Д.Оюунхорол: Эмэгтэй гишүүд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө санал нэгтэй ажилладаг
УИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар 2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Оюунхорол нар болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд оролцлоо.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэхдээ "Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэх асуудлыг төсөвт суулгах нь хэлэлцүүлгийн зорилго юм. Гуравдугаар ээлж орой тарж байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэртээ харих замдаа зам тээврийн осолд орох, гэмт халдлагад өртөх явдал ихэсч байна. Хотын захын гэр хороололд амьдарч буй хүүхдүүд гэр хүртлээ 2-6 км газар алхах үе ч бий. Ийм учраас гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-ын эмэгтэй гишүүд бид цэцэрлэг, дунд сургууль, төрөх эмнэлгийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхийн төлөө санал нэгтэй ажилладаг. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ бага байгаагаас гурван ээлжээр хичээллэж, хичээлээс гадуур зохион байгуулах хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэх бүхий л ажил зогсонги байдалд орсон.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хамгийн их ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон
Ийм нөхцөлд бид сургалтын чанар муу байна, эсвэл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарч ажиллаач ээ гэж шаардаж, чанартай боловсролын тухай ярих боломжгүй. Энэ нь төр засгаас нийгмийн салбарын асуудлаа нэн тэргүүнд цогцоор нь шийдвэрлэж, хүүхэд сурч, хүмүүжих стандартын шаардлага хангасан сургалтын орчин, материаллаг бааз, нөхцөл, боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн удирдлагууд сургууль барих газрыг иж бүрэн шийдвэрлэж өгөх шаардлагатай.
Улаанбаатар хотод баригдахаар улсын төсөвт суусан зарим сургуулийн газар чөлөөлөгдөөгүй эсхүл газаргүй гэсэн шалтгаанаар санхүүжилт хийгдэхгүй буцах тохиолдол гарсаар байна. Тиймээс тал талдаа ажлын хариуцлагаа сайжруулж, төсөвт суучихсан хөрөнгөөр сургуулиа цаг хугацаанд нь чанартай бариад ашиглалтад хүлээлгэж өгчихдөг болмоор байна” гээд багшийн ажлын ачаалал их, цалин хөлсний хангамж муу байгаад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.
Дараа нь Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын таниилцуулснаар нийслэлд өнөөдрийн байдлаар 213 ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж.
Тэрээр “Сургуулиудын ачаалал нэмэгдэж буй олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнуудын тоо эрс нэмэгдэж байна. 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 26870 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 1,5 дахин нэмэгдсэн байна.
2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 26870 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 1,5 дахин нэмэгдсэн байна
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд хамгийн их ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад давхрын өргөтгөл хийх шаардлагатай. Бид энэ талаар судалж 17 сургуульд давхрын өргөтгөл хийх боломжтойг тогтоосон. Сургуулиудын барилгын хийц, даацын дүгнэлт хийх, зураг төсөв боловсруулах болоод барилга угсралтын ажилд 17.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал нэмэгдэж байгаа нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хэмээв. Тус яамны судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж буй их нүүдлийг дагаад жилдээ 5000 орчим хүүхэд шилжин ирж суралцдаг байна.
Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаагаас шалтгаалж хичээлийн дараах нэмэлт сургалт, дугуйлан хичээллүүлэх боломж бүрдэхгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр багш нар онцлон сануулж байлаа. Ингэснээр хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үндсэн бодлого хэрэгжиж чадахгүйд хүрээд байгааг тэд төрийн түшээдэд дуулгасан юм.