Х.Амгаланбаатар: Иргэдийнхээ төлөө гээд орилж байсан гишүүд одоо хүчээ гаргах хэрэгтэй
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.11.13

Х.Амгаланбаатар: Иргэдийнхээ төлөө гээд орилж байсан гишүүд одоо хүчээ гаргах хэрэгтэй

МҮЭХ-ноос хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын  хэлэлцээрээр тохирсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрээ даруй хэрэгжүүлэхийг шаардаж УИХ-д санал хүргүүлсэн. Энэ сэдвийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.  

-Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай саналыг МҮЭХ-оос УИХ-д хүргүүлчихээд байгаа. Гурван талт хэлэлцээрийн явц ямар шатанд явж байгаа вэ?  

МҮЭХ-оос 2014-2015 оны улсын хэлэлцээрийн үр дүнд цалин тэтгэвэр тэтгэмжийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх урьдчилсан саналыг УИХ-д хүргүүлсэн. Мөн холбооноос санал тавиад хөдөлмөр нийгэм зөрчлийг хангах үндэсний гурван талт хороог хуралдуулсан. 

Тус хорооноос МҮЭХ-оос тавьсан саналыг судалж, улсын төсөвт энэ боломж бололцоо байгаа эсэхийг судлах үүрэг бүхий тал талын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж ажиллаад сар орчим болж байна. Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс эцсийн нэгдсэн байр суурийг оруулж ирээгүй байна.

Мэдээж энэ нь улсын төсөв хүнд байгаатай холбоотой. Хэдийгээр ажлын хэсгээс тодорхой санал гарч амжаагүй ч хэлэлцээрийн үедээ шийдэх бүрэн бололцоотой.

- Та бүхний гаргасан санал бодитой нэмэлт байж чадах уу.  Ямар үндэслэлээр энэ тоог гаргасан юм бэ? 

Энэ саналыг гаргахдаа бид  иргэдийн өнөөгийн авч байгаа цалин тэтгэвэр тэтгэмж, бодит худалдан авах чадвар дээр түшиглэсэн.

Эдийн засаг хүндрэлтэй энэ үед МҮЭХ-оос тус шаардлагыг хатуу тавиад байна гэж ойлгож болохгүй. Асуудлаа хэлэлцээрийн хүрээнд яриад хэдэн хувиар нэмэх бололцоотой байгааг ярилцъя л гэсэн эхний урилга.

Кноп дарсаны дараа ард иргэдийн амьдралыг хэчнээн сайхан яриад хэрэггүй.

Ийм боломж бололцоо байгаа эсэхийг л асуугаад байгаа юм. Боломж бололцоог улсын төсвийн хүрээнд бий болгох үүрэг нь Засгийн газарт байдаг. Үүнд хөдөлмөр эрхлээд явж байгаа жирийн иргэн өдөр тутам санаашраад зовоод байх шаардлагагүй. Энэ үүрэг нь ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна гээд сонгогдоод ажиллаж байгаа Засгийн газар, УИХ-ын гэрийн даалгавар шүү дээ.

-Сая бодит шаардлага байгаа гэж хэллээ. Үүнтэй санал нийлж байна. Харин та бүхний зүгээс үүнийг тодорхой тайлбарлавал?   

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхлэж байгаа, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалинг дээш шидээд 700 мянга гээд бодъё. Гэтэл энэ нь хувь хүнд заалшгүй шаардлагатай хүнсний  хэрэглээний 80 хувийг л хангана. Харин цаана нь хөдөлмөр эрхлээгүй үр хүүхдүүд нь, халамжинд нь байдаг хүмүүс бий.  Өрх гэрээр яривал нэг хөдөлмөр эрхлэж байгаа хүний ард 3-4 хөдөлмөр эрхлээгүй хүн байгаа.  Энэ мэтчилэн хүний хэрэглээн дээр тулгуурлаж бид энэ саналыг гаргасан.

-Засаг уначихлаа шүү дээ. Шинээр байгуулагдах засаг та бүхний саналын үр дүнд хэрхэн нөлөөлөх бол? 

Засаг унчихлаа. Засгийг унахаас өмнө ард иргэдийн амьдрал хүнд байна, цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хуруугаа хөдлөгсөнгүй гэж бүх улс төрчид дуу дуугаа авалцаж, тэр нь гол шалтгаан болж иргэдийн сэтгэлийг хөдөлгөж засаг нь огцорчихлоо. Одоо шинээр бүрэлдэж  ажиллах Засгийн газарт ард иргэдийн амьдрал сайхан болж харагдах цаг хугацаа байхгүй.

Тэгэхээр шинэ Засгийн газрын ажиллах ард иргэдийнхээ төлөө ажил хийх боломж бололцоо нь улсын төсөв. Улсын төсвөөр дамжуулж ажлаа хийх ёстой. МҮЭХ-ны саналыг хүлээж авах гарц нь бас тэр. Иргэдийнхээ төлөө юм хийе, цалин орлогыг нь нэмэгдүүлье гээд орилж байсан манай УИХ-ын гишүүд одоо хүчээ гаргах хэрэгтэй.

Тийм ч учраас МҮЭХ Засаг огцроогүй байх үед УИХ дахь нам бүлэг, бие даагчийн удирдлагын зөвлөлүүдэд санал хүргүүлсэн . Саналыг амаар биш ажлаар бодитойгоор дэмжиж конопоо дараач ээ,  энэ бол  таныг сонгосон иргэдийн асуудал бөгөөд санал шүү гэдгийг бид хэлээд байгаа юм.  Кноп дарсаны дараа ард иргэдийн амьдралыг хэчнээн сайхан яриад хэрэггүй.

Цалин нэмэх болохоороо “Имфляци хөөрөгдөх гээд байна. Үйлдвэрчин популизм хийхээ болиорой” гэж хэлээд байгаа нь цаагуураа энэ амьдралтайгаа монголын ард иргэд яв гэсэн санаа. 
-Иргэд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ гэдэг мэдээг сонсоод баярлахаасаа илүүтэй айдаг болж. Сургаар нь бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь айхад хүргэж байна?

Сүүлийн хэдэн жил хүний орлого, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхээр юмны үнэ нэмэгддэг, имфляци өсдөг юм шиг яриад байна. Энэ бол эдийн засгийн ямар ч ном зохиол дээр байхгүй.

Харин хүний орлого нэмэгдэхээр барааны үйлдвэрлэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, худалдан авах чадвартай хүмүүс олон болно. Ингээд нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр барааны үнэ буурдаг.

-Хэдийгээр зүй нь тийм байх ёстой ч манайд эсрэгээрээ хэрэгжиж  юмны үнэ өсдөг нь үнэн биш гэж үү ?

Өнгөрсөн 2013  онд бид цалинг нэг ч хувиар нэмээгүй байтал юмны үнэ хэдэн хуваарь нэмэгдэж галзуурсан билээ. Цалин нэмээгүй байхад юмны үнэ нэмэгдсэн энэ байдал нь үүнийг хоорондоо холбоогүй гэдгийг харуулна. Цалин нэмэх болохоороо “Имфляци хөөрөгдөх гээд байна.

Үйлдвэрчин популизм хийхээ болиорой” гэж хэлээд байгаа нь цаагуураа энэ амьдралтайгаа монголын ард иргэд яв гэсэн санаа. Энэ гинжийг бид таслах хэрэгтэй. Эрх барьж байсан болон байгаа намууд 2004,2008,2012 оны сонгуульд монгол хүний хөдөлмөрийн хөлсийг хэд болгоно гэж амалж байлаа. Гэтэл нэг нь ч хэрэгжээгүй байх жишээтэй.

-Та бүхний хүргүүлсэн саналын үр дүн эсрэгээр гарсан тохиолдолд яах вэ?

Бидний урьдчилж өгсөн санал бол 60 хувь. Бодит шаардлага байна гэдгийг санал хэлбэрээр илэрхийлж байгаа юм. Үүнийг хэлэлцээрийн хүрээнд шийдэх ёстой. Хэлэлцээрээр хэт доогуур саналыг нөгөө хоёр тал хүч түрээд баталвал бид хэлэлцээрээс татгалзана. Ийм зүйл дээр иргэдийнхээ төлөөлөл болж хэлэлцээрт гарын үсэг зураад сууж чадахгүй.

Тийм тохиолдолд бид иргэдийнхээ нийгмийнхээ асуудлыг, цалингийхаа асуудлыг шийдүүлье гэдэг өөр  арга замыг сонгохоос аргагүйд хүрнэ. Хоёрдугаарт МҮЭХ  эдийн засгийн хүндрэлтэй энэ үед түншлэлийн зарчмыг илүү  баримтлах нь зөв  зүйтэй гэсэн байрь суурьтай байгаа.

Түншлэлийн гол механизим бол энэ хэлэлцээр. Хөгжлийг авчирдаг хамгийн хялбар дөт арга болох нийгмийн түншлэлийг олон улсын түвшинд ярьж байна. Гэтэл манайх ард иргэдээ гудманд гаргаж өмнөх шиг нь жагсааж улс төр хийлгүүлдэг энэ замаар оруулахгүй байх гэж итгэж байна.

Гэхдээ засгийн чих өмнөхөөсөө илүү дүлий ард иргэдийнхээ амьдралд наалдахуйц юм хийхгүй, өөр зүйлээр  хөөцөлдөөд байвал бид гудмандаа гарахаас өөр аргагүй. МҮЭХ хамтын гэрээ хэлэлцээртээ холбогдож хөдөлмөрийн маргаан дэгдээх шүүхэд хандах шаардлага гарна.

Хоёрдугаарт санал шаардлагыг дэмжсэн үйлдвэрчний эвлэлийнхээ гишүүдийн тэмцлийн жагсаал цуглаан ажил хаялтын арга хэмжээг бид хэрэглэнэ. Гэхдээ үүнийг бид зайлшгүй хийнэ гэж хэлж байгаа юм биш.  Хэрэв хийж болох тохиолдолд хамтынхаа шийдвэрээр эрх зүйн хүрээнд асуудлыг шийднэ. Ийм байдал үүсэхгүй байх гэж бодож байна.

-Хөдөлмөр эрхлэлт амьжиргааг дээшлүүлэх тал дээр үйлдвэрчний эвлэл ямар ажлуудыг хийж байна вэ?

Ер нь хөдөлмөр эрхлэлт амьжиргааг дээшлүүлэх гол гарц бол цалин. Хэрвээ цалинг энэ байдлаар нь байлгаад байвал ажил хийх сонирхолтой хүн бараг байхгүй болно. МҮЭХ сүүлийн хоёр жилд  гурван том зорилтыг тавьсан. 

Үүнд Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг эрс дээшлүүлэх, эрүүл аюулгүй хөдөлмөрийн нөхцөлийг ажлын байр бүрт бий болгох, зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын жишгийг монголдоо бий болгох зэрэг зорилтот ажлуудыг багтаасан байгаа.

Эдгээрийг бий болгохгүйгээр бид  хөгжлийн асуудал, улс орны эдийн засгийн асуудлыг ярихад хүнд . Ялангуяа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хувь хүн өөрийхөө болон өрхийнхөө амьдралаар улс орны хөгжлийг мэдэрдэг.

Тиймээс цалин орлогын нөлөө асар их. Тухайлбал, орлогогүй хүн эрүүл мэнд, тэр хөгжлийн асуулыг бодох уу. Үгүй шүү дээ. Тиймээс үүн дээр бид  хаана хаанаа зөв бодох ёстой. МҮЭХ популизм хийдэг үе байсан байж магадгүй. Гэхдээ үеийн үедээ популизм хийж байна гэж яриад байвал хэн бусдын төлөө явах юм бэ.

-Үйлдэрчний эвлэлийн холбоонд иргэд ямар асуудлыг илүүтэй тавьж байна вэ?  
Мөн өнөөдөр бололцооны ажил хийгээд явж байтал нь гэнэт халчихдаг.

МҮЭХ энэ оны наймдугаар сарын 27-оос хойш хөдөө орон нутагт ажиллалаа. Одоогоор 19 аймгаар явчихаж. Уулзалт хийгээд явж байхад  иргэд гарын таван хуруунд багтахаар зүйлийг л хэлж байгаа юм. Ихэвчлэн цалин орлогын асуудал, ажлын байрны асуудал, жижиг дунд үйлдвэрлэлийг маш бага хүүтэй зээлээр дэмжүүлэх асуудлуудыг л ярьж байна. Өөрөө өөртөө ажлын байр бий болгох, бусдад ажлын байр бий болгох санаачлагыг дэмжиж өгөөч гэж байна.

Мөн алслагдсан аймгуудын иргэд бүсийн нэмэгдэл, бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэлгүй Улаанбаатарт байгаа үнээр нь хүртэх  төрийн бодлого байж болдоггүй юм уу гэсэн асуудлыг хөндөн ярьж байна.  Түүнээс биш тэр яамны сайд нь тэр болчихоосой гэж хэлж байгаа хүн алга. Ер нь иргэд улс төрийн асуудлыг айхтар сонирхож ярихаа больжээ. 

-Нийгэмд ажлын байр чухал шаардлагатай байгаа ч баталгаатай, тогтвортой ажлын байр илүүтэй үгүйлэгдэж байна. Үүнийг хэн хэрхэн бий болгох ёстой юм бэ?   

Байнгын болон түр ажлын байр гэж бий. Байнгын тогтвортой гэдэг хоорондоо уялдаатай боловч чухал нөхцөлүүдээр бий  болдог. Бидний ярьж хэлээд байгаа цалин бол тогтвортой байдлыг бий болгох том хүчин зүйл. Шинэчлэлийн болон өмнөх Засгийн газрын үед  хэдэн ажлын байр бий болгов гэдгээрээ уралдаж, ажлаа дүгнэдэг байсан.

Гэтэл бий болгосон ажлын байрны хэд нь  байнгын  ажлын байр юм, байнгын дотроо хэчнээн нь чанартай ажлын байр юм бэ гэдгээр Засгийн газрын ажлыг дүгнэх цаг нь болчихсон. Өнөөдөр 200 мянган төгрөгийн цалинтай ажлын байр хөдөө орон нутагт бий болгочихоод “Өө энэ бол боломжийн нөхцөл. Одоо тар нар сайхан амьдарцгаа” гэж хэлэх нь учир дутагдалтай.

Энэ нь ажлын байрны тоогоор хөөцөлдөхөөс илүү ажлын байрны баталгааг хангах шаардлагатай байна. Мөн өнөөдөр бололцооны ажил хийгээд явж байтал нь гэнэт халчихдаг.

Үүнийг яагаад хэлээд байна вэ гэхээр өнгөрсөн жил дэлхийн 200 гаран орон хөдөлмөрийн чуулганаа хийж  “Зохистой хөдөлмөр хөгжлийн үндэс” гэдэг том зорилтыг тавьсан.  Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон.Тэгэхлээр энэ хандлагыг Монголдоо бий болгох хэрэгтэй байна.