Б.Рагчаа: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад төрийн бодлого дутагдаж байна
Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа
2014.10.13

Б.Рагчаа: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад төрийн бодлого дутагдаж байна

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаатай нийтийн тээврийн ажилагсдын тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээ болон ажилагсдад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ ?

Нийтийн тээврийн тулгамдаж байгаа асуудлын нэг зангилаа нь жолооч, кондукторын асуудал. Үүнээс болоод Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажилчдын нэр хүнд шалдаа буутлаа уначихаад байгаа юм.

Үндсэндээ өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд, техникийн шинэчлэл, автобус паркийн шинэчлэл гэж яриад байгаа боловч нийтийн тээвэрчид рүүгээ хандсан ямар ч төрийн бодлого явагдаагүй. Үүний золиос нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа 2000 гаруй нийтийн тээврийн ажилчид байна.

-Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ хэдэн компани нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна вэ?

Одоо төрийн гурав, хувийн хэвшлийн 20 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд ашгийн төлөө явах ёстой юу, үйлчилгээний төлөө явах ёстой гэдэгт анхаарал хандуулах ёстой. Одоогоор жолооч кондукторууд орлогоо бүрэн олж байж цалингаа бүрэн бүтэн авдаг системтэй учир орлогын төлөө явж байна.

Гэтэл үйлчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь хөнгөлттэй нөхцлөөр зорчдог үйлчлүүлэгчид байгаа юм. Эдгээр хүмүүсийн нэрэн дээр төрөөс нөхөн олговор олгодог. Харин үүнийг бусад улс оронд үнийн зөрүү гэж нөхөн олговороос гадна өгдөг. Тэр нь одоохондоо манай улсад байхгүй байна.

Хамгийн гол нь төрөөс нийтийн тээврийн байгууллагыг ашгийн төлөө юу, үйлчилгээний төлөө гэдгийг сайн тодорхойлох хэрэгтэй. 
-Тэгэхээр найман сард Нийтийн тээврийн үйлчилгээнд богино эргэлт бүхий 10 хоногийн туршилт явагдсан. Энэ туршилтийн үр дүн хэр байв. Ер нь үүнийг манайд нэвтрүүлэхэд боломжтой юу ?

Тэр туршилтанд жолооч цагийн 6000 төгрөг, кондуктор 4000 мянган төгрөгөөр цалинжсан. Үүний нэг сайн тал ажилчдын хувьд хоорондоо орлогоо булаацалдахүй. Тогтмол цалинтай, ажлаа дуусгаад цагаа бодуулаад ажилласан. Харин одоо кондукторын үндсэн цалин 350 мянга, жолоочийнх 450 орчим мянган төгрөг байгаа юм.

Үүн дээрээ өдрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх хэрэгтэй болдог. Ингэснээр дээрх цалин нь 700-900 мянга төгрөг болно. Хэрвээ орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй бол үндсэн цалингаа авдаг. Үүнээс үүдээд орлогын хойноос болж бие биетэйгээ уралдах, осол аваар гаргах зэрэг асуудлууд гарч байгаа юм л даа.

-Тэгвэл үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ ?

Хамгийн гол нь төрөөс нийтийн тээврийн байгууллагыг ашгийн төлөө юу, үйлчилгээний төлөө гэдгийг сайн тодорхойлох хэрэгтэй. Саяхан бид Зам тээврийн яам, Авто тээврийн нэгдсэн холбоотой хамтраад гурван талт хэлэлцээр байгуулсан. Үүний үр дүнд жолоочийн үндсэн цалинг цагийн 5000 төгрөг, кондукторыг 4000 төгрөг, инженер техникийн ажилчид өөрсдийн гэсэн зохих үнэлэмжийг тогтоосон юм.

Энэ хэлэлцээрийг өнгөрсөн оны зургаан сард байгуулсан. Иймээс үүнийг Хөдөлмөрийн хуулиар мөрдөх ёстой. Бидний хувьд үүнийгээ хэрэгжүүлээч гэж төр засгийн байгууллагад удаа дараа шаардлага хүргүүлсэн.

Гэтэл одоо болтол хэрэгжээгүй байна. Тиймээс одоо хамтын маргааныг үүсгэж байна. Энэ нь үндсэндээ ажил хаяна гэсэн үг юм.  Уг нь үүнийг хэрэгжүүлээд эхэлвэл жолооч 800 мянга, кондуктор 600 мянган төгрөгийн тогтмол цалинтай болно. Ингэвэл нөгөө нэг орлогын хойноос хөөцөлдсөн гэдэг асуудал багасах юм.

-Танай холбооны хувьд нийтийн тээврийн ажилчдын эрх ашгийг хамгаалдаг.  Одоо ажиллаж байгаа ажилчдын өдөрт ажиллах ажлын цаг нь хэд вэ ?

Монголд нийтийн тээвэрт 2000 гаруй хүн ажилладаг.

Журмаараа бол өглөө А-аар гарсан жолооч, кондуктор өдөр 2 цагт буух ёстой. Мэдээж илүү цаг ажиллавал хөдөлмөрийн хуулиараа илүү цагийн мөнгөө өгөх ёстой. Харин уртаар ажлуулсан тохиолдолд асуудал үүсч байгаа юм. Илүү цагаар ажилласан жолооч ядарна. Үүнээс болж дагалдах асуудлууд гарч ирдэг бөгөөд  жолооч өөрөө хүссэн ш дээ, манайд үнэхээр автобус жолоодох хэмжээний чадвартай жолооч алга гэсэн шалтагийг их хэлдэг.

-Автобус нэг, хоёр, гурваас гадна хувийн хэвшлийн 20 гаруй компани байгаа гэсэн. Энэ аж ахуй нэгжүүдэд ҮЭ-ний үйл ажиллгааны хяналт хэр тавьдаг вэ ?

Эдгээр байгууллагын  бараг 99 хувь нь ҮЭ-ийн байгууллага байхгүй. Яагаад гэвэл эзэд нь байгуулах сонирхол байдаггүй. Харин эсрэгээрээ байгуулах гэсэн хүнийг нь шахаж дарамтлан, ажлаас  нь халдаг. Зарим байгууллага нь бараг хагас цэргийн зохион байгуулалттай учир нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг тоодоггүй.