Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд зургаан улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байна
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ.
Тус форум 08 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэлийн Засаг даргын урилгаар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Шэньян, Хөх хот, Хайлаар, БНАСАУ-ын Пёньян, Венсан, Хамхын, Расөн, Япон Улсын Нийгата, БНСУ-ын Пёнчан хотын дарга, орлогч дарга тэргүүтэй албаныхан, Нийслэл, дүүргийн удирдлагууд, олон улсын байгууллагын нийт 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн форумын хүндэт зочноор ОХУ-ын Москва, Якутск, Владивосток, Иркутск хотын төлөөлөгчид оролцож байгаа юм. Форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцлоо.
Форумын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн хэлсэн үг:
Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Хүндэт Гадаад харилцааны сайд аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
Азийн зүрхнээ орших Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод маань тавтай саатан морилно уу.
Улаанбаатар хотын даргын санаачлагаар анх удаа зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн Мээрүүдийн форумд оролцохоор ирсэн хүндэт зочид, төлөөлөгчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Энэхүү форумд Зүүн Хойд Азийн 6 улсын 20 хотын дарга болон орлогч дарга нар, зочид,төлөөлөгчид хүрэлцэн ирсэн явдалд талархаж байна. Түүнчлэннийтлэг асуудлуудаа бүтээлчээр шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлгийг форумын үеэр сонсоно гэдэгт итгэж байна.
Дэлхийн эдийн засагт Зүүн Хойд Азийн улсуудын үзүүлж буй хувь нэмэр их байгаа бөгөөд цаашид ч гэсэн энэ хандлага урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хувьд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн олон салбарт хамтын ажиллагааны эерэг нааштай өөрчлөлтүүд бий болсон зэрэг давуу талуудхарагдаж байна.
Үүнийг ашиглан бүс нутгийн хотууд иргэддээ хүртээмж сайтай, экологид ээлтэй, байгалийн гамшиг эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хөгжих бүрэн бололцоотой бөгөөд хүчээ нэгтгэж хамтдаа хөгжих нь бүс нутагтаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох ач холбогдолтой.
Зөв удирдвал хотжилт нь олон боломжуудыг бий болгодогч хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшилт бий болсоор байгаа ньхүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал үүсэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин эрсдэх зэрэг нийтлэг асуудлууд тулгарч байна.
Иймд Зүүн хойд бүс нутагт зэрэгцэн оршиж буй хотууд бид эдийн засгийн хувьд бие даасан орон нутгийн захиргаа болох давуу талаа ашиглан бүс нутгаараа хамтдаа хөгжихөд бидэнд тулгарч буй нийтлэг асуудлуудад анхаарлаа хандуулж ярилцах саналтай байна. Энэ нь:
- сайн засаглал,
- дэд бүтцийн оновчтой - орчин үеийн шийдлүүд,
- хүрээлэн буй орчин,
- хот төлөвлөлтөнд иргэдийг түлхүү оролцуулах зэрэг юм.
Зүүн Хойд Азийн хотуудын хувьд мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар асуудлуудаа хамтдаа шийдвэрлэснээр хотуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэх юм.
Эрхэм хотын дарга нар та бүхнийг ч үүнтэй санал нэгдэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлэгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан стратегийг боловсруулж хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой юм.
Цаашид ийм хэлбэрийн уулзалтыг тогтмол зохион байгуулж асуудлаа ярилцан, шийдвэрлэх арга замаа хамтдаа эрэлхийлж болох юм.
Ингээд Улаанбаатар хотын нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа та бүхнийг манай хотод тавтай морилно уу гэж дахин урихын ялдамд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.