Д.Ганбат:Засгийн газар бүтцээ өөрчлөөд ажиллаад үзэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны тал дээр ямар бодолтой байна вэ?
-Энэ парламент, Засгийн газар хугацааныхаа талаас илүү рүү нь орчихлоо. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш энэ том бүтцээр үйл ажиллагаа явуулж байна. Цаашид энэ чигтээ яваад байх боломжгүй гэдгийг засаг нь ч хүлээн зөвшөөрч байх шиг. Тиймээс намрын чуулганы эхэнд уг асуудлыг хэлэлцэх ёстой юм болов уу.
-Засгийн газар ямар ямар бүтцээр үйл ажиллагаа явуулбал болох вэ?
-Одоогийн Засгийн газар томдсон толгойтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр манай орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй л дээ. Хэрэв эдийн засаг сайн байгаад одоогийн Засгийн газар хүмүүсийн хүсэн хүлээсэн үр дүнг үзүүлэх хэмжээнд ажиллаж байсан бол том, багын асуудлыг тусад нь ярьж болно.
Харамсалтай нь өнөөдөр Засгийн газар хүсэн хүлээсэн үр дүнд хүртэл ажиллаж чадахгүй байна. Үүнд гадаад дотоод аль аль хүчин зүйлс нөлөөлж байгаа байх. Тиймээс бүтцээ өөрчлөөд ажиллаад үзэх хэрэгтэй.
- Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт ямар үр дүн гарав. Ихэнх нь үр дүн багатай өнгөрлөө гэж байна. Уг ажлаас цаашид гарах үр дүн үлдсэн үү?
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг үр дүнгүй гэх нь хаашаа юм. Засгийн газраас хэрэгжүүлсэн 100 хоногт бидний хүсэн хүлээсэн үр дүн амьдрал дээр гарсангүй дээ. Ард түмний идэх хоол, өмсөх хувцас, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ажлын байр, авч буй цалин дээр тодорхой харагдах ёстой. Тэр бүхэн нь одоохондоо харагдах юм алга. Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал хуулиуд батлагдсан.
-Засгийн газар тэгээд үүн дээр хэр ажиллав ?
Засгийн газар өнөөдөр шийдвэр гаргалаа гэхэд маргааш нь үр дүн гарч байх ёстой байсан. Монгол улс импортоос хамааралтай. Өнөөдөр манайд импорт, НӨАТ хэд байдаг билээ. Бараа бүтээгдэхүүн оруулахад 20 хувийг нь өгдөг.
“Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна
Татварыг нь тэглэж болох байсан. Тэглэдэггүй юм аа гэхэд багасгах хэрэгтэй байлаа. Татварыг багасгалаа гэхэд маргааш нь л хүмүүсийн амьдралд мэдрэгддэг л байхгүй юу. Энэ мэтчилэн ажиллах шаардлагатай байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй нэг зүйл нь гурил, бензиний үнийг тогтвортой барьж байна.
Засгийн газар энэ бүхний үнийг байнга бариад байж чадах юм уу?
-Би бол Засгийн газрыг гурил, бензиний үнийг тогтвортой барьж чадахгүй ээ гэж шүүмжилдэг хүмүүсийн нэг л дээ. Цаашид үнийг тогтвортой барьж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
Ард түмний идэх хоол, өмсөх хувцас, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ажлын байр, авч буй цалин дээр тодорхой харагдах ёстой
-Эдийн засаг хүндэрлээ. Хямрал руу дөхөж байна гэх юм. Гадны хөрөнгө оруулагчдын ганц загвар болгон харж байгаа Оюу толгой, Таван толгой төсөл цаашид хэрхэн явах юм бол?
-Оюу толгой төсөл мэдээж хөрөнгө оруулагчдын загвар болсон, манай оронд боломжийн хөрөнгө оруулчихсан төсөл. Цаашид ч гэсэн Оюу толгойгоос мөнгө орж ирэх ёстой. Есдүгээр сарын 30-наас өмнө Оюу толгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийднэ гэж ярьж байсан ч өмнөхийн адил ингэх гэж байна, тэгэх гэж байна гэсэн ярианы нэг хэсэг болчихов уу даа л гэж харж байна даа.
Уг төсөл юун дээрээ гацаад байна цаашид яах вэ гэдэг дээр нухацтай ажиллахгүй бол энэ хэвээрээ унтаа байгаад байж болохгүй. Оюу толгой нь гадна дотнын хөрөнгө оруулагчдын эталон болсон төсөл л болчихоод байгаа.
Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид ус агаар шиг л хэрэгтэй болчихоод байна шүү дээ. Гацаанаас гаргаж явуулах л хэрэгтэй. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг Оюу толгойдоо ч асуудал байх шиг байгаа юм. Одоогийн байгаагаас илүү ямар хөнгөлөлт шаардах гээд байгаа юм бэ. Харилцан ашигтай байх зарчим алдагдах гээд байна уу гэсэн бодол л сүүлийн үед төрөх юм байна шүү дээ. Хуучин Засгийн газрыг буруутган эд нар л ажлаа хийхгүй байна гээд байсан бол одоо аль аль талд нь л асуудал байх шиг байна.
-Хууль зүйн байнгын хороо УИХ-ын чухал байнгын хорооны нэг. Намрын чуулганаар даруй хэлэлцэх ямар хуулийн төслүүд байгаа вэ?
-УИХ хууль тогтоох байгууллага. Манай орон парламентын засаглалтай улс. Хуулиа батлан гаргахаас эхлээд хуульд хяналт тавьдаг. Мэдээж Хууль зүйн байнгын хороо чухлаас чухал. Олон чухал зүйл яригдаж байгаагийн дотор шүүхийн шинэчлэл нэлээд урагштай байна. Үүн дээр гарч буй алдаа оноо засч залруулахаар ажиллах ёстой. Хуульзүйн салбарт шинэчлэл ч урагштай байна.
Нийт 40 гаруй хуулиас 10 гаруй хууль батлагдсан. Зарим нь батлагдах шатандаа явна. Тиймээс хууль эрхзүйн хүрээнд шинэчлэлийн 20 хувь нь хийгдсэн гэж болно. Галт зэвсгийн тухай хууль, Газрын тухай хууль, Гэмт хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, Хуульчдын эрхзүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гэх мэт чухал хуулиуд хэлэлцэх шаардлагатай. Намрын чуулганаар эдгээр хуулиуд дээр гишүүд анхаарал хандуулан сайн ажиллах шаардлагатай байгаа шүү гэдгийг хэлье.
- Хоёр орны төрийн тэргүүн манай оронд айлчилсан. Эдгээр айлчлалаас Монгол улсад юу үлдсэн юм бэ. Тэр гээд хэлчих зүйл байна уу ?
-Хоёр хөршийн тэргүүн хоёр долоо хоногийн зайтай айлчиллаа.
БНХАУ-ын Төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ирлээ
Ардчилсан нам хоёр төрийн тэргүүнийг айлчлуулж чадлаа. Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намаас хоёр дахь удаагаа сонгогдсон. Засгийн газар, УИХ-ыг хоёр хөрштэйгөө хэл амаа ололцоод явж чадахгүй байна гэдэг байсан. Тийм биш шүү гэдгийг харууллаа. Хэдэн зуун жилийн турш хийж чадаагүй зүйлийг хийчихлээ. Монгол Улс хэдэн малаа туугаад нүүгээд явчихгүй. Тиймээс хоёр хөрштэйгээ заавал хэл амаа ололцох ёстой.
-Хэл амаа ололцох хэрэгтэй л дээ. Гэхдээ айлчлалаас манай оронд яг тийм зүйл үлдсэн гээд хэлээд өгөөч ?
Транзит тээврийн асуудлыг шийдэхэд бэлэн болчихлоо. БНХАУ-ын талаас гуравдагч орон руу нүүрсээ экспортлох боломжийг нээгээд өгчихлөө. БНХАУ-ын Төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ ирлээ.
Хятадын дарга Си Зиньпин Их хурлын чуулган дээр өөрийн үгээ хэлсэн. Энэ нь Монголын ард түмэнд үг хэлж байна гэсэн үг. Манай улс нэг талаараа азтай.
Хоёр хөрштэйгээ хилийн маргаан байдаггүй. Гэтэл бусад орнууд хоёр хөрштэй хилийн маргаантай байдаг. Ялангуяа Хятадын дарга хил орчмын маргаангүй, Монголын Улсын бодлогыг хүндэтгэнэ гэдгээ хэлчихсэн. Үүн дээр нэмээд хэлэхэд гуравдагч хөршийн бодлого алдагдах ёсгүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Душанбед хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдтэй уулзсан. Монгол яагаад гэнэт хоёр хөрш рүүгээ анхаарал хандуулав гээд гуравдагч хөршүүд анзаарч байгаа байх. Гуравдагч хөршийнхөн манай улсад ямар хандлагатай байгаа бол?
-Монгол Улс хоёр хөршөөс хамааралтай оршин тогтнож байгаа. Манай орон ардчилал үнэт зүйлсээрээ гуравдагч хөрштэйгээ нэгдэнэ. Нөгөө талдаа транзит тээврийг шийдээд боомтуудыг ашиглах болоод ирэхээрээ гуравдагч орон руу хамтран ажиллах өргөн боломж нээгдлээ. Душанбын уулзалт маш чухал болсон. Үүнийг “Улаанбаатарын уулзалт" нэрээр жилдээ юм уу хоёр жилд байнга уулзаж байя гэдэг дээр Ерөнхийлөгч санаачилга гаргасан. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдээр үүнийгээ ч зөвшөөрүүлж чадлаа. Энэ бол том амжилт. Гуравдагч хөрш ойлгох байх аа.
-Си Зиньпин даргын айлчлалын үеэр ихээхэн хэмжээний юанийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ мөнгө эдийн засагт нөлөөлөл үзүүлэх үү. Хэзээнээс орж ирэх мөнгө вэ. Bank of China Монголд салбараа нээнэ гэх юм?
-Bank of China Монголд салбараа нээх асуудлыг судалгаан дээр тулгуурлан ярих ёстой. Нэлээд хэдэн банк Монголд үйл ажиллагаа явуулж байна. Манай банкууд ч ажиллаж байгаа. Bank of China Монголд төрийн оролцоотой банк. Тиймээс үндэсний аюулгүй байдлыг харгалзан үзэж Их хурлаар орж ирэх ёстой.
-МАН-ын зарим гишүүд “Ардчилсан нам засаглаж чадахгүй бол Ерөнхий сайдынхаа суудлыг манай намд өгчих. Явахгүй байгаа ажлыг чинь явуулаад өгье” гэж байсан. Аль ч нам 39 суудал авч олонх болоогүй тул тийм боломж байгаа гэх юм?
-Энэ нь тэдний өөрийнх нь үзэл бодол байх. Хувь хүний үзэл бодлыг тийм, ийм гэж хэлэх зохисгүй. Гэхдээ бодит байдал дээр Ардчилсан нам олон гишүүнтэй. Монголын ард түмний хүсэл зориг, Үндсэн хуулийнхаа дагуу дөрвөн жил болоод ард түмний олонхийн саналыг авч байгуулсан Засгийн газар. Тэр шугамаар л явж байна. Түүнээс наймаа хийж байгаа юм шиг олонх болсон хүмүүсээс аваад сөрөг хүчингүй болгодог зүйл МАН-д байдаг. Энэ нь үндсээрээ буруу. Ард түмний хүсэл зоригийг үл тоомсорлож байгаа нэг хэлбэр.
УИХ чинь бага ард түмэн. Гурван сая хүн бүгд парламентад сууж чадахгүй болохоор төлөөллийн ардчиллаар өөр өөрсдийн төлөөллийг сонгоод явдаг. Тиймээс ард түмэн яаж сонголтоо хийсэн түүгээр нь явъя, тэгэх үү. Болохгүй бол Ардын намд санал тавиад явах боломжтой. Түүнээс биш Ерөнхий сайдаа өгөөд явна гэж байхгүй. Би МАН-ыг тулхтай, ард түмний төлөө шийдвэр гаргахад байх нь зүйтэй гэж үздэг. Монгол Улсын тооныг түшиж байгаа хоёр баганын нэг шүү. Ардын нам зарим үед үүнийгээ үзүүлдэг.
Заримдаа харин яадаг юм бүү мэд хачин болчихдог. Хүний намын өмнөөс би юу ярихав. Манай намд ч гэсэн болохгүй юм байна. Засаад явж байна. Монголчууд ардчилсан нийгмийг сонгоод 25 жил боллоо. Өмнө нь Кремльд, цагаан хэрмийн цаана хэдэн хүн сууж байгаад Монголын хувь заяаг шийддэг байсан. Өнөөдөр тийм зүйл алга. Удахгүй үр дүн нь гарна.
-АН, МАН хоёр хамтарсан Засгийн газар байгуулна гэсэн ярианд ямар хариу өгөх вэ. Хамтарсан Засаг байгуулах нөхцөл бүрдсэн үү?
-Нийгэм, эдийн засаг ямар байгаа талаар бүхий л хувилбаруудыг бодож үзэх хэрэгтэй. Олонхи болж чадаагүй ч олон гишүүнтэй нам юу гэж шийдэх юм. Гэхдээ аль ч нам Монгол Улсынх. Монгол Улсын эрх ашгийн төлөө үүнтэй нийцэж байгаа бол болно. Гэхдээ ямар ч байсан сөрөг хүчинтэй байх ёстой. Сайн, мууг нь хэлдэг сөрөг хүчин байхгүй бол ямар ч Засаг ялзардаг.
-Ардчилсан нам алдаан дээрээсээ суралцаад дангаараа явах боломж бий юу?
-Тийм боломж байгаа. Алдаа хийчихээд түүнийгээ засахгүй яваад байгаа бол муу жишиг. Алдахгүй хүн гэж байхгүй. Үүнийгээ засаад явбал алдаа нь цөөрч оноо нь нэмэгдэх байх. Олон хувилбаруудыг ярьж байгаад ард түмний язгуур эрх ашгийн үүднээс асуудлыг шийдэх ёстой.