Х.Амгаланбаатар: Цалингийн доод хэмжээг 2 дахин, хөлсийг нь 60 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай
МҮЭХ-ны цалин тэтгэвэр нэмэгдүүлэх боломжийг хэрхэн харж байгаа талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцсанаа хүргэе.
-Цалин тэтгэвэр нэмэх шаардлагатай байгаа иргэд ч дор бүрнээ ярьсаар л байна. Харин танайхаас цалин, тэтгэврийг дахин нэмэх боломжтой хэмээн үзэж байгаа юм байна. Энэ талаараа тодруулбал?
Улсын төсвийг хэлэлцэх энэ асуудал тодорхой хууль тогтоомжийн дагуу явагддаг. Аливаа төсвийг тухайн оны төсөвт тусгуулах саналыг тодорхой хугацаанд аваад, төсвийг хэлэлцэх хүртлээ энэ талаар холбогдох газрууд нь хэлэлцдэг байгаа.
Тэгэхээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг өнгөрсөн долдугаар сарын 29-нд албан тоотоор хүргүүлсэн. Энэ чиглэлээр Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Санжмятав, түүнийг Үндэсний гурван талт хэлэлцээрийн хорооны даргын хувьд, энэ саналыг бас тавьж, хэлэлцсэн.
Гэвч зарчмын хувьд 2 удаагийн уулзалтаар МҮЭ-ийн тавьсан саналд засгийн газар шууд утгаараа нийлэхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Энэ бол бололцоогүй юм аа гэсэн. Гэхдээ бидний хувьд боломжтой гэж харж байгаа.
Цалин тэтгэврийг нэмэх бодит шаардлага тулгараад байгааг ойлгох хэрэгтэй.
-Яг хичнээн хувиар хэрхэн нэмэгдүүлбэл иргэдийн амьжиргаа хийгээд цалингийн нэмэгдэл нэмэгдэл шиг харагдах вэ?
Энэ жил төрөөс цалингийн хэмжээг нэмэгдүүлсэн ч гэлээ үр дүн багатай харагдаж байна. Тэгэхээр хувь хүнд цалин нь үнэхээр нэмэгдсэн гэсэн тэр мэдрэмжийг төрүүлэхийн тулд 6 хувиас багагүй хэмжээгээр нэмэх хэрэгтэй. Тэгж байж л цалингийн нэмэгдэл болж чадна.
Иргэдийн худалдан авалт доошилсон байна. Цалин тэтгэврийг нэмэх бодит шаардлага тулгараад байгааг ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр Улсын төсөв хямралтай байгаа энэ үед цалин тэтгэврийг нэмэх боломж бий юу?
Бий. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох ёстой гэсэн санал тавьсан. Төсөв хямралтай гээд хойш тавиад байж болохгүй.Ийм боломж байх ч ёстой.
Нэгдүгээрт, улс үр ашиггүй зардлуудаа боломжийн хэмжээнд танах ёстой. Үүнээс хэмнэгдсэн төсвийг цалин тэтгэвэррүү шилжүүлэх.
Хоёрдугаарт, Монгол Улсын засгийн газар өөрийнхөө бүтцийг боловсронгуй болгохоор шийдэл гаргаад байна. Энэхүү засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд тодорхой хөрөнгийн эх үүсвэрүүд гарна. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хэмнэгдэх зардлуудыг цалин нэмэгдэлд оруулж өгөх хэрэгтэй.
Гуравдугаарт, Монгол улсын эдийн засгийн эх үүсвэрийн гол тулгуур багана болсон уул уурхайн салбараас орж ирэх орлого бүрхэг байгаа. Энэ орлогыг тодорхой болгож, оюутолгой болон бусад уул уурхайгаас орж ирэх орлогыг нэмэгдүүлснээр цалин тэтгэврийг манайхаас тавьж байгаа шаардлагын дагуу нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж бид харж байна.
Энэ цалин тэтгэврийг нэмэгдүүлэх нь газарт шингээд алга болчихдог зардал, хөрөнгө оруулалт биш . Энэ бол эргээд хувь хүнийг идэвхижүүлдэг, улс орны эдийн засгийг цааш нь өсгөх хүчин зүйл болдог. Иймээс цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд улс гар татах хэрэггүй.
Сая Сангийн сайд ирэх оны төсөвт 500 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэлд зарцуулах боломжтой талаар ярьсан шүү дээ. Үүн дээр таны бодол?
Хэвлэл мэдээллээр гараад байгаа, зарим УИХ-ын гишүүдийг яриад байгаа 500 тэрбум төгрөгөөр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэсэн хариуг манайд албан ёсоор ирүүлээгүй байгаа.
Манайхаас хийсэн урьдчилан тооцоо судалгаагаар нийтдээ 800 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болж байгаа юм. Үүнийг бий болгохын төлөө ажиллах ёстой.
Аливаа хэлэлцээ хэлэлцээр нэг талын тулгалт шаардлагаар бүрэн хэрэгжих ёстой гэж би үздэггүй. Хамгийн гол нь улсын төсөвт хөрөнгийн эх үүсвэр хэр бодитой байгаа вэ гэдэгт тулгуурлаж, МҮЭХ-ны саналыг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Ер нь бол ирэх онд цалингийн хэмжээг 60 хувиар нэмэгдүүлээд цаашид зах зээлийнхээ жамаар яваад үзэх хэрэгтэй байна.
Энэ Шинэчлэлийн засгийн газрыг АН-ынхан удирдаж, УИХ-ын олонхыг мөн д АН-ынхан бүрдүүлж байгаа. Тэгэхээр АН-ын өмнөө тавьсан зорилго мөрийн хөтөлбөрт “Ажилтай орлоготой монгол хүн”-ийг бий болгох байсан. Тэгвэл хүмүүс маань ажилтай болчихлоо, одоо орлоготой болгох хэрэгтэй байна.
-Уул нь энэ жил цалин тэтгэврийг нэмсэн шүү дээ. Гэвч тодорхой үр дүн харагдахгүй байх шиг?
Энэ жилийн цалин нэмэгдлийг бид инфляцийг нөхсөн тохируулга гэж ойлгож байгаа. Нэг талаас цалин нэмэгдэж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа бодит судалгаанаас харахад инфляцыг нэмж байгаа тохируулга гэж үзэж байна. Тэгэхээр энэ ойлголтыг Үндэсний гурван талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой болгох ёстой.
Инфляци тодорхой хувь хэмжээгээр өсөхөөр цалин орлогын бодит худалдан авалт буурч байгаа учраас энэ унасан байгаа худалдан авах чадварын буцааж хэвэнд нь оруулахыг тохируулга гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр үүнд зарчмын хувьд гурван тал өөр өөр байр суурьтай байдаг л даа. Инфляцийг тохируулга гэж ойлгох уу, нэмэгдүүлсэн хэлбэр гэж үзэх үү гэдэг өөр л дөө.
-Энэ жил цалин тэтгэврийн нэмэгдэлд нийт хичнээн төгрөгийг зарцуулсан бол?
2014 онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийтдээ 235 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа. Аль салбарт хичнээн хувиар нэмэгдүүлсэн бэ гэдгийг хэлэлцээрийн хүрээнд заалтынхаа дагуу хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ яг хичээн хувиар хэрэгжүүлээд байна. Бараа бүтээгдэхүүний өсөлт цалин нэмэгдэхээр адилхан хэлдэг гэсэн ойлголт бага ч болов өөрчлөгдлөө.
-Цалин доод хэмжээг нэмэх боломжтой юу?
Нэр бүхий гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг байх ёстой гэж үзэж байна. Харин манай холбооны хувьд арай өөр, 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийнхаа заалтын дагуу 192 мянган төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа.
Ер нь бол ирэх онд цалингийн хэмжээг 60 хувиар нэмэгдүүлээд цаашид зах зээлийнхээ жамаар яваад үзэх хэрэгтэй байна.