Ц.Даваасүрэн: Бусад улс оронд стратегийн томоохон ордууддаа төр хувь эзэмшиж байдаг
УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалд нэгэнт байр сууриа илэрхийлсэн тул шинээр томилогдох сайд нар салбараа мэддэг мэргэжлийн хүмүүс байгаасай гэж хүсч байгаа гэдгийг мэдээллийн эхэнд онцолсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаас илүү анхаарал хандуулах шаардлагатай нэг асуудал бол Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж буй явдал юм. Тус хуулийн төсөлд уул уурхайн баялаг, ашиглалт, олборлолттой холбогдолтой үйл ажиллагаанд төр оролцохгүй гэдэг заалт орсон байгаа.
Өөрөөр хэлбэл, байгалийн баялагийг иргэдтэйгээ хуваахгүй зөвхөн хувийн хэвшлийн компани эзэмшинэ гэсэн үг юм. Өнгөрсөн зун өргөн барьсан уул уурхайтай холбоотой хуулийн төсөл зөвхөн энэ санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байгаа. Уул уурхайн талаар төрөөс баримлах бодлогын баримт бичигт энэ заалт орсон. Тэгвэл энэ санаагаа баталгаажуулаад төрийн өмчийн компани уул уурхайн салбарт байж болохгүй гэсэн заалтыг оруулж байна.
Гэтэл Эрдэнэт биднийг хичнээн жил тэжээж байгаа билээ. Тэгвэл энэ компанийг байхгүй болгох гэж байна. Өмнө нь Цагаан суврагын ордыг яг ийм замаар төр эзэмших хувийг байхгүй болгосон. Тэгвэл Оюутолгой мөн л ийм замруу явж байна. Байгалийн баялагаар эдийн засгаа болгож ирсэн орнуудын туршлагаас харахад бүгд л стратегийн томоохон ордууддаа төр хувь эзэмшиж байдаг” гэсэн юм.