“Архины хортой хэрэглээг бууруулах” олон улсын хурлыг зохион байгуулна
Өнгөрөгч тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Др.Шин Ян-сутэй албан уулзалт хийж, Монгол Улсын хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох архины хэрэглээг бууруулах асуудлаар санал солилцсон билээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан санаачлага хийгээд Монгол Улсын Засгийн газрын зүгээс баримталж байгаа бодлого, арга хэмжээний талаар Бүсийн захиралд товч танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсад насанд хүрсэн нийт эрэгтэйчүүдийн бараг тэн хагас нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь архи хэрэглэдэг.
Өсвөр насныхны дунд явуулсан судалгааны дүнгээс харахад 67.9 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө архидан согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдаг талаар онцлон тэмдэглэв.
Түүнчлэн жилд 40-50 хүн архины цочмог хордлого болон осол гэмтлийн улмаас нас бардаг болон хүн амын дунд явуулсан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох шаталсан судалгааны дүнгээс харахад, Монголд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүсийн дунд архины хэрэглээ дорвитой буурахгүй байгаа талаар тэмдэглэж, архины хортой хэрэглээ нь зөвхөн Монгол Улсад төдийгүй манай Номхон далайн баруун бүсийн ихэнхи улс орнууд болон Америкийн бүсийн улсуудад халдварт бус өвчин эмгэгт хүргэж байгаа хамгийн түгээмэл эрсдэлт хүчин зүйл болж байгаа учраас ДЭМБ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа тэмдэглэв.
2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Архины хортой хэрэглээг хянах суурь конвенц байгуулах санаачлагыг дэвшүүлж, мөн НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга ноён Бан Ги-Мүн болон ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан нартай уулзах үеэрээ асуудал дэвшүүлж байв. Үүний мөрөөр Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам санаачлагыг гартаа авч, архины хэрэглээг бууруулах асуудлыг олон улсын анхаарлын төвд хүргэх зорилгоор ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Зүүн Өмнөд Азийн Бүсийн төвтэй хамтран бүс нутгийн хэмжээний зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаа талаараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэгдлээ
Бүсийн захирал Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа дээрх санаачлагыг нааштай хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 6 дугаар сард Монгол улсад зохион байгуулах, улмаар зохион байгуулалтын явцад Бүсийн Хорооны зүгээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэгийг үзүүлэхээ амлав.
Түүнчлэн тэрбээр бэлтгэл ажлын хүрээнд Бүсийн Хорооноос холбогдох мэргэжилтнийг ойрын хугацаанд Монгол Улсад томилон ажиллуулж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар хамтарсан төслийн санал боловсруулахаар шийдвэрлэлээ. Др.Шин Ян-су өөрийн биеэр дээрх зөвлөлдөх уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн.
Энэ санаачлагын дагуу Монгол улсад “Архины хортой хэрэглээг бууруулах” олон улсын хурлыг 2015 онд хийх бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн сайдад үүрэг болгов.