Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2014.10.22/ болов.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын ахлан ажиллаж байгаа бөгөөд уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайд нарын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай Ажлын хэсгийн гишүүд байлцлаа.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын ахлан ажиллаж байгаа
Тус ажлын хэсэгт Сангийн яам, Уул уурхайн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Үндэсний Аудитын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн төлөөлөгчид багтаж байгаа юм.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Татварын Ерөнхий газрын удирдлагуудаас “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгийн талаарх танилцуулга болон тус компанид ногдуулсан 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгож татварын хөнгөлөлтөд хамруулах шийдвэр гаргасан үндэслэлийн талаар асууж тодруулсан.
Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комиссын Нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчид “Оюутолгой” ХХК-ийн 2010-2012 оны албан татвар ногдуулах төлөвлөлтийг шалгаж нийт 16 төрлийн зөрчил илрүүлсэн. “Оюутолгой” ХХК-аас 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын байцаагчийн тус актыг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн мэдэгдээд байсан ч магадлан шалгалтын явцад 16 зөрчлийн зөвхөн нэг зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс бид 60 хоногийн хугацаанд 15 зөрчилд магадлан шалгалт хийж гаргасан дүгнэлтээ Маргаан таслах комиссын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхэд улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэв.
Татварын Ерөнхий газрын удирдлагууд хуралдааныг хаалттай явуулах талаар санал гаргасан ч Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар татгалзсан юм. Тэрбээр Татварын Ерөнхий газрын Маргаан таслах комиссын шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа хэлж энэ асуудлаар Авилгатай тэмцэх газарт хандахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.