Г.Маналжав: Төр засаг бидэнтэй хамтран ажиллаасай
Монголын Нутгийн Удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав
2014.09.26

Г.Маналжав: Төр засаг бидэнтэй хамтран ажиллаасай

Монголын Нутгийн Удирдлагын “20 жилийн ойн” баярын хурлаа Төрийн ордонд хийлээ. Хурлын үеэр холбооны үйл ажиллагаа болон бусад асуудлаар Монголын Нутгийн Удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжавтай ярилцлаа.

-Нутгийн удирдлагын холбоо байгуулагдаад аль хэдийнэ 20 жил болжээ. Тэр үед холбоогоо хэрхэн байгуулж байсан үеэ дурсвал ?

20 жилийн өмнө үндсэн хуулиар орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрэлдэж нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдах ёстой хослуулах зарчим хэрэгжиж эхэлсэн үетэй зэрэгцэж байгуулагдсан.

Энэ зарчим хэрэгжээд ирэхээр нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг удирдах шатны хурлын байгууллагууд хэрэгжүүлдэггүй,  өөрсдийн зорилго чиглэлээ төдийлөн сайн ойлгохгүй янз бүрийн үзэл бодолтой хүмүүс зэрэг ажиллаад ирсэн юм. Үүн дээр л үндсэн хуулийн үзэл баримтлалыг төлөвшүүлэхэд тус дэм больё гэж манай хэсэг нөхдүүд санаачлаад Нутгийн удирдлагын холбоог байгуулж байлаа.

-Эргээд харахад алдсан гэхээсээ илүү оносон зүйл их байгаа байх. 20 жил гэдэг багагүй хугацаа. Бараг ардчилсан нийгэм байгуулагдах үед үүссэн анхны холбоодуудын нэг. Тиймээс өнгөрсөн хугацаанд ямар ололт амжилт гаргасан бэ ?

Энэ хугацаанд нийт зургаан удаагийн сонгууль болж өнгөрлөө. Тэр бүрт бидний зүгээс ИТХ-ын гишүүдийг сургах, тэдний санал бодлыг сонсож төр засагт уламжлах зэрэг ажлуудыг олон хэлбэрээр зохиож ирлээ.

Бидний гаргасан гол амжилт бол засаг захиргаа, түүний нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулинд  долоон удаа нэмэлт өөрчлөлт оруулж чадсан явдал. Манай холбооны тавьсан санал хүсэлт Засгийн газраар дамжин хэрэгжиж орон нутгийнхаа төлөө хийж байгаа ажилн бодит биелэлээ олсон юм.

 -Тэр ажлуудаасаа жишээ дурьдвал ?

Жишээ нь 1992-1996 онд бүх шатны хурлын дарга гэсэн орон тоо байгаагүй. Харин нэг нарийн бичгийн дарга л гэж байсан. Гэтэл Засаг даргын тамгын газар нь гэхэд засаг дарга , орлогч, тамгын газрын дарга гээд бүхэл бүтэн аппарат ажиллаад байдаг.

Тэгэхэд өөрөө удирдах байгууллага нь нарийн бичгийн даргаас өөр хүн байхгүй. Энэ асуудлыг хамгийн эхэлж хөндөж, бүх шатны хурлын дарга нарыг аймаг, сум, дүүргүүдэд бий болсноор хурал гэдэг байгууллага эрчтэй ажиллах, бэхжих үүд хаалга нээгдсэн юм. Үүний дараагаар хурлуудын чиг үүргийг улам боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Монголын Баг Сумдын Үндэсний холбооноос шагнал гардуулав.

-Цаашдаа “Нутгийн Удирдлагын холбоо”-оос хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр юу байна вэ ?

Одоо бидний гол зорилго бол чадвартай,  хариуцлагатай, иргэддээ тулгуурласан иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөвшүүлэх явдал. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллага үндсэн хуулиар баталгаажсан бүтэцтэй боллоо. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн дагуу чиг үүрэгтэй боллоо. Эдгээр хүмүүсийг сургаад, дадлагажуулдаг систем тогтвол иргэд чадваржина. Иргэд өөрсдөө үйл ажиллагаандаа идэвхтэй оролцдог болно. Цаашилвал хамгийн гол нь чадваржуулна гэж ярьж байгаа. Холбооны зүгээс энэ тал дээр л түлхүү ажиллана даа.

-ТББ-ууд өөрсдийн үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй зүйл нэлээдгүй тулгардаг. Танай холбооны хувьд өөрсдийн үйл ажиллагааг  хэрхэн явуулдаг вэ ?

Манай байгууллагын гол зарчим нь ямар ч улс төрийн намаас ангид үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага гэдгээрээ онцлог. Бид Засгийн газрын хуулиар зөвшөөрсөн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэхэд  дэм болдог. Шат шатны өөрөө удирдах байгууллагын арга зүй, зохион байгуулалтанд туслалцаа үзүүлнэ гэдэг заалтыг засгийн газар хуулиндаа тусгасан байдгыг бидний зүгээс хэрэгжилтийн тал дээр нь туслах үйл ажиллагаагаа явуулдаг.

Харин энэ бүх үйл ажиллагааг явуулахад ямар ч санхүүгийн тусламж үзүүлдэггүй. Нэг үгээр хэлэхэд холбоо маань хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж л явна. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 6500 гаруй холбоод үйл ажиллагаагаа явуулдаг мөртлөө  манайх шиг 21 аймаг тэдгээрийн сум, баг бүрт хүрч үйл ажиллагаа явуулдаг холбоо байхгүй.

Ийм өргөн цар хүрээтэй ажилладаг мөртлөө засгийн газраас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авдаггүй. Тиймээс төр засаг дэмжиж дэргэдээ авах хэрэгтэй гэж бодож байна.

-Тэгвэл үүнийг шийдэх гол гарц нь юу гэж бодож байна вэ ?

Уг нь хуулиндаа бол ТББ-аар хуулийг хэрэгжүүлэлтийг хийлгэж болно гэсэн заалт байгаа. Энэ засгийн газрын хувьд манайхтай гэрээ байгууллаад  өөрөө удирдах байгууллагын ажилтангуудыг сургалт, семинар зохион байгуулах зэргийг бидэнд даалган хамтран ажиллавал болохгүй гэх зүйл байхгүй .

Энэ үеэр баярын хуралд оролцож байгаа Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.

Д.Батбилэг: Хурлын дарга нарыг орон тооны болгох хэрэгтэй
-Хан-Уул дүүргийн ИТХ-ын хувьд Монголын Нутгийн Удирдлагын холбоотой хэрхэн хамтран ажиллаж байна вэ ?

 Маш сайн хамтран ажилладаг. Ер нь манайх бусад дүүргүүд дундаа жишиг дүүрэг. Одоо манай дүүрэгт Азийн хөгжлийн сангаар дамжуулан хоёр төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд 16 хороогоо иргэний танхимийн  ажилтантай болгоно. Ингэж анхан шатны нэгж байгууллагын ажилтнаа шуурхай зохион байгуулалттай болгож авахгүй бол иргэдээ хөгжүүлнэ гэхэд хүндрэлтэй байдаг.

Монголын Нутгийн Удирдлагын холбооноос шагнал хүртлээ.

Тэгэхээр ИТХ-ын үйл ажиллагааг илүү сайжруулахад ямар арга хэмжээ авбал дээр вэ. Таны бодлоор ?

Миний бодлоор Иргэдийн Төлөөгчдийн хурлын дарга нарыг орон тооны болгох хэрэгтэй. Ингэвэл олон саад бэрхшээлүүдийн нэг нь алга болно.Орон тооны болсоноор хүн тогтмол ажиллаж эхэлнэ. Нөгөөтэйгүүр ажиллаж байгаа хүнд итгэл үнэмшил төрснөөр тухайн ажлыг улам сайн хийдэг болно.

Сүүлийн үед танай ИТХ ямар ажил хийж байна вэ ?

Саяхан Увс аймгийн Хяргас сумтай холбоо тогтоогоод ирлээ. Бидний хувьд хоёр мянган километрийн цаана байрлах сум руу зорьж очин туршлага солилцсон юм. Ингэж орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцаж, туршлага солилцох нь нэг талаараа дэвшилт болж байгаа юм.