дүгнэж байгаа. Тэндээс сурах, бишрэх зүйл маш олон. Бид чинь эх болсон яруу сайхан Монгол хэлээрээ ярьдаг ард түмэн. Аливаа юмны наад цаадахыг ойлгож чадах л улс.

-Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор чанаргүй Солонгос гэх мэт орны олон  ангит киног их хэмжээгээр гаргаж байна. Үүнийг хязгаарлаж олон нийтэд түүх соёл, өв уламжлалаа хадгалсан нэвтрүүлэг болон кино үзүүлэх хэрэгтэй гэж тайлбарлаж байгаа?

-Тэр чанартай кинонуудыг хүссэн хүсээгүй үзүүлдэг болно. Өнөөдөр нийгэм Солонгосын олон ангит кинонуудыг яагаад үзээд байна вэ гэвэл үзэх зах зээл, хүмүүсийн ахуй амжиргаа нь тийм хэмжээнд байгаа учраас л үзээд байгаа юм. Цаашдаа чанартай бүтээлүүд, сайн телевизүүд төрөн гарч ирээд байвал тэд бүгд дэлхийн хэмжээний кино, нийтлэл нэвтрүүлгийг үзүүлнэ. Үүнийг нь ч ард түмэн үзнэ.

-Телевизийн эфирт ямар нэгэн байдлаар халдах гээд байх шиг. АН-ынхан хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хамгийн их ярьдаг нам шүү дээ?

-Хүн юугаа үзэх нь тухайн иргэний эрх. Түүнээс биш үзэх зүйлийг нь хуульчилж болохгүй. Дахин хэлье бүх зүйлийг хараар будах гэж яарах хэрэггүй. Телевизийн зах зээл өөрийнхөө жамаар өнөөдрийг хүртэл хөгжөөд ирсэн. Цаашдаа ч төрийн оролцоотой, оролцоогүй болно. Тиймээс энэ хуулийг би хувьдаа биелэгдэхгүй хууль гэж дүгнэсэн.

АН бол барууны либериал талын үнэт зүйлийг баримтладаг. Хувийн өмч, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг чухалчилдаг нам. Хэрэв хууль батлагдвал бид бүхэн өнөөдрийг хүртэл явж ирсэн үзэл бодлоосоо нэг алхам ухарлаа гэсэн үг. Нэг ёсондоо монголчууд юу үзэхийг төрөөс заадаг болчихлоо. Өнөөдөр бид чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байна. Тэгэхээр ардчилсан нийгмийн орчин нөхцөл байхад 140 гаруй телевизүүд ажиллаж байна.

Үүнээс  орон даяар 50 гаруй нь цацагддаг. Эдгээр дотор шударга өрсөлдөөн буцалдаг юм. Чанар муутай нэвтрүүлэг хийдэг нь бий. Дандаа “саван”-гийн дуурь гаргадаг нь ч бий. Гэхдээ өрсөлдөөн нэгэнт явагдаж байгаа учраас чанартайнууд нь шалгараад л үлдэнэ. Заавал төрөөс зохицуулалт хийх шаардлага байхгүй. Мэргэжлийн байгууллагууд болон телевизийн холбоод нь асуудлаа дотроо шийдчих чадвартай шүү дээ. Тэдгээр нь бусад телевизүүддээ ёс, зүй болоод бусад шалгууруудаа тавиад явсан нь дээр болов уу.

-Таван тэрбум төгрөгийг Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах юм бол төсвөөс гаргаж өгөх болно. Телевизүүдэд энэ их хэмжээний мөнгө зарцуулах гэж байгааг та юу гэж дүгнэж байна вэ?

-Таван тэрбум төгрөгийг телевизүүдэд тараагаад өгөх нь мэдээж буруу. Энэ чинь нөгөө авилгал хээл хахуулийн эх үүсвэр болно. Тэр мөнгөний төлөө телевизүүд ил далдаар өрсөлдөнө. Ямар нэгэн лоббинд цаад мөнгө тарааж буй хүмүүс нь орно.

Дахиад булхиатай тендер явагдана. Ялангуяа төрийн оролцоо үүнд огт хэрэггүй. Таван тэрбум төгрөг бол маш их мөнгө. Үүгээр хоёр эмнэлэг барьж болно. Ядаж нэгдүгээр эмнэлэгт нэн хэрэгтэй байгаа диаллизын аппаратуудыг худалдаад авчихаасай. Эх нялхасын төв зэрэг хүүхдийн эмнэлэгт шаардлагатай байгаа амьсгалын аппаратуудыг оруулж ирэх нь зүйтэй. Энэ мэтчилэн яаралтай хэрэгтэй байгаа зүйлдээ таван тэрбумыг зарцуулах нь оновчтой.

-Таны бодлоор соёл урлагаар дамжуулан үндэсний соёл уламжлалаа түгээхийн тулд үүнээс өөрөөр яах ёстой юм бол, Ямар гарц танд харагдаж байна вэ?

-Гарц бол байгаа шүү дээ. Нэгдүгээрт Монголын чөлөөт телевизүүдийг чөлөөт хэвээр нь байлгах ёстой. Одоо хамгийн шилдэг гэж нэрлэгдэж буй телевизүүдийг бүгд л хүүхдийн нэвтрүүлэг цацаж байна. Соёл ёс заншил, түүх соёлоо харуулсан нэвтрүүлгүүд ч гэсэн олон байна.

Тиймээс энэ чөлөөт өрсөлдөөнөөр битгий оролд гэж хэлмээр байна. Мөн ССАЖ яам маань хэний ч тусламж дэмжлэггүйгээр өөрсдийгөө болгоод явж буй салбарт хяналт тогтоох гэж оролдох биш дэлхийд алдартай CNN, BBC гэх мэтийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр Монголоо сурталчилах нэвтрүүлэг, бүр ядаж хэдхэн минутын түүх соёлоо харуулсан реклам гаргах боломж бололцоог бүрдүүлэх хэрэгтэй.

-Та чуулганы хурал дээр ССАЖ-ын яам ажлаа хийж чадахгүй байна. Ийм хууль оруулж ирж байгаад үнэхээр гайхаж байна гэж байсан?

-Би их олон удаа хэлж байгаа зах зээлийнхээ жамаараа хөгжиж буй салбараар битгий оролдоо гэж. Үүнээс өөр хийх ажил тэдэнд байгаа. Жишээлбэл визгүй болсон өдрөөс хойш манай руу чиглэсэн Буриад жуулчдыг татах ямар арга байгааг судалж үз.

Аялал жуулчлалын шинэ салбар, шинэ стандартуудыг тогтоох ажил ямар төвшинд явагдаж байна. Тэр стандартаа тогтоосон уу, үгүй юу гээд хийх ажил тэдэнд олон байна. ССАЖ-ын яамныхан Монголын соёл урлагийг дэлхийд цуурайтуулж яваа, дэлхийн томоохон фестиваль, уралдаан, наадамд түрүүлээд гранпри шагналуудыг эх орондоо авч ирсэн уран бүтээлч залуусаа урамшуулах тогтолцоог нэн түрүүнд шийд, үүнд анхаарлаа хандуул.

Та бүхэн мэдэж байгаа байх. Ерөнхийлөгч саяхан дэлхийн болон олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдын нийгмийн асуудлыг шийдэж өглөө. Яагаад урлагийн нөхдөө ингээд урамшуулж болохгүй гэж. Амьдрал ахуйг нь сайжруулах асуудлыг хариуцсан яам нь л хийх ёстой шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн үйл ажиллагаа руу орох болжээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай хандаж байна?

-Төр бизнес хийхээ одоо болимоор байгаа юм. Хамгийн сүүлд барилгын салбарт гар дүрлээ. Монголын төр ямар зүйлд оролцохоо нэгэнт тодорхойлох цаг болж. Ашигтай ажиллаж чаддаггүй төрийн өмчит компаниудыг хувьчилаад өгвөл салбар нь хамаагүй илүү хөгжих болно.

-“Бага хаадын үе” кино саяхан нийтийн хүртээл болсон. Кино зохиол нь Хятадын түүхэн сурвалжид тэмдэглэн үлдсэн зүйл байна гэж  яригдах боллоо. Киноны үйл явц нь аллага, хядлага, дайн самуун, урвалт шарвалт, хувилдаан гээд хүчирхийлэлээр дүүрэн болсоныг иргэд төдийлөн таалсангүй. Түүх соёлоо харуулж байгаа нь энэ гээд ийм тааруухан кино хийгээд төсвийн мөнгийг дэмий үрвэл яах вэ?

-Холливудийн шилдэг кинонууд Монголын телевизүүд болон кино театраар гарч байх ёстой. Үүнийг харсан уран бүтээлчид өөрсдөө хөгжөөд ирнэ. Гадаад киног хязгаарлачихвал магадгүй ийм байдал үүсч болох юм.