Мэндчилгээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.08.19

Мэндчилгээ

”Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-т зориулсан Эрүүл мэндийн сайдын мэндчилгээ

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаар тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын хоёр дах Ням гарагийг Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр болгох тухай шийдвэрлэсэн билээ.

Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Монгол хүн бүрийг эрүүл, аз жаргалтай байлгахын төлөө чармайж, цаг наргүй хөдөлмөрлөж  байдаг эрүүл мэндийн салбарын үе үеийн нийт эмч, ажиллагсдад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, нийт ажилчид Та бүхэн Монголын зон олны эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдний өвчин эмгэгийг эмчлэн, сэргийлэх ариун үүргээ биелүүлэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж, чин сэтгэлээсээ ажиллаж байдагт талархаж байгаагаа илэрхийлъе.

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний “Эрүүл чийрэг монгол хүн ” бүрэлдэхүүн хэсгийг эрүүл мэндийн салбарын нийт эмч, Мэргэжилтэн, ажилтан ажилчид, удирдах ажилтнууд, гард иргэдтэйгээ хамтарч хэрэгжүүлж буй түүхэн хариуцлагатай энэ цаг үед та бид Эрүүл мэндийн ажилтны  алдрын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Иргэдэд эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүлээлгдэл, чирэгдэлгүйгээр үзүүлэх, эрүүл  мэндийн бүх байгууллагуудад хариуцлага. хяналтыг сайжруулах, өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангах, эмч ажиллагсдыг сургаж, мэргэшүүлж, эрүүл мэндийн байгууллагуудад "Сэтгэлд нийцсэн үйлчилгээ”-г нэвтрүүлж, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмээг үндэсний хэмжээнд зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг энэ онд хэрэгжүүлж байна.

Дээрх арга хэмжээний үр дүнд иргэдийн эмнэлгээр үйлчлүүлэх хүлээгдэл, чирэгдэл 30-70 хувиар буурч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж сайжран, Монголд эмчлэгдэх боломжгүй олон өвчнүүдийг оношилж, эмчлэх боломжийг бүрэлдүүлээд байгаа сайхан үр дүнтэйгээр бид салбарын ажилтны өдрөө тэмдэглэх гэж байна. Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон эх, хүүхдийн эрүүл  мэндийн тандалт, судалгаа мэдээлэл, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахын төлөөх эмч мэргэжилтнүүдийн хүчин чармайлт, нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэж байна.

Хүний эрүүл мэндийн асуудлыг зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтний үүрэг хэмээн ойлгож, ирсэн Монголын нийгэмд тогтсон буруу ойлголтыг үндсээр нь өөрчилж бусад салбарууд, орон нутгийн засаг захиргаа, иргэд өөрсдийн хүлээх үүрэг хариуцлагаа ойлгож хэрэгжүүлдэг цоо шинэ соёлыг Та бид бүрдүүлж эхэллээ.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа мянга, мянган эмч, эмнэлгийн ажиллагсдын хичээл зүтгэлээр эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч хувь хүний '' хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэлтэйгээр хүний амь нас, эрүүл мэнд хохирох, улмаар олон нийтийн дунд эрүүл мэндийн салбар, ажиллагсдад итгэх итгэлийг алдагдуулсан цөөнгүй тохиолдлууд гарсаар байгааг онцгой анхааралдаа авч, эмнэлгийн ажилтан бүр ёсзүйг дээдлэн, хариуцлагыг туйлаас эрхэмлэн ажиллахыг  та бүхэндээ уриалж байна.

Эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдал алдагдаж, ажлын байран дээрээ ноцтой хүчирхийлэлд өртсөн тохиолдол цөөнгүй гарч байгааг анхаарал татсан асуудал хэмээн үзэж, тусгасан бодлогоор та нарынхаа ажлын байрны аюулгүй байдлыг хангах болно гэдгээ амлаж байна.

Үйлчлүүлэгчээ дээдлэн, элэгсэг дотно хандаж, тэднийг эрүүл мэндийн боловсролтой болгож, мэдээллээр ханган, өөрсдөө эрхэлсэн ажлаа эзний ёсоор хариуцлагатай хийх аваас монгол хүний эрүүл саруул, урт удаан наслахад та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулах болно.

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал