Орон нутагт эрх шилжүүлэх нэрээр хариуцлагаас мултрах гэж байна гэв
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр зарим гишүүд Орон нутагт эрх шилжүүлэх асуудлыг болгоомжтой хийх ёстойг, мөн эрх шижлүүлэх нэрээр хариуцлагаас мултрах "муу" арга сонгож хэмээн Ерөнхий сайдад анхааруулж байлаа.
Ж.Энхбаяр: Төсвийн хуулиа эргэн татах нөхцөл байдал үүсэж байна
Ерөнхий сайдын үгэнд хариуцлагагүй үг дуулдаад байна. Монгол улс нэгдмэл улс шүү.
Ялангуяа татвартай холбоотой асуудлаар Та Монгол улсын нэгдмэл байдлыг алдагдуулах талаар ярьж эхлэж байна. Түүгээр тогтохгүй УИХ-ын эрх мэдэлд халдсан хуулийн төслийг өргөн барьсан байна. Тийм ч учраас Таны өргөн барьсан 7 хуулийн төслийн 3 нь Байнгын хороо дээр дэмжлэг аваагүй буюу хэлэлцэх шаардлагагүй гэсэн байна. Өргөн барьсан хуулийн төсөл УИХ дээр дэмжлэг авахгүй нөхцөлд төсвийн хуулиа эргэн татах нөхцөл байдал үүсэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?. Орон нутагт эрх шилжүүлэх тухай ярьж байна. Бид сая орон нутагт ажиллаад ирлээ. ....
Я.Содбаатар: Орон нутгийнхаа хэдэн дарга нар руу ялаа өгөх гэж байгаа нь энэ том реформыг ална
Орон нутгийг эрх мэдлийг шилжүүлэх ажлын Та буруу хийчих гээд байна Ерөнхий сайдаа.
Буруу хийхээр дараа нь зөв хийсэн зүйл чинь үнэгүй болчих юм. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах ёстой гэж үе үедээ, маш олон удаа ярьсан. Тэгээд яам байгуулсан Та түүгээр замын уулзвар засуулсаар байгаад энэ яамыг хэрэггүй яам юм байна гээд ойлголт нийгэмд төрүүлээд татан буулгачихлаа. Яг үүнтэй адил. Орон нутагт эрх шилжүүлэх асуудал их чухал асуудал. Шийдвэр гаргах эрх мэдэл, төсвийн эрх мэдэл шилжүүлэх гээд олон зүйл хийгдэх ёстой. Гэтэл төсвийн орлого бүрдэхгүй байгааг “Би үхэхээс чи үх” гэдэг байдлаар орон нутгийнхаа хэдэн дарга нар руу ялаа өгөх гэж байгаа нь энэ том реформыг ална. Үр дүнгүй болгоно. Энэ нь сүүлдээ орон нутагт эрх өгөх ер нь хэрэггүй юм байна гэсэн ойлголт нийгэмд үүснэ....
Ө.Энхтүвшин: Сум хөгжүүлэх сангийн мөнгө гэж бөөн будилаан байна.
Засгийн газар хүнд байдлаас маш муу арга замаар гарах гэж байна. Засгийн газар орон нутгаас санал авч 50 их наядын ажлын жагсаалт гаргасан.Одоо үүнээс ухарч байна. Баахан концессоор барилга эхлүүлснийхээ мөнгийг өгч чадахгүй, баахан сургууль, соёлын төвийн барилга зогссон. Энэ бүхнээс гарах гарцгүй болчихоороо хөрөнгө оруулалтыг орон нутагт шилжүүлнэ гэж байна. Өгч байгаа ч зүйл байхгүй л дээ. Дараа нь орон нутагт бүх эрхийг нь өгчихсөн гээд мад тавих гээд байна. Мөн Сум хөгжүүлэх сангийн мөнгө гэж бөөн будилаан байна. Тухайн орон нутагт аль намын дарга байна. Түүний ойр дотныхондоо л өгч байна....