Худалдан авах ажиллагааны газар “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэл хийлээ
Худалдан авах ажиллагааны газар “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэл хийв.
2014.10.07

Худалдан авах ажиллагааны газар “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэл хийлээ

Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах үндсэн арга бол худалдан авах ажиллагааг цахимжуулах. Энэ ажлыг үр дүнд хүргэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны газар байгуулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон шинэчлэл хийлээ. Салбарт хийсэн шинэчлэл болон худалдан авах ажиллагааны энэ жилийн ажлын явцыг “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээллээ.

“Худалдан авах ажиллагааны газар тендерийн бүх үе шатыг цахимжуулж, e-tender.mn вэб сайтад мэдээллийн санг төвлөрүүллээ. Энэ онд манай газар хариуцан гүйцэтгэх ёстой 395,5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерээс эхний 9 сарын байдлаар 320 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан ба эдгээрийг 100 хувь цахимаар явууллаа. Цаг, зардал хэмнэж, өрсөлдөөнийг дэмжсэн энэ шинэчлэлийн үр дүнд цахим  тендерийн үйл ажиллагаанаас 450-550 сая төгрөг хэмнэсэн. Худалдан авах ажиллагааны газар болон орон нутгийн худалдан авах ажиллагааны албадаас 2013, 2014 онд зохион байгуулсан нийт тендерээс 34,4 тэрбум төгрөг хэмнэлээ” гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал хэллээ.

Тендерт оролцогч компани өмнө нь олон байгууллагаар орж бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо ХААГ дахь нэг цэгийн үйлчилгээний төвөөс бүх үйлчилгээг авч байна. Үүнээс гадна худалдан авалтад хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, сургалтыг аж ахуйн нэгжүүдэд зориулан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 15:00 цагт ХААГ-т зохион байгуулж байна.

Тендерт оролцогчдын мэдээллийг нээлттэй болгосон, тендерийн гүйцэтгэлийг ил тод тайлагнаж эхэлсэн, тендерийн үнэлгээний хороонд олон нийт, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулдаг болсон зэрэг шинэ зохицуулалтууд хэрэгжиж байна. Эдгээр мэдээллийг e-tender.mn цахим хуудаснаас авах боломжтой. Одоогийн байдлаар худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 2500 гаруй иргэн, олон нийтийн байгууллагын төлөөлөл тендерийн үнэлгээний хороонд ажиллах эрхтэй байна.

Тендерийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг зарласан. Банкны тодорхойлолт, санхүү татварын тайлан зэргийг хуурамчаар бүрдүүлсэн, гэрээний үүргээ зөрчсөн нэр бүхий 28 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад бүртгээд байна. Удахгүй худалдан авах ажиллагааны мэдээллийг иргэд гар утаснаасаа авах боломжтой болно. Цахим тендерийн шинэчлэлийг цаашид үргэжлүүлж, 2016 он гэхэд цахим гэрээ, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХААГ-аас танилцууллаа.

Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар 9 дүгээр сарын 19-нээс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний дагуу хугацаа хожимдуулсан худалдан авалтын гэрээний санхүүжилтийг дараа онд шилжүүлэх юм. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулах 925 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1272 төсөл арга хэмжээний худалдан авалт одоогийн байдлаар 92,3 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.