800 цэргийн албан хаагч, 180 зэвсэглэл, техник оролцсон хээрийн сургуулилт боллоо
2012.06.08

800 цэргийн албан хаагч, 180 зэвсэглэл, техник оролцсон хээрийн сургуулилт боллоо

Нийслэлээс 60 гаруй км-т орших Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн сургуулийн районд энэ сарын 3-нд “Өгөөмөр-12” нэртэй байлдааны буудлагатай тактикийн хээрийн томоохон сургууль амжилттай боллоо.

2007 оноос хойш ийм томоохон хэмжээний хээрийн сургууль хийгдээгүй бөгөөд энэ сургуульд манай Зэвсэгт хүчний зэвсэглэлд нэвтэрсэн шинэ зэвсэглэл, техникүүд оролцсноороо онцлог байв. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан  хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэрэг, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн болон Тусгай томилолтын тагнуулын, Ар тал, техникийн хангалтын зэрэг нийт 21 анги, салбарын 800 гаруй цэргийн алба хаагч, нисдэг тэрэг, танк, явган цэргийн байлдааны машин, их буу болон авто, хуягт техник зэрэг 180 зэвсэглэл, техник оролцсон юм.

Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний ар тал, хангалтын ангиуд тусгай тактикийн сургууль хамтатган явуулж, цэргийн хээрийн эмнэлэг, гал тогоо, талхан цех, зэвсэглэл, техникийн засварын бүлэг гарган ажиллууллаа.

Хээрийн сургуулийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар удирдан явуулсан юм. Зэвсэглэл, техникийн цэц мэргэ, бэлэн байдал, цэрэг дайчдынхаа цэргийн мэргэжлийн ур чадвар, ид хавыг сорьж шалгасан хээрийн сургуулийг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар үзэж сонирхон амжилттай явагдсанд баяр хүргэлээ.

Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төгсгөлд сургуульд оролцсон бүх техник парадаар /ёслолын жагсаалаар/ яван сүр хүчээ үзүүлж, Цэргийн дуу бүжгийн чуулгынхан цэрэг эрст тоглолтоо сонирхуулж, сургуульд амжилт гаргасан, мэргэн буудсан оцицер, ахлагч, цэрэг, түрүүч нар БХЯ-ны дурсгалын бугуйн цаг, “Онц буудагч”, “Онц сурлагатан” энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулав.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.