Б.Алтантуяа: Газар чөлөөлөх тухай хуульд хүний эрхийг зөрчсөн олон заалт байсныг залрууллаа
Олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл”-ээс “Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийн талаар зөвлөмж гаргаж байгаа аж. Энэ талаар Монголын “Эмнести Интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.
-Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байсан ч иргэдээр хэлэлцүүлэх нь зөв гэж үзээд эргүүлэн татлаа. “Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллага хуулийн талаар зөвлөмж гаргасан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
Газрын тухай багц хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Энэ хуулийг бүхэлд нь зөвлөмж гаргаагүй юм. Тэр багц хуулиудын нэг нь болох Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөлд манай байгууллагаас зөвлөмж гаргалаа.
Олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага хүний эрхийн нүдээр харж, төсөл өргөн баригч нарт нь зөвлөмж өгсөн хэрэг. Ерөнхийдөө, хуулийн төсөлд газар чөлөөлөлтөд өртөж буй талуудын ашиг сонирхлыг хамгаалж болох механизмуудыг оруулахыг оролдсон.
Гэсэн ч хуулийн төсөл Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээний үүргээ хэд хэдэн чиглэлд дутуу тусгасныг онцлон тодорхой зөвлөмжүүд өглөө.
Тухайлбал, Монгол Улс нь орон байр, хоол хүнс, усаар хангагдах зэрэг амьжиргааны зохих стандартаар хангагдах эрхийн талаар авч үздэг Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон Улсын Пакт (ЭЗНСЭОУП)-ын гишүүн улс боловч уг хуулийн төсөлд энэ эрхүүдтэй холбоотой зарим нэг заалтыг тусгаагүй, эсхүл хангалтгүй тусгасан байна гээд хуулийн төслийн ойлгомжгүй байдлыг арилгаж ЭЗНСЭОУП-тай нийцүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
-Газрын тухай багц хуульд албадан нүүлгэх гэдэг заалт орсон нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа гэж шүүмжилдэг. Энэ асуудлыг хөндсөн үү?
Тэгсэн. Албадан нүүлгэхийг шууд хориглох нь зүйтэй. Яагаад гэвэл, Олон улсын хүний эрхийн хуулинд албадан нүүлгэлтийг “хувь хүн, гэр бүл /суурьшсан иргэдийн саналыг үл харгалзан тэднийг амьдарч буй орон гэр/ газар нутгаас нь бүр эсвэл түр зуурын хугацаагаар зохих хууль эрх зүйн болон бусад хамгаалах арга хэрэгслээр хангахгүй нүүлгэн шилжүүлэх”-ийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Олон улсын хүний эрхийн хэд хэдэн гэрээ, хэлцлүүд нь Засгийн газруудыг албадан нүүлгэлтээс татгалзаж, цэг тавихыг шаардсаар байгаа ба энэхүү хуулийн төсөлд ч үүнийг тусгах хэрэгтэй.
Одоогийн хуулийн төсөлд газрыг албадан чөлөөлөх нь эцсийн шийдэл (4.1.8-р зүйл) гэж заасан боловч, хуулиар Засгийн газарт албадан нүүлгэхээс зайлсхийх эсхүл багасгах бүх хувилбарыг судлах үүрэг оногдуулах ёстой юм.
Зарим тохиолдолд, нөлөөлөлд өртөж буй иргэдтэй зөвлөлдсөн нь илүү үр дүнтэй байдаг. Нийгмийн хэрэгцээг “зайлшгүй” гэж тодорхойлсон ч гэсэн нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах явдлаас зайлсхийж болохыг онцлон тэмдэглэж байна.
Олон улсын хүний эрхийн хэд хэдэн гэрээ, хэлцлүүд нь Засгийн газруудыг албадан нүүлгэлтээс татгалзаж, цэг тавихыг шаардсаар байгаа
-“Эмнести Интернэшнл” байгууллагаас иргэдийн газар нутаг, амин зуулгын асуудлыг онцгойлон авч үзсэн байна л даа?
Энэхүү хуулийн төслийн 10 дугаар зүйлд газар чөлөөлөлтөд өртөгчид “тохиролцсоны үндсэн дээр” мөнгөн хэлбэрээр, газраар солих эсхүл хослуулсан байдлаар нөхөн олговор авч болно гэж заасан байгаа юм.
Хувь хүн эсхүл олон нийт газраас хамааралтай амьжиргаатай (жишээлбэл газар тариалан эрхлэх эсвэл мал маллах) бол олон улсын стандартад нөхөн олговрыг бодит газрын хэлбэрээр бус бэлэн мөнгөөр олгох санал тавихыг хатуу хориглодог.
Газраа чөлөөлсөн хүмүүст ижил эсхүл илүү чанартай газрыг нөхөн олговор гэж санал болгоно гэдгийг хуульд тодорхой оруулах хэрэгтэй юм. Түүнчлэн, “Хуулийн төсөлд 9.3-р зүйлд заасан бэлчээр, ус ашиглах эрхээ хуваалцахад хүрсэн малчин иргэнд үзүүлэх сөрөг нөлөөлөл байгаа эсэхийг тогтоож, шаардлагатай тохиолдолд түүнд зохих дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж заасан нь тодорхой биш байна.
Энэ нь ижил эсхүл илүү чанартай газрыг малчдад олгож одоогийнхтой нь адил эсхүл илүү нөхцлөөр ашиглах боломжтой болгох гэж тодорхойлох ёстой юм.
Чанар гэдэгт хүмүүсийн хэрэглэсээр ирсэн ус болон бусад байгалийн нөөц баялгийг оруулна. Цаашилбал, энэ заалт нь зөвхөн малчдаар хязгаарлахгүй тариаланчид, уурхайчид зэрэг газар ашигладаг бусад хүмүүст хамааралтай болгох хэрэгтэй.
Мөн Хуулийн төслийн 33, 38-р зүйлд амин зуулгын асуудлыг гаргасан ч орон байрны асуудлыг анхааралгүй орхисон байна. Хуулийн төсөлд зохих орон байрны хувилбараар хангах талаар тодорхой заалт оруулах ёстой.
Түр орон байр нь газраа чөлөөлсөн хүмүүсийн оршин сууж байсан газар болон амьжиргааны эх сурвалжтай нь аль болох ойр байх шаардлагатай. Өрх толгойлсон /ганц бие эцэг, эхтэй гэр бүл, ядуу, эмзэг бүлгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхдээ онцгой анхаарал тавих ёстой юм.
-“Эмнести Интернэшнл” байгууллагаас иргэдийн газар нутаг, амин зуулгын асуудлыг онцгойлон авч үзсэн байна л даа?
Тийм зүйл маш их байсан. Манай байгууллагын анхааралд өртсөн өөр нэг томоохон асуудал бол хуулийн төсөлд хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг дутуу дулимаг, хангалтгүй тусгасан байсныг олж судлалаа.
Чанар гэдэгт хүмүүсийн хэрэглэсээр ирсэн ус болон бусад байгалийн нөөц баялгийг оруулна.
Тиймээс газар чөлөөлөлтөд өртөгч иргэдийг хүний эрхийн аливаа зөрчлөөс хамгаалах үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх үйл явцыг санал болгож эхлэх үеэс бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шаардлагатай байгаа юм.
ХЭҮК нь идэвхтэй байж, бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээндээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах, хүний эрхийг зөрчиж буй талаарх гомдол олон нийтээс хүлээн авсан даруй бие даасан хяналт-шинжилгээ, үнэлгээ санаачлан хийх бүрэн эрх мэдэлтэй байх ёстой.
ХЭҮК нь зөвхөн Засгийн газрын тайланд үндэслэн судалгаа хийх бус газар чөлөөлөх явцад эсхүл дараа нь аливаа хүний эрхийг зөрчсөн гүйцэтгэгч компанид хариуцлага тооцох шүүх эрх мэдлээр хангагдах хэрэгтэй байгаа юм.
-Газар чөлөөлөх гэхээр албадан нүүлгэх тогтоол хүргүүлээд иргэдийн саналыг ч сонсохгүй шууд хөөдөг гэдэг. Эндээс болж иргэд газраа дутуу үнэлэх, хангалттай мөнгөө авч чадахгүй хохирох явдал гарч байгаа. Энэ асуудлыг ч гэсэн анхаарах ёстой байх л даа. Ер нь хуулийн төсөлд сайшаалтай, иргэдийн эрх ашгийг хангасан заалт орсон байна уу?
Сайшаалтай зүйл байлгүй яахав. Гэхдээ тийм их биш. Тухайлбал, энэ хуулийн төслийн 10.1.15-р зүйлд Газар чөлөөлөлтөд өртөгч этгээд /аж ахуйн нэгж газар чөлөөлөх, нүүлгэн суурьшуулахтай холбоотой асуудлаар үнэ төлбөргүй мэргэжлийн зөвлөгөө авах/ талаар заасан нь чухал, сайшаалтай байгаа юм.
Уг хуулийн төсөл нь гэр хорооллыг барилгажуулах болон хот байгуулалттай холбоотой газар чөлөөлөх бусад үйл явцыг хөндөөгүй байсан.
Засгийн газар болон Хотын захиргаа Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаа ард иргэдтэй бүрэн, ил тодоор хэлэлцэн боловсруулна гэдэгт бид найдаж байгаа. Хуулийг журмын төслүүдээрээ дордуулсан, сулруулсан байгаад санаа зовоод байна.
Тухайлбал, газар чөлөөлөх асуудлаархи хуулийг дагалдан гарах журмын төсөлд “наад зах нь инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй” үнэгүй хувилбар газраар хангах ба хэрэв газар чөлөөлөлтөд өртсөн хүмүүс өгсөн газрыг аваад өөр газрыг хууль бусаар ашиглаж буй нь тогтоогдвол тэдэнд ямар нэгэн нөхөн олговор эсхүл газар олгохгүй гэж заасан байгаа юм.
Газар чөлөөлөлтөд өртсөн хүмүүс зам харилцаа, сургууль, эмнэлэг, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагатай нь ойр газар олгохгүй бол тэд газраа худалдан борлуулж, хотын төвд амьдрахаар буцах магадлал байна.
Энэ мэт учир дутагдалтай заалт олон байсныг зөвлөмж хэлбэрээр хүргүүллээ. Зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж, алдаа мадгийг залруулна гэж найдаж байгаа.