С.Ганбаатар: Оюутолгойн мэдээлэл ил тод байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн татварын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “2012 оны сонгуулиар маш олон хүмүүс “Оюутолгойг” ил тод болгоно, ард түмэнд ашигтай болгоно гэж орж ирсэн. Өнөөдөр зөвхөн бие даагчдын зөвлөл, хэдхэн гишүүн л ярьж байна. Харин бусад нь таг болсон. Одоо төсвийн байнгын хорооноос “Оюутолгой” ажлын хэсэг гаргаад би өөрөө ахлаад ажиллаж байна. 130 сая ам.долларын хэмжээний, магадгүй түүнээс ч илүү мөнгийг Оюутолгойгоос Монголын тал татварт авна гэдгийг улсын байцаагч нар тогтоосон.
Гэтэл үүнийг Татварын газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат нар нуун дарагдуулж 30 сая болгосон. Би ингэж үзэж байна. Үүнтэй холбоотой мэдээлэл авъя гэж хэлсэн. Харин надад хэлэхдээ энэ бол нууцлалын зэрэглэлтэй, Оюутолгойд л өгнө гэж хэлсэн. Би бол УИХ-ын гишүүн. Хуулиараа бол ямар ч мэдээллийг авах ёстой, ард иргэдээ төлөөлөөд энэ асуудал дээр ярих ёстой” гэж хэлэв.