Д.Ганбат: Шинэ хүний хүлээлт байхыг үгүйсгэхгүй
Дараагийн Засгийн газрын тэргүүн хэн болох вэ гэх марафонтой зэрэгцэн Гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн өрсөлдөөн ч эрчимжив. АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Ганбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарын тухайд улс төрд хэдийнэ байр сууриа олж, олонд танигдсан эрхмүүд бол Д.Ганбатын хувьд цоо шинэ хүн юм. 1979 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн эл эрхэм МоАХ фракцид харьяалагддаг. Инженер, механикч, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр шинэчлэлийн Засгийн газрыг тэр дундаа “Алтангадас” фракцийг үг хэлэх бүртээ шүүмжилдэг нэгэн. Өдгөө Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж буй Д.Ганбаттай санал хураалтын өмнө уулзаж, “Ярилцах танхим”-даа урьсан юм.
-Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад гурван хүнийг нэр дэвшүүлэхээр боллоо. Таны нэрийг Г.Баярсайхан гишүүн санал болгосон гэх мэдээлэл бий. Гэвч таныг нэрээ татах болов уу гэх таамаглал улс төрд хөвөрч байна?
Бүлгийн хуралдааны үеэр миний нэрийг дэвшүүлсэн нь үнэн. Нэр дэвшүүлснээр асуудал эцэслэгдэхгүй. Үдээс хойших бүлгийн хуралдаанаар санал хураалт явуулж, олонхийн шийдвэрээр нэр дэвшигчийг тодруулна. Нөхцөл байдлыг харья. Түүнээс биш яаран мэдэгдэл хийж, эргэж буцах нь зохимжгүй юм.
-Орой ҮЗХ хуралдана гэх мэдээлэл бий. Энэ тухай гишүүддээ зарласан гэж үнэн үү. Танд энэ талаар мэдээлэл ирсэн үү?
Хэрэв бүлгийн хуралдаанаар санал хураалт явуулж, нэр дэвшигчийг тодруулчихвал ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганаар баталгаажуулна. Цөөнх нь олонхийнхоо зарчмаар асуудлыг эцэслэнэ. Гэхдээ одоогоор ҮЗХ хуралдана гэсэн албан ёсны мэдээлэл алга. Магадгүй өнөөдөр (өчигдөр) асуудлыг хэлэлцэхийг үгүйсгэхгүй.
-Уучлаарай таны нэрийг тоглоом шоглоомоор дэвшүүлсэн гэх яриа байх юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Улс төр бол тоглоом биш. Гол нь АН ардчилалтай нам гэдгээ харууллаа. Энэ улс оронд ардчилал байна. Бид гурвын аль сайныг нь мэдээж бүлгийн гишүүд сонгох байх. Юм болгонд фракц, бүлэглэл гэхээсээ илүүтэй улс орноо, ард иргэдээ гэсэн бодол, бодлоготой хандах нь зүйтэй. Энэ үүднээс асуудалд хандсан.
-Таны хувьд олонхийн дэмжлэг хүлээх боломж хэр өндөр байгаа бол?
Үүнийг бүлгийн гишүүдийн итгэл үнэмшил шийднэ. Мөн мөрийн хөтөлбөрөө бүлгийн гишүүддээ танилцуулснаар бас шийдэл гарах байх.
-Гэхдээ МоАХ, “Шонхор” фракциуд Ерөнхий сайдын асуудлаас үүдэлтэй нэгдмэл байр суурь баримтлах болсон. Энэ үүднээс авч үзвэл таныг Ерөнхий сайд болгох тийм ч төвөгтэй биш. АН доторх олонхийг бараг л энэ хоёр фракци бүрдүүлж байгаа шүү дээ?
Санал хураалтаар энэ бүхний хариу гарна. Одоо таамаглал дэв шүүлэх нь утгагүй. Гэхдээ намайг тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Иймээс шинэ хүн гарснаар юу хийх, ямар бодлого баримтлах нь сонин байж магадгүй.
Энэ үүднээсээ шинэ хүн гарч ирээд зөв зүйтэй зүйл хийгээсэй гэсэн хүлээлт байж мэдэх юм. Миний хувьд УИХ-д орж ирээд хоёр жил болж байна. Харин нөгөө хоёр маань өмнө нь улс төрд байсан хүмүүс.
-Таны хувьд хямралыг ямар аргаар даван туулах мөрийн хөтөлбөр боловсруулсан бэ. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
Мөрийн хөтөлбөрийн талаар одоогоор ярих арай эрт байна. Эхлээд бүлгийн хуралдаан дээр нийт гишүүддээ танилцуулъя. Дараа нь энэ тухай тодорхой болох байх.
-АН-ын дарга Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газрыг унагахад эсрэг кноп дарсан гишүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Таны хувьд хэдийгээр эсрэг кноп дараагүй ч өнгөрсөн хугацаанд үг хэлэх бүртээ Засгийн газрыг, мөн “Алтангадас” фракцийг шүүмжилж байсан шүү дээ. Магадгүй намын даргын мэдэгдэл танд ч бас хамаатай байж мэдэх юм?
Би бол МоАХ фракцийн хүн. Засгийн газрыг унагахад эсрэг кноп дараагүй. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь манай намд нээлттэй байдаг зүйл. Идээ бээрийг шахаж, цэвэрлэнэ үү гэхээс бугшуулах нь байж боломгүй. Энэ үүднээс нь асуудалд хандсан.
-Тэгвэл намын даргын мэдэгдэл Р.Амаржаргал гишүүнд хамааралтай гэсэн үг үү. Энэ талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
Тэр болгоныг яриад байх сонирхол алга.
-Дараагийн Ерөнхий сайдын нэртэй зэрэгцэн үүрэг гүйцэтгэгчийн асуудал маргаан дагуулж эхэллээ. Шадар сайд Гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллах нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү, Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд тайлбар хийх байх?
Хуулийнхаа дагуу л явах байх. Цагаан дээр хараар бичсэн хууль бий. Иймээс хууль дүрмийнхээ дагуу удахгүй учир нь олдох биз. Түүнээс биш хэн дуртай нь дүгнэлт хийж, буруу зөв гэж ярих нь өрөөсгөл.
-АН дотроо зөрчилдөж, нэгнийгээ унагааснаас болж төрийн ажил зогслоо гэх шүүмжлэлнийгэмд бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
Явах ёстой зүйл замаараа л явж байна. Би түрүүн хэлсэн дээ, асуудлыг бугшуулаад идээ бээр болгоод байх шаардлагагүй. Болохгүй бүтэхгүй байгаа бол засч залруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тэр идээг ил гаргаад шахаж цэвэрлэх ёстой.
-Нөгөөтэйгүүр, намуудтай зөвшилцөх нэрийдлээр улс төрийн тогтворгүй байдлыг бий болголоо. Тухайлбал, МАХН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, МАН-тай нийлэх талаар зөвшилцөл явагдаж байна. Энэ зөв алхам мөн гэж үү?
Улс төр тогтворгүй болох нь ард иргэд гээд хэн бүхэнд ач холбогдолгүй зүйл. Тэгэхээр улс төрийг тогтворжуулах нь УИХ-д суудалтай нам, эвслийн бүгдийнх нь үүрэг. Гэхдээ тогтвортой байлгаж байгаа нь энэ гээд идээ бээрэндээ идүүлэд байж болохгүй . Болохгүй зүйлийг хэлэлцэж, ярилцаад засаад явах ёстой.
-Гэхдээ МАХН-ыг тойргоос шахаж, МАН-ыг татаж оруулах нь оновчтой шийдэл мөн үү. Аль эсвэл УИХ-д суудалтай бүх намын төлөөллийг засагт шингээх учиртай юм уу?
Эхлээд Ерөнхий сайдын асуудлаа тохиролцоод дараа нь зөвшилцлийг хэлэлцэх байх. Ерөнхийдөө гүйцэтгэх засаглалын тэргүүн томилогдчихвол зөвшилцөл илүү тодорхой түвшинд яригдана
-МАХН-тай байгуулсан гэрээг ҮЗХ-ны хуралдаанаар цуцалсан. Гэхдээ энэ мэдээллийг МАХН-ын гишүүд өөр өнцгөөс нь тайлбарладаг. Гэрээ бүхэлдээ цуцлагдаагүй. Харин гарын үсэг зурсан хүнийг солих асуудал мэтээр. Үүнд хариулт өгөөч?
Гэрээг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж, гишүүдийн олонх болохгүй зүйл хэмээн цуцалсан. Олонхийн саналаа л дагаж явах зарчимтайг сануулах нь илүүц биз.
-Гэрээ бүхэлдээ юу, аль эсвэл гарын үсэг зурсан хүндээ байна уу гэдгийг ялгаж салгаж тайлбарлах учиртай юм шиг?
Бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан хүмүүс. Гэрээний зүйл заалтыг бүгд уншиж танилцсан. Бас ойлгосон. Хэлэлцдэг газраа хэлэлцээд шийддэг газраа шийдсэн. Эцсийн шийдвэр гарсан. Гэрээ хүчингүй.
-Тэгвэл эцсийн зогсоол МАН гээд хэлчихэд буруудахгүй бололтой. Тийм үү?
Шууд тэгж хэлж болохгүй. Мэдээж яг өнөөдрийн нөхцөлд сайныг нь сонгох ёстой. Гэхдээ бүх намыг авна гэсэн зүйл бас байхгүй.