Г.Баярсайхан АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.11.07

Г.Баярсайхан АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан АНУ-ын Төрийн Департаментын Байгаль орчин, Шинжлэх ухааны далайн товчооны Мөнгөн усны хөтөлбөр хариуцсан менежер Жэни Э.Дэннисоныг хүлээн авч уулзлаа.

  Уулзалтаар  Минаматагийн конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлаар санал солилцлоо. Төрийн Департаментын төлөөлөгч Жэни Э.Дэннисон “АНУ анх Минаматагийн конвенцид нэгдэн орсон байдаг. Энэ конвенциор бичил уурхай болон бусад салбарт мөнгөн усыг багасгах, ашиглахгүй байхыг чухалчилдаг. Бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг 80 орчим орон бий.

Монгол Улс конвенцид нэгдэн орох нь өндөр ач холбогдолтой” гэсэн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Конвенцид манай улс нэгдэн орох асуудлыг судлаж байгаа. Энэ Конвенцийг батлуулахын тулд УИХ-ын гишүүд болон олон нийтэд танилцуулах гээд чармайлт гаргаж ажиллах шаардлагатай.

Энэ нь дан ганц гар аргаар алт олборлогчийн асуудал бус нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах гээд Конвенцид нэгдэн орох нь өндөр ач холбогдолтойг ойлгож байна” гэсэн юм. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан дээрх конвенцид Монгол Улс нэгдэн ороход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.