Мөнгөний бодлогын талаар хэн юу хэлэв
Мөнгөний бодлого
2014.10.24

Мөнгөний бодлогын талаар хэн юу хэлэв

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцсэн.

Хэлэлцүүлгийн явцад эдийн засагт учраад байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн суурь  шалтгааныг төлбөрийн тэнцлийн болон төсвийн 2013-2014 оны хос хямрал гэдэгт гишүүд нэгдсэн байр суурьтай байлаа.

Үүний зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах нь чухал, 2015 оны төсвийг маш нухацтай хэлэлцэж, бодитой төсөв батлах ёстой, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай, байдал улам хүндэрвэл мөнгөний бодлогоо хатууруулах хэрэгтэй зэрэг байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд УИХ-ын зарим гишүүн ямар байр суурь илэрхийлснийг түүвэрлэе. 

 УИХ-ын гишүүн Д.Ганбат: Алтны ил тод байдлын тухай хуулийг баталсан нь зөв зүйтэй алхам болсон

УИХ-ын зарим гишүүн маань бусдын гэмийг бөөн хар борооны үүл шиг хараад өөрсдийнхөө гэмийг өлөн тоосны чинээ бодохгүй юм аа. Би Монголбанкийг энэ хүнд хэцүү нөхцөлд боломжийн хэмжээнд ажиллаж, эдийн засгийг зөөлөн газардуулж байна гэж ойлгож байгаа.

Монголбанкны явуулж байсан маш зөв зүйтэй бодлого байгаа. Жишээ нь 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөр байна. Нэлээн олон хүн урьд өмнө байгаагүйгээр орон сууцтай болж байна. Орон сууцтай болсон хүн ажлынхаа байрыг аль болох аятайхан авч явахыг боддог юм байна, бар ресторанаар явахаа больдог юм байна, мөнгөө төлдөг юм байна, илүү их хариуцлагатай, зорилготой болдог юм байна, иймэрхүү эерэг зүйлүүд байнаа.

УИХ-аас хууль баталж, алтны роялтиг бууруулсан

Энэ нь маш зөв зүйтэй бодлого учраас энийгээ цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа хөдөө, орон нутагт илүү түлхүү явуулж, хүртээмжтэй болгох талаас бодох хэрэгтэй. Үүнээс гадна УИХ-аас хууль баталж, алтны роялтиг бууруулсан. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад энэ нь маш зөв зүйтэй зүйл болжээ гэж харагдаж байна.

Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ хоёр дахин өссөн байна. Цаашид улам их алт худалдан авч, валютын нөөцөө зузаатгахын тулд хийх юм их байна. Жишээ нь, орон нутагт, газар дээр нь алтаа авдаг болох хэрэгтэй. Бас энэ хуулийн Оюу толгойг хамруулж, Оюу толгойн алтыг Монголбанк худалдаж авдаг болох юм бол валютын нөөц чинь өснө. Энэ нь валютын ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр Монголбанк илүү сайн ажиллах хэрэгтэй байна.

 УИХ-ын гишүүн Х.Баттулга: Үйлдвэрлэгч орон болох шаардлагатай  

Жил бүр Мөнгөний бодлого гэж орж ирээд тал бүрээс нь тойрч ярьсаар байгаад л баталдаг.

Одоо яг л тэгээд явах байх. Энгийнээр бид нар Монгол улсынхаа эдийн засгаа харахад ийм л бодлого орж ирнэ. Өөр илүү юу ч орж ирэхгүй. Өнөөдөр бид нар үйлдвэрлээд гаргаад экспортлоод байгаа бүтээгдэхүүн гэж юм байхгүй. 70-аад оны сүүлээр баригдсан Эрдэнэт үйлдвэрийн зэс нэг явж байгаа, хилтэй ойрхон Тавантолгойн нүүрс энэ хоёр л байгаа. 

Улстөрчид нь халамж өгнө, тэр халамжаар нь Эрээн хот баяждаг. Эрээнээс ирсэн бараа Нарантуулд ирээд Нарантуулаас 21 аймаг руу явдаг. Энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр эдийн засгаа нэг хараач ээ. Өнөөдөр Говийн бүтээгдэхүүн гэхэд ихэнх нь ганзагааар явж байгаа. Хөдөө аж ахуйн орон гээд байж нэхий дээлүүд ганзагаар зарагдаж байна.

Эрээнээс ирсэн бараа Нарантуулд ирээд Нарантуулаас 21 аймаг руу явдаг

Транзитаар 2 хөршөөрөө далайд гарна гээд, яг транзитаар далайгаар гаргаад зарах бүтээгдэхүүн манайд байхгүй л байхгүй юу. Өнөөдөр бид дундад зууны үеийн эдийн засагтай байхад мөнгөний бодлого маань энэнээс илүү байх боломжгүй. Юу хэлэх гээд байна гэхээр УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд минь нэг сэрээч ээ. 

Олонх, цөөнх болоод тоглоод байдаг. Нийлж байгаад олонх, цөөнх гэхгүй нэг экспортолдог бүтээгдэхүүнтэй, ядаж 10 сая ширхэг арьсаа боловсруулаад, бүтээгдэхүүн болгоод гаргачихдаг болъё л доо. Ингэж байж бид мөнгөний бодлогоо өөрөөр ярихгүй бол маш жижигхэн энгийн хөдөлгөөн дээр хямрал нүүрэлчихдэг.

Эрдэнэтийн зэс бид нарын хийсэн юм биш шүү. Иймд эдийн засгийнхаа бүтцийг бид нар засах, өөрчлөх тухай ярьж, түүнд бодлогоо чиглүүлэх ёстой. Мөнгөний бодлогыг бид янз бүрээр шүүмжилж болно. Ухаантай юм ярьж болно.

Энд зөндөө дээд боловсролтой доктор, профессор хүмүүс сууж байгаа ш дээ. Тэгээд яагаад үйлдвэрлэгч, экспортлогч орон болох тухай асуудлыг дэмжээд, орилоод явдаггүй юм болдоо гэж гайхаад байна. Инфляци гэж яг юу яриад байгааг ард иргэд ойлгохгүй ш дээ.

Эдийн засаг маань ийм дундад зууны үеийн байгаа тохиолдолд энэнээс илүү мөнгөний бодлого орж ирэхгүй ээ. Их хуралд нэгээс дээш удаа сонгогдсон гишүүд минь олонхи, цөөнх гэхгүй нэгдээд энэ улсаа нэг үйлдвэрлэдэг, үйлдвэрлэгч орон болгох бодлогыг дэмжээчээ. Тэгвэл түүнийг дагаад мөнгөний бодлого ч өөр болно.