Барилгын осолд анхаарлаа хандуулах болсныг анхааруулав
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат
2014.09.25

Барилгын осолд анхаарлаа хандуулах болсныг анхааруулав

Барилгын салбарт ажиллагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал хэрээс хэтэрлээ хэмээн МҮЭХ, МБҮЭХ-ноос сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат  “Нэг сарын дотор 3 удаагийн  осолд нийт зургаан  хүний алтан амь нас эрсдэж тэдний гэр бүлд, улс оронд хэмжиж болшгүй хохирол учирлаа.

Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын хяналт, журам зааврыг мөрдөөгүй, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагааны хор уршиг. Энэхүү осол эндэгдлээс гадна хүний эрүүл мэнд бие махбодид гэмтэл бэртэл учруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөр өвдөх, тахир дутуу болох явдал гарч байна. 

Нийт зургаан  хүний алтан амь нас эрсдэж тэдний гэр бүлд, улс оронд хэмжиж болшгүй хохирол учирлаа

Энэхүү осол аваарын цаад мөн чанар нь манай улсын төр засаг, ажил олгогчид ажилтнуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд хойрго ханддаг, дорвитой хөрөнгө оруулалт хийдэггүйд байгаа юм гээд МҮЭ-ийн холбоо Барилгачдын ҮЭ-ийн холбоо хамтран УИХ, Засгийн газар, нийт ажил олгогч, ажилтнуудад хандан шаардлага уриалга хүргүүлж байна гэлээ.

Шаардлага, уриалга

УИХ, Засгийн газарт

1.УИХ-ын 2013 оны ХАБЭА талаар гаргасан 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага тооцох

2.ХАБЭА тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулганаар  оруулах 

3.Засгийн газарт ХАБЭА тухай хуульд заасны дагуу бараа бүтээгдэхүүн үйлчилгээний зардалд ХАБЭА зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгах 

4.Барилгын төсөвт өртөгт эзлэх нийт төсвийн 13,6 хувийг ХАБЭА  зохих  журмын  дагуу зарцуулж буй эсэхэд хяналт тавих

5.Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөрийг санхүүгийн тодорхой эх үүсвэртэйгээр батлах 

Ажил олгогч нарт: 

1.Хуулийн дагуу нийт үйл ажиллагааны зардлын 1 ээс дээш хувийг ажилтнуудынхаа ХАБЭА асуудалд төсөвлөн зарцуулж хэвших

2.Барилгын  туслан гүйцэтгэгч гэрээгээр ажиллагсдыг ХАБЭА стандарт шаардлагыг хангасан эсэхэд хатуу хяналт тавьж ажиллуулах, Хөдөлмөр хамгааллын зардлыг гэрээнд нарийн тусгаж хэрэгжилтийг ханган ажиллах

3.ХАБЭА сургалт, зөвлөгөөн хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж хэвших, зан үйлд сургах

4.Нийт  компаниуд  ялангуяа Барилгын салбарын ажил олгогч нарыг аюулгүй ажлын байрны төлөө манлайлж ЗГ, ҮЭ-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  

Ажилтнуудад: 

1.ХАБЭА талаарх мэдлэг  боловсролоо дээшлүүлэх, наад захын аюулгүй байдлаа хангаж хэвших 

2.Аюултай, эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллахгүй байх, ажил олгогч болон асуудал хариуцсан ажилтнуудад шаардлага тавих

3.Осол аваар гарах нөхцөл бүрдсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад мэдээлэх 

4.Цаг ямагт осол аваараас урьдчилан сэргийлэх