Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой
2014.10.09

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой

МҮЭХ-оос өнгөрсөн долдугаар сарын 29-нд Засгийн газарт энэ оны төсвийн тодотгол, 2015 оны төсөвт тусгуулах саналаа урьдчилсан байдлаар хүргүүлсэн юм.

Энэхүү саналдаа хэд хэдэн асуудлыг хөнджээ. Тухайлбал, цалин, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн төвшинтэй уялдуулан 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг урьдчилсан байдлаар хүргүүлсэн. Харин ийм боломж бий эсэх талаар өчигдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо эхний уулзалтаа хийлээ.

Энэ саналыг нарийвчлан судалж, тооцоо судалгааг нь хийх, тодорхой саналыг дэвшүүлэх есөн хүний бүрэлдэхүүнтэй гурван талын ажлын хэсгийг байгуулаад ойрын хугацаанд хэлэлцүүлэг эхлүүлэхээр болжээ.

Улсын төсөв хүндхэн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш өссөн. Иргэдийн амьдрал ахуй тэр хэмжээгээр доройтож, бага хувиар нэмэгдсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадвар нэлээд тааруу үзүүлэлттэй байгаа. Энэ үед МҮЭХ цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2015 онд улсын төсвөөр дамжуулж 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага, саналыг хүргүүлсэн нь “байгаа оносонгүй” гэж зарим төрийн албан хаагч шүүмжлэх аяс цухалзуулсан юм.

Харин МҮЭХ-ныхон “Бид улсын төсөв хэлэлцэх сургаар юм уу төсвийн хэлэлцүүлэг эхлэнгүүт “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тэдэн хувиар нэмэгдүүлье” хэмээн тооцоо судалгаагүй шаардлага тавиад байгаа юм биш.

Улстөрчид л иймэрхүү байдлаар хашгирч, олон нийтийг хүлээлтийн байдалд оруулдаг. МҮЭХ зохих хууль тогтоомжийн дагуу буюу улсын төсөв хэлэлцэхээс өмнө өнгөрсөн долдугаар сард саналаа хүргүүлсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үнийн зохиомол өсөлтийг зогсоох боломж бий

Мөн МҮЭХ Үнэ бүрдэлтийн тухай хууль, Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах саналыг хүргүүлсэн ч хаврын чуулганаар хэлэлцээгүй. Засгийн газрын бүтцийн асуудал, зарим сайдыг солих тухай ярилцсаар байгаад намрын чуулгантай золгосон юм. Тиймээс МҮЭХ-оос нэр дурдсан хоёр хуулийг дахин УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, тодорхой шийдлийг гаргаач гэдэг саналыг тавьж байга аж.

Үнэ бүрдэлтийн тухай хуулиар зохиомол өсөлтийг зогсоох бүрэн боломжтой. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулиар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн бодит худалдан авах чадварыг хамгаалах бүрэн боломжтой юм.

Энэхүү хоёр хуульд ач холбогдол өгч УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталвал улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээх, ард иргэдийн амьдралыг сайжруулах бодит алхам болно гэж МҮЭХ-ныхон үзэж байна.

Хөдөлмөрийн хяналт шалгалтыг чангатгая!

Үүнээс гадна МҮЭХ-ныхон Хяналт шалгалтын тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагатайг сануулав. Ялангуяа, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээнд тавигдах хяналт шалгалтыг хийхдээ сарын өмнөөс “Танай байгууллага дээр ийм шалгалт очно” хэмээн урьдчилан зарлаж бэлдүүлдэг.

Бизнес эрхлэгч, ажил олгогчдыг янз бүрийн шалгалт, үзлэгээр дарамтлахгүй гэдэг нэрийн дор өнөөдөр иймэрхүү байдал үүссэн нь нууц биш. Үүний ард хөдөлмөрийн харилцааны олон зөрчил нуугдаж хоцорсоор байгаа юм.

Үр дагаварт нь үйлдвэрлэлийн ослоор олон хүн амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирчээ. Тиймээс Хяналт шалгалтын тухай хуулийг чангатгах ёстой. Ялангуяа, хөдөлмөрийн хяналтыг төлөвлөгөөт байдлаар шалгах шаардлагагүй.

Урьдчилан мэдэгдээд шалгалт хийдгээс олон тооны осол, зөрчил гарсаар байна. Иймээс хяналт шалгалтыг гэнэт буюу цаг үеийн шаардлагаар нэлээн чангатгах хэрэгтэй гэдэг саналыг МҮЭХ-оос гаргалаа.