НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн захиралтай уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон Далайн Бүсийн захирал Даниэль Түүл болон тус сангаас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч ноён Роберто Бинес нарыг өнөөдөр(2014.11.05) хүлээн авч уулзлаа.
Бүсийн захирал Даниэль Түүл Монгол Улсад хийх айлчлалынхаа хүрээнд Эрүүл мэндийн сайдтай ажлын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал уулзалтын хүрээнд гурван асуудлыг танилцуулж, хамтран ажиллах саналаа хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, 2014 оныг Эрүүл мэндийн яамнаас эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан.
Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь Монгол улсын Засгийн газрын нэн чухал асуудлуудын нэг мөн болохыг онцолж, эх хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд Монгол Улсын хууль эрх зүйн орчыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул ЭМЯ-наас санаачлан “Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль” боловсруулах ажлыг эхүүлээд буйг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн хууль батлуулах энэ асуудалд төрийн өндөр түвшний шийдвэр гаргагч талуудын дэмжлэг хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.
Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийн бусад хотуудаас дээгүүрт бичигдэх болсон. Агаарын бохирдлыг бууруулах дорвитой гарцыг хараахан олж гаргаагүй байна. Агаарын бохирдол нь хүүхдүүдийн эрүүл саруул өсөж, торниход саад тотгор болно гэдгийг Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр онцолсон.
Тэрээр ЭМЯ-наас энэ асуудлаар тодорхой алхам хийх нь чухал байгаа гэдгийг хэлээд уг асуудалд хамтран ажиллах санал гаргалаа. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой Монгол улсад тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь хүүхдийн осол гэмтэл, түүнээс үүдэлтэй өвчлөл, нас баралт буурахгүй байгаа явдал юм. Энэ чиглэлд ч хамтарч ажиллах саналтай байгаагаа дуулгалаа.
Бүсийн захирал хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагаас харахад эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байгаа газарт илүү амжилт гардаг. Монгол улс хүүхдийн нас баралтыг 5 дахин бууруулж чадсан цөөхөн орны нэг. Бүсийн бусад орнуудад айлчлахдаа Монголын сайн сайн жишээг байнга сануулж, туршлагаас нь хуваалцаж байдаг.
Танай улс бусад олон оронд сайн туршлага харуулж байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг бий болгоно гэдэг тийм амар зүйл биш гэдгийг ч тухай бүр сануулдаг юм. Тэдгээр орнуудад “Сайн ажиллах хэрэгтэй” гэж хэлдэг бол Монгол улсад “Сайн ажиллаж байна. Илүү сайн ажиллацгаая” гэж хэлээд хамтарч ажиллахад таатай байна” гэлээ. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайдын танилцуулсан дээрхи чиглэлүүд дээр дэмжин ажиллахаа хэлсэн.