Хонгор нутгийн гурван сум цахилгаанд холбогдлоо
Хүн төрөлхтөн гэрэл цахилгаантай болоод 200 гаруй жил өнгөрөөд байхад, XXI зуунд Баянхонгор аймгийн говийн бүсийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумынхан өнөөг хүртэл цахилгааны хязгаарлагдмал орчинд амьдарсаар өдий хүрчээ.
Эдгээр сумыг тогтмол цахилгаантай болгох, төвийн эрчим хүчний сүлжээтэй холбох ажлыг 2012 оноос эхлүүлсэн боловч тодорхой шалтгааны улмаас ажил нь цалгарджээ. Тэгвэл Баянлиг-Шинэжинст сумын хооронд 127 км, 35 кв-ын цахилгаан дамжуулах шугам татаж, “Шинэжинст” дэд станц байгуулах ажил дуусаж, дээрх гурван сумыг 24 цагийн, найдвартай эрчим хүчинд холбосон тухай таатай мэдээ дуулгая. Дэд станцын нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаад ирлээ.
Эрдэнэт хотоос 1200 гаруй км зайд орших Баянлиг сум хүртэл эрчим хүчний шугам татаж, тэндээсээ 127 км газар хүртэл буюу Шинэжинст сумын төв хүртэл шугам татаж, дэд станц байгуулжээ. Энэхүү дэд станцаас Баянцагаан, Баян-Өндөр сум руу 15 кв-ын цахилгаан дамжуулах кабель татсан аж.
Бүтээн байгуулалтын ажилд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлж шуурхай гүйцэтгэж дуусгасан байна. Уг нь энэ ажлыг гүйцэтгэх тендерт ялсан компани болох “Ойгон нуур”- ынхан дундаас нь нэг тэрбум орчим төгрөг шамшигдуулж, алга болгоогүй бол хэдийнэ дуусчих байсан аж.
Гэхдээ туслан гүйцэтгэгч “Виваланд” компанийн хамт олон эхлүүлсэн ажлаа дуусгахаар хичээн зүтгэсний дээр “Эрдэнэт-Булган” цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийнхан хүн хүчний хийгээд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлсэн тул ийнхүү их бүтээн байгуулалтын ажлын ард гарч чаджээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үеэр Х.Баттулга гишүүн болон миний бие гурван сумыг эрчим хүчинд холбоно хэмээн амлаж байсан. Амлалтандаа хүрч, та бүхэнтэй нүүр бардам уулзаж байгаадаа баяртай байна.
Баянхонгор аймагт бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хоёр шинэ сумын төвтэй боллоо, өнөөдөр гурван сум нэг өдөр цахилгаантай болж байгаа нь манай аймгийн түүхэнд бичигдэхээ үйл явдал юм. Эрчим хүчний бодлогын хүрээнд 2015 он хүртэл уг гурван сумыг төвийн эрчим хүчний сүлжээнд холбох боломжгүй хэмээн зураг дээр улаанаар тэмдэглэсэн байсан. Бид уйгагүй хөөцөлдөж байж хэргээ амжилттай бүтээлээ” гэв.
Шинэжинст сум
Шинэжинст сум 2300 гаруй хүн амтай, хотоос 960 км-ийн зайтай оршдог бөгөөд залаа цагаан ямаа алдартай. Цагаан ямааны туур болон хонины ноосоор эсгий бүтээгдэхүүн урладаг Ц.Маамуу нээлтэд ирсэн байлаа. Тэрбээр эрчим хүчний хязгаарлалттай байгаа хувийн бизнес эрхэлж буй хүмүүст ихээхэн бэрхшээл болдог байлаа. Бид хийж бүтээхийн хүслээр дүүрэн байна. Байнгын цахилгаантай болсноор бизнесээ өргөжүүлж, бүлэг уулж, ард иргэдээ дотоодын эгдэхүүнээр хангахаар төлөвлөж Энэхүү ажлыг шантралгүй хийсэн залуустаа маш их баярлалаа” Мөн тус сумын Янзага цэцэрлэгийн багш С.Халтар ‘Харанхуй сум гэрэл гэгээтэй болсонд хүүхэд багачууд, ард иргэд маань туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Бидний очсон дараагийн газар Шинэжинстээс 65 км-ийн зайд байх Баян-Өндөр сум. Сумын иргэд нар, салхины эрчим хүч ашиглан цахилгаанаа залгуулж байсан болохоор айл бүрийн үүдэнд нарны зайн үүсгүүр байх нь анзаарагдлаа.
Баян-Өндөр сум
Тус сум нь 2600 орчим хүн амтай бөгөөд хүүхэд багачууд ихтэй гэдэг нь нээлтэд ирсэн “зочдоос” харагдав. Тэндхийн багачууд авьяастай аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Шинэ сумын төвийн нээлтэд Баян-Өндөрийн авьяастнууд чулуугаар хөгжим тоглож “гайхуулсан” үзүүлбэрээ энэ удаад ч бидэнд толилуулав. Хамгийн гол нь Баян-Өндөрийн ахмадууд энэ ерөөлт өдрийг бэлгэшээн цахилгааны шугамандаа мөргөж байсан нь өрөвдмөөр ч юм шиг тэдний өмнөөс баярламаар юм шиг бодол төрүүлснийг нуух юун.
Баян-Өндөр сумын иргэн Ц.Идэрмөнх “Гурван жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс долоон сая төгрөгийн зээл авсан. Тэрхүү мөнгөөрөө сумандаа автомашин засварын төв нээсэн. Энэ жил зээлээ төлж дуусгаад арван сая төгрөгийн зээл авлаа. Үүгээрээ дугуй засварын багаж, төхөөрөмж худалдаж авсан. Мөн халуун усны газар байгуулсан. Одоо байнгын цахилгаантай болсон учраас халуун усны газраа бойлуураар халаахаар төхөөрөмж авсан” гэлээ.
Дараа нь бид тус сумаас 45 км-ийн алсад байрлах Амарбуянт бүсийн төв хэмээн нэрлэгддэг 3500 хүн амтай Баянцагаан сумыг зорилоо. Үүсгэн байгуулагдаад 83 жилийнхээ ойн дээр ийнхүү төвлөрсөн эрчим хүчинд холбогдож, гэрэл гэгээтэй болсон нутгийн иргэд биднийг баяр хөөртэй угтсан юм. Ийнхүү аймгийн төвөөс алслагдсан дээрх гурван суманд гэрэл цахилгаан дагаж хөгжил ирнэ гэдэгт итгэлтэй байна. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, багачууд нь хичээл номдоо шамдаж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад саадгүй боллоо.
Баянцагаан сум
Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын хэмжээнд одоо төвийн эрчим хүчний системд холбогдоогүй гурван сум үлджээ. Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Говь-Алтай аймгийн Бугат сум аж. Эдгээр сумыг 24 цагийн эрчим хүчтэй болгохоор шийдвэрлэж, 2015 оны төсөвт суулгасан гэнэ. Одоогоор зураг төсөл нь бэлэн болсон байгаа бөгөөд улсын төсвийн санхүүжилт нь шийдэгдвэл ажил эхлэхэд бэлэн байгаа аж.