1000 төгрөгөө нийлүүлж цэцэрлэг барина
Баянхонгор аймаг
2014.10.10

1000 төгрөгөө нийлүүлж цэцэрлэг барина

Баянхонгор аймгийнхан 1000 төгрөгөө нийлүүлж, цэцэрлэг барихаар “Хүүхэд нас таныг дуудаж байна” аян өрнүүлж буй.

Тав, зургадугаар багийн нутагт байгуулах 100 хүүхдийн цэцэрлэгийн шаваа хэдийнэ тавьчихсан, цэцэрлэгээ “Хонгорын багачууд” гээд нэрлэчихэж. Үүнийг “Баялаг эрдэм” компани 600 гаруй сая төгрөгөөр барьж өгөхөөр болжээ.

Энэхүү гэгээн үйлсийг бүтээхээр зорьж яваа иргэд “Хонгор нутгийн үрс” ТББ байгуулан, ХААН банкинд 5225507123, Төрийн банкинд 232100479323 тоот данс нээн, хандив цуглуулж байгаа аж. Мөн явуулын хайрцгаар иргэдээс 1000 төгрөг цуглуулдаг юм байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 сая, Э.Бум-Эрдэнэ гэдэг залуу хоёр сая, аймгийн Засаг дарга ДЖаргалсайхан нэг сая, “Дурсамж” фото студийн эзэн Баянмөнх нэг сая, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар 999.000, “Чандмань- Баянхонгор” ХХК-ийн захирал Сайнбилэг 888.000, “Амар” худалдааны төвийн эзэн Байгалмаа 550.000, Хөгжимт драмын театрын дарга С.Энхболд 166.000, Баянхонгор сумын Засаг даргын орлогч Рэнцэнцэдэв 111.000, “Хонгор нутгийн дуудлага” хөдөлгөөний тэргүүн Д.Батболд 108.000, өндөр настан Муна 75.000 төгрөг хандивлажээ. Уг аянд 400 гаруй хүн нэгдэж, 30 гаруй сая төгрөг хандивлаад байна.