Р.Бурмаа: Намын дүрэм хуультай зөрчилдвөл хуулиа л дагана
УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2014.11.14

Р.Бурмаа: Намын дүрэм хуультай зөрчилдвөл хуулиа л дагана

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаатай ярилцлаа.

-УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулснаар  хүлээгдэж байгаа нөхцөл байдал цаашаа явах нь гэж ойлгосон. Гэтэл АН-ын Хяналтын ерөнхий хороо бүлгийн энэ шийдвэрийг эсэргүүцээд эхэллээ. Энэ талаар таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Нэгдүгээрт, Үндсэн хуульд Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ гэсэн заалт бий. Засгийн газар байгуулахтай холбоотойгоор УИХ-д суудалтай намуудтай хэлэлцээ хийхийг ҮЗХ-ноос АН- ын бүлэгт даалгасан. Тэгэхээр Засгийн газрыг байгуулах гэдэг дотроо Ерөнхий сайдаа тодруулах нь Үндсэн хуулийн ойлголтоороо орчихож байгаа юм.

Гэтэл ҮЗХ- ны “томъёолол, найруулга дээр нь яриад намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах ёсгүй” гээд эсэргүүцээд байх шиг байна. Агуулгаараа бол ҮЗХ УИХ дахь АН-ын бүлэгт Ерөнхий сайдыг тодруулах эрх олгосон. Мөн Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд УИХ-д суудалтай нам дараах  эрхтэй гээд хэдэн заалт бий. 22.1.3-т УИХ дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх саналаа тавина гэж заасан байдаг.

АН-ын бүлэг энэ эрхийнхээ дагуу хуралдаад Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Р.Амаржаргал гишүүнийг тодруулсан

Үүний дагуу манай нам бүлэгтээ саналаа тавьж байна шүү дээ. Түүнчлэн бүлгийн шийдвэрийг зөв, буруу гэж шүүх эрх Хяналтын өрөнхий хороонд байхгүй. Намын даргад  ч байхгүй. Үндсэн хуулийн 25.1.6- д УИХ-ын онцгой бурэн эрхийн тухай хэсэгт “УИХ Засгийн газрын гишүүнийг томилох, өөрчлөх, огцруулахыг өөрийн онцгой бүрэн эрхэнд хадгалж шийдвэрлэнэ" гэж заасан байдаг.

Мөн УИХ-ын тухай хуулийн 27.4 дээр намын бүлэг УИХ-ын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын дээд төв гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй гэсэн заалт бий. АН-ын бүлэг энэ эрхийнхээ дагуу хуралдаад Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Р.Амаржаргал гишүүнийг тодруулсан. Энэ бол хуулийн дагуу болсон үйл явдал.

        -Намын бүтцийнбайгууллага нь УИХ-ын бүтцийн байгууллагын үйл ажиллагааг шүүх эрхгүй гэсэн үг үү?

-Тийм. Намын Хяналтын өрөнхий хороо УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж байна гэсэн үг.

-АН-ын дарга болон Хяналтын еренхий хорооны гишүүд намынхаа дүрмийг тайлбарлаж яриад байгаа. Ер нь танай намын дүрэм Үндсэн хууль, УИХ, Улс төрийн намуудын тухай хуультай хэр зэрэг нийцэж байгаа юм бэ?

-Намын дүрэмд хууль зөрчсөн заалтууд байна. Мөн үүнээс гадна дүрмээ буруу ойлгож тайлбарлаад байна. Тухайлбал, улс төрийн албан тушаалд нэр дэвшигчииг тодруулах журмын 2.1.1-д “Төрийн сонгуульд АН олонхи болсон тохиолдолд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байгаа.

Үүнээс өөр бусад тохиолдолд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэрхэн тодруулахыг журмаар зохицуулаагүй байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаар бол АН 2012 оны сонгуулийн дараа УИХ-д олонхи болоогүй. Хамгийн олон суудалтай л нам болсон. Тэгэхээр энэ зохицуулалт үйлчлэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олонхи болоогүй хамгийн олон суудал авсан бол Ерөнхий сайдад хэнийг яаж нэр дэвшүүлэх тухай зохицуулалт байхгүй.

6.4.9.17-д намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэсэн ҮЗХ-ны бүрэн эрх бий

Харин намын Үндсэн дүрмийн 6.4.9.7-д “УИХ-ын сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэн шийдвэр гаргана”, 6.4.9.17-д намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэсэн ҮЗХ-ны бүрэн эрх бий. ҮЗХ өмнөх хурлаараа энэ эрхээ УИХ дахь намын бүлэгтээ шилжүүлсэн.

Намын бүлэг нь УИХ-ын бүтцийн байгууллагын хувьд Засгийн газрыг эмхлэн байгуулах ажлыг хариуцаад яваарай гэдэг саналаа уламжилсан гэсэн үг. Үүний хүрээнд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулаад явж байхад намын дарга “Би Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна” гэж байгаа нь хууль дүрэм зөрчсөн үйлдэл. Энэ хүнд ийм эрх байхгүй.

-“Намын дарга Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах ёстой” гэж яриад байгаа. Яг ийм заалт хаана байгаа юм бэ?

-ҮЗХ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах эрхээ бүлэг рүү шилжүүлсний дагуу намын бүлэг нэр дэвшигчийг тодруулсан. Тодруулсан нэр дэвшигчийг албажуулах нь намын даргын үүрэг. Гэтэл энэ үүргээ надад олгосон эрх гэж ойлгоод байгаа нь харамсалтай. Нам гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага болохоос намын дарга гэдэг хүн өөртөө нийцсэн шийдвэр гаргах ёсгүй. Намын дарга гэдэг бол өөрт нь таалагдахгүй бол үгүй гэж хэлээд хэвтчихдэг хүн биш.

-ҮЗХ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах эрхээ УИХ дахь намын бүлэгтээ шилжүүлсэн нь ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй юү?

-Улс төрийн намын тухай хуульд “Бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавина” гэсэн заалт байгааг дээр хэлсэн шүү дээ. ҮЗХ-ны тогтоол дээр "УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх, буцааж ҮЗХ-нд танилцуулж шийдвэрлүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн байгаа. Үүнд нэг зөрчилтэй асуудал нь зөвшөөрөх тухай асуудал биш. Бүлэгт санал тавих л эрхтэй. Гэхдээ бүлгийн шийдвэрийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх тухай асуудал байхгүй.

-Та Засгийн газар гэдэгт Ерөнхий сайд нь орно гэж хэлсэн. Маргааш /өнөөдөр/ ҮЗХ хуралдахаар товлосон. Тэгэхээр энэ хуралдаанаар зөвхөн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үү. Уг нь ҮЗХ-ны тогтоолоор бол УИХ-д суудалтай намуудтай яриа хэлэлцээр хийж Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг бүхэлд нь шийдвэрлэсний дараа ҮЗХ хуралдах ёстой юм биш үү?

-Харин би үүнийг гайхаад байх юм. Намын бүлэг хуралдаад Засгийн газар байгуулах асуудлаар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ажил дуусаагүй байгаа. Гэтэл ҮЗХ хуралдуулж юу хэлэлцэх гээд яараад байгааг нь ойлгохгүй байна. Бас үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үг бий.

Намын даргыг Ерөнхий  сайдаар ажиллаж чадахгүй нь гээд улс төрийн хариуцлага тооцсон байхад өнөөдөр “Надад таалагдсан хүнийг л би Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гээд цамнаад байгааг юу гэж ойлгох вэ. Нэг хүнээс хамааралтай төрийн байгууллага байж болохгүй. Нэг  хүнд таалагдах, эс таалагдах байдлаар улс төрийн нам ажиллаж болохгүй. Хууль, дүрмээ л дагах ёстой. Намын дүрэм хуульд нийцсэн байх учиртай. Хэрэв хууль, намын дүрэм хоёр зөрчилтэй байх юм бол хуулиа дагах ёстой.

-Таны илэрхийлж байгаа байр суурьтай холбоотойгоор танд ямар нэгэн дарамт ирж байгаа юу?

-“Засгийн газрын эсрэг санал өгсөн найман гишүүний хоёроор нь туг тахь, зургааг нь үлдээ” гэсэн чиглэлийг намын дарга өгсөн юм билээ. Тодруулбал, Ж.Батзандан бид хоёрыг хөө гэж чиглэл өгсөн гэсэн. Эхлээд бүгдэд нь хариуцлага тооцож хөөгөөд өг гээд индэр дээрээс орилж байсан. Гэтэл бүгдийг нь хөөх гэхээр УИХ дахь хүчний харилцаа өөрчлөгдөх гээд байгаа учраас ингэж шийдсэн юм билээ. Бид намын хүн гэдгээсээ илүү Үндсэн хуулиар олгогдсон үүргээ биелүүлэх ёстой. Үүнийхээ дагуу шударга үнэний төлөө явж байгаа.

-Найман гишүүнээс зургааг нь үлдээгээд хоёрыг нь хөө гэсэн гэхээр гишүүн тус бүр дээр нь санал хураалт явуулах санал гаргасан гэдэг нь үнэн гэсэн үг үү?

-Үнэн. “Наймууланг нь хөөчихөөр хүчний харьцаа алдана. Дээр нь найман гишүүн чинь нийлээд бүлэг байгуулчихна” гэдгийг хүмүүс хэлсэн юм билээ. Намын дарга “УИХ дээрх хүчний харьцаа яаж өөрчлөгдөх нь хамаагүй. Энэ хүмүүсийг хөөгөөд өг” гээд байна шүү дээ. Тэгэхээр нь би зөрүүлээд “Би намынхаа суудлын тоог цөөлж УИХ дахь хүчний харьцааг өөрчлөх хүсэхгүй байна. Шаардлагатай юм бол намайг хөөчих” гэж хэлж байгаа. Намын дарга намаа хайрлахгүй бол би намаа хайрлахын төлөө явъя. Гэхдээ би хөөгдөх хэрэг хийгээгүй гэдэгтээ одоо ч итгэл үнэмшилтэй байна.

-Гэхдээ олонхийн саналаар шийдсэн тохиолдолд та явж болно гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Олонхи шийдсэн тохиолдолд. Уг нь олонхи санал хураагаад энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн боловч хөөх ёстой байсан гээд нэлээд бачуураад байгаа бололтой.

-Та Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал гишүүнийг хувь хүнийх нь хувьд дэмжсэн үү, эсвэл одоогийн намын даргын буюу “Алтангадас”-ын хүн биш гэдгээр нь дэмжсэн үү?

-Би фракц энэ тэрийг нь хараагүй. Ер нь манай бүлгийн үг хэлсэн гишүүд ямар нэгэн фракцгүйгээр шийдвэр гаргалаа гэдгээ онцолж байсан. Нэр дэвшигчийн хувьд ямар нэгэн асуудалд холбогдож байгаагүй нэр нь цэвэр, дээрээс нь улс төр, эдийн засгийнх нь  туршлага арвин учраас бүгд 100 хувь дэмжсэн байх. Мөн эдийн засгийн байдал хүнд хэцүү цаг үед Ерөнхий сайдаар ажиллая гэсэн хүсэл эрмэлзэл байна.

-Танд ҮЗХ-ны хурал дээр түүнийг дэмжихгүй унагачих вий дээ гэсэн болгоомжлол бий юү?

-ҮЗХ-ны гишүүд маань хууль, дүрэм журмаа сонсоод ухаалаг, зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Буруу мэдээлэл, тайлбарт автчихсан байгаа хүмүүс асуудлын учрыг нь олох байх.

-Намын Их хурлыг товлосонтой холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Та түүний энэ шийдвэрийг дэмжих үү?

-Би дэмжиж байгаа. Намын дарга бол зарчимч, буруу зүйл хийчихээргүй итгэлтэй, зангарагтай хүн байх ёстой гэж бодож байна. Энэ шалгуурт З.Энхболд дарга нийцнэ. Цаашдаа энэ намын унасан нэр хүндийг нь дээш өргөөд улс орноо хөгжүүлэхэд их зүйл хийнэ гэж найдаж байгаа.