Монгол баялаг+Солонгос технологи
Монгол-Солонгосын эдийн засгийн форум
2014.08.12

Монгол баялаг+Солонгос технологи

“ЭЗЭН 100”-гийн сүүлчийн хоногууд тоологдож, сөрөг хүчнүүд дуусах хугацааг нь отож буй энэ цагт Монголын эдийн засагт түлхэц болохуйц нэгэн арга хэмжээ өчигдөр боллоо.

Холын Америкаас, бүр хоёр хөршөөс ч “ойрхон" түнш бидэнд байдгийг баталсан энэхүү арга хэмжээ нь Монгол-Солонгосын эдийн засгийн форум юм. Өөрөөр хэлбэл, түүхийн хэдэн мянган шарласан хуудсаар хамтын ажиллагаа нь хэмжигдэх Монгол, Солонгос хоёр улсын эдийн засгийн форум энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Өмнө нь хоёр ч удаа БНСУ-д хуралдсан эдийн засгийн форум буурь сэлгэж Улаанбаатарт ирсэн нь өөрөө ач холбогдолтой ажээ. “Корейн Эйр” компанийн ерөнхийлөгч Жи Чан Хуны “Нэг гараараа хувцасны товч хадаж болдоггүй гэсэн зүйр үг байдаг.

Үүн шиг Монгол, Солонгос хоёр улс хамтран ажиллаж, бие биеэ нөхөж байж илүү үр дүнд хүрнэ” гэж хэлсэнчлэн тийм үр дүнг ойртуулах, тэр тусмаа Монгол руу наашлуулахад энэхүү форум ач холбогдолтой боллоо.

Форумд Монголын талаас УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү болон бусад гишүүн, төрийн байгууллага, төрийн өмчит компани,   бизнесийнхний төлөөлөл, БНСУ-аас Үндэсний ассамблейн гишүүн, Монголд суугаа Элчин сайд, “Самсунг”, “Корейн Эйр”, “Корей газ”, “Делим" зэрэг томоохон корпорацын захирал, удирдах ажилтнууд ирж оролцсон юм. Солонгосын талаас оролцогчдын бүрэлдэхүүнээс харахад л энэхүү форум цар хүрээний хувьд ямархуу болох нь ойлгогдож байгаа болов уу.

Солонгос төдийгүй дэлхийд тэргүүлэгч компаниудын хувьд Монголд хөрөнгө оруулах сонирхол, томоохон төслүүдэд хамтран ажиллах хүсэлт их байдаг юм байна.

Гэвч өнөөг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллахаас өөрөөр илүү алхам хийх бололцоо тэдэнд бүрдэхгүй, бид ч тийм боломжийг нь гаргаж өгөхгүй явсаар өнөөг хүрсэн бололтой. Иймээс л энэ бүхнийг ойртуулах нь эдийн засгийн форумын гол зорилго байсан гэхэд болно.

Эдийн засгийн форумд оролцогчид ч нэг зүйл дээр 100 хувь санал нийлж байсан нь бие биеэ нөхөх тухай юм. Монгол, Солонгос улс хоёрын аль алинд давуу хийгээд сул тал бий.

Хамгийн гол нь энэ хоёр нь нэг, нэгээ нөхөх боломжтойд гол давуу тал нь оршиж байгаа ажээ. Байгалийн асар их баялагтай, өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд сул тал нь дэд бүтцийн хэтэрхий гэмээр сул хөгжил.

Үнэндээ өндөр технологи дөнгөж л нутагшиж эхэлж буй. Харин Солонгос эсрэгээрээ. Дэд бүтэц, технологийн өндөр хөгжилтэй. Харин байгалийн баялаг бараг байхгүй гэхэд болно.

Иймээс тэдэнд байхгүй баялаг, бидэнд байхгүй өндөр технологийг хослуулж чадвал үр дүнд хүрнэ гэж форумд оролцогчид онцолж байлаа.

Форумыг нээж хэлсэн үгэндээ ч УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү хоёр орны харилцааг, тэр тусмаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд хүргэх нь ач холбогдолтойг онцолж байв.

Тэрээр “2015 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж байна. Бид Монгол, Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулсан.

Энэ онд УИХ-ын даргын болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулж, БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөрүүлэх асуудлаар арга хэмжээ авсны үндсэн дээр виз олголтод гарч байсан хүндрэл ариллаа. Мөн хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлцлүүдийг байгуулсан.

Тус форумаар дамжуулан хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх санал санаачилгыг өөрийн улсын төр засгийн холбогдох төвшинд гаргах ажлыг эрчимжүүлэх асуудлаар хоёр тал анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Солонгосын тэргүүний техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, түүнтэй уялдуулан мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, БНСУ-д одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдээ бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалтад оруулах, мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэгийг сертификатжуулах, тэдний олж авсан ур чадвар, мэдлэгийг улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ашиглах зэрэг ажлуудыг хийх нь чухал юм" гэж байв. Мөн УИХ- аас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар ч тэрээр Солонгосын бизнесмэнүүдэд сануулж байлаа.

Товч хадалцах нөгөө гар нь Cолонгос мөн үү?

Энэ асуултад хариулахын тулд хоёр орны харилцан хамтын ажиллагааг эргэж харах нь зөв байх. Хэдэн зууны турш явж ирсэн харилцаатай ч дипломат харилцаа тогтоосноос хойш ердөө 24 жил өнгөрч байгаа юм.

Газар зүйн байршлаар ойр, хоёулаа ардчилсан тогтолцоотой, бие биеэ нөхсөн эдийн засгийн хэв шинж нь магадгүй энэ 24 жилд Монгол, Солонгосыг нэг хүний хоёр гар шиг ойртуулсан байх талтай. Манай гадаад худалдааны хамгийн том түншийн нэг нь Солонгос аж.

Өнгөрсөн 2013 онд л гэхэд хагас тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь Солонгос манай дөрөв дэх том түнш гэдгийг батлах ажээ. Иргэд хоорондын солилцооны тухайд манай улсын гадаадад .амьдардаг иргэдийн олонхи нь БНСУ-д ажиллаж, сурч амьдардаг. Энэ нь ч жилд. харилцан зорчиж буй иргэдийн тоо 100 мянган хүнд хүрснээр батлагдах болов уу.

Манай гадаад худалдааны хамгийн том түншийн нэг нь Солонгос аж.

Анх 1990 онд “Корейн Эйр” компанийнхан Бойнг онгоц МИАТ компанид бэлгэнд өгснөер Монгол Улс таван чиглэлд нислэг хийх боломжтой болсон бол 1998 оноос хойш Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмоп нислэг хийдэг болсон түүхтэй аж.

Тэгэхээр энэ бүх өнцгөөс харвал бидний нөгөө “гар" Солонгос байж болох ч юм шиг. Гэвч эдийн засгийн хувьд тэд өнөөг хүртэл далайцтай  төсөлд бидний хамтрагч болж чадаагүй л явна. Шинэ нисэх буудал, Гашуун сухайтын зам, V цахилгаан станц, хотын шинэ захиргааг босгох гүйцэтгэгч гээд, Солонгосын компаниуд өнөөг хүртэл хөрөнгө оруулагч гэхээс илүүтэй гүйцэтгэгч хэлбэрээр ажилласаар байгаа аж.

Иймээс л товч хадалцах нэг гараараа Солонгосыг сонгох бол тэдэнтэй илүү хамтарч, гүйцэтгэгч бус хөрөнгө оруулагчийн статустай хүлээж авах хэрэгтэй гэсэн санал гарч байв.

Шинэ мэдээ

Далайд гарцгүй манай улсын хувьд тээвэр хамгийн чухал салбарын нэг. Тэр тусмаа жилд хэдэн сая тонноор тоологдох байгалийн баялгаа гадаад зах зээлд хүргэхийн тулд бидэнд найдвартай тээвэр чухал.

Солонгосын алдарт “Дэлим” корпораци Тавантолгойн нүүрсийг гадаад зах зээлд хүргэхэд хамтарч ажиллахаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Тэгвэл энэ чиглэлд Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үеэр нэгэн алхам хийгдсэн юм. Солонгосын алдарт “Дэлим” корпораци Тавантолгойн нүүрсийг гадаад зах зээлд хүргэхэд хамтарч ажиллахаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 75 жилийн туршлага- тай, Солонгосын тээврийн топ таван компанийн нэг “Дэлим”- ийнхэн хамгийн сүүлийн үеийн чиргүүлтэй тээвэрлэгч автомашинаар Тавантолгойгоос Гашуун сухайт боомт хүртэл жилд нэг сая тонн нүүрс тээвэрлэх юм байна.

Дашрамд дурдахад, “Чалко"-той байгуулсан гэрээнээсээ буцсан, бас Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагчаар авна гэж Солонгосын компаниудыг “хуурсан” зэрэг үйлдлээс болж энэ чиглэлд тэдний итгэл монголчуудад нэлээд алдарсан байдалтай байв.

Гэрээнд гарын үсэг зурахын өмнө “Дэлим" корпорацын гүйцэтгэх захирал Сан Ки Лий “Бид нэг л зүйлд санаа зовж байна. “Эрдэнэс Тавантолгой” мөнгөө өгөхгүй байх вий л гэж санаа зовж байна даа” гэж хошигнож байснаас нь энэ бүхэн харагдаж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой"- той холбоотой бас нэгэн шинэ мэдээ форумын үеэр ил болсон нь нүүрсний давхрагаас гарах метан хийг ашиглах төсөл

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү:

-Эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ хэлбэрээр хөгжүүлэхээр зорьж байна. Солонгосын компаниуд төслийн гүйцэтгэгчээр орж ирдэг биш, хөрөнгө оруулагчаар орж ирдэг, шинэ техник, технологийг Монголд нутагшуулдаг болох хэрэгтэй.

Монголын боловсон хүчин энэ шатанд бэлтгэгддэг тогтолцоог хангахаар зорьж байна. Солонгосын эдийн засгийн боломжийг нь шинэ технологитой нь хамт оруулж ирэх бодлогоор бид ажиллаж байна.

Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын дарга Жүн Жан Сон:

-Солонгосын хөрөнгө оруулалт тааруу байсан нь хөрөнгө оруулалтын орчин муу байсантай холбоотой. Мөн уул уурхайн салбарт монголчууд Орос, Хятад улстай түлхүү харилцаж байсан нь Солонгосын компаниудыг хойш суухад хүргэсэн байх.

Харин одоо Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсан болохоор Солонгосоос Монголд хийх хөрөнгө оруулалтад ахиц гарах болов уу гэж найдаж байгха юм.

Энэ чиглэлд дэлхийд тэргүүлэгч Солонгосын “Корей газ” компанийнхан аль хэдийнэ төслийн судалгаа хийж эхлүүлсэн байна. Хэрэв энэхүү төсөл нь амжилттай хэрэгжвэл маш том үр дүнд хүрэхийг “Корей газ"-ын гүйцэтгэх захирал Ян Юнг Мюнг хэлж байлаа.

Эрчим хүчнийхээ 96 хувийг импортоор хангадаг БНСУ-ын хувьд энэ чиглэлийн өндөр технологи эзэмшиж буй “Корей газ" компани томоохон түшиц нь аж. 4100 км урттай газын хоолой эзэмшиж, 13 сая өрхийг эрчим хүчээр хангаж буй тус корпорацынхан өнөөдөр нүүрсний давхаргын метан хийн туршилтын үйлдвэрийн шавийг Өмнөговь аймгийн нутагт Тавантолгойн нүүрсний орд дээр тавих гэж байна.

Тавантолгойн орд нь асар их нүүрсний нөөцтэйгөөс гадна метан хийн багагүй баялагтай болох нь судалгаагаар тогтоогджээ. Хэрэв энэ хийгээ Улаанбаатар руу хоолойгоор татаж чадвал, нэг ёсондоо төслөө бодит ажил болгох юм бол маш олон асуудлыг шийдвэрлэнэ гэнэ. Тодруулбал, цахилгаан станцууд, өрхийн хэрэглээнд гал тогоо, халаалт, бүр газын автомашины түлшийг ч метан буюу хийгээр хангаж болох юм байна.

Хамтарч болох төслүүд

Хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор УИХ, Засгийн газраас явуулж буй бодлогууд үр дүнгээ өгч эхэлж буйг Солонгосын төлөөлөгчид онцолж байв.

Тухайлбал, тус улсын Үндэсний ассамблейн гишүүн Ким Таэ Нён “Хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчин, системийн тогтвортой байдал хамгаас чухал.

Монголын УИХ, Засгийн газар ч энэ чиглэлд чармайлт гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Монгол Улс эдийн засгаа бодлогоор хөгжүүлж чадвал Орос, Хятад, Солонгосын хойг гээд том зах зээл байна. Жишээ нь, аялал жуулчлалын салбар л гэхэд одоо үзэж харахаас илүү амралт маягаар байх нь илүү үр дүнтэй болсон.

Энд Солонгосын компаниуд ирсэн байна. Төмөр зам, зам, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулаасай гэж хүсэх байна” гэж байв.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ч хоёр орны эдийн засгийн харилцааны талаар саналаа хэлж, “Эдийн засгийн хөгжлийг Солонгосоос тольдохдоо олон Нийтийн оролцоо ямар үр дүнд хүрдгийг харж чаддаг.

Үндэсний компаниуд нь улсаа чирж.жижиг дунд үйлдвэрлэгчдээ дагуулж үр дүнд хүрч чадсан" гэж онцолж байв.

Өөрөөр хэлбэл, томоохон төслүүдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлд ч анхаарах ёстой гэсэн санаа түүний үгэнд агуулагдаж байв. Харин Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Монгол Улсын Засгийн газраас зарласан Концессын 50 гаруй төсөлд Солонгосын бизнесмэнүүд оролцох боломжтойг хэлэв.

Эдийн засагч Ч.Хашчулууны хэлсэн солонгосуудын Монголд орж ирж болох томоохон төслүүдийн санал ч форумд оролцогчдод сонирхолтой байсан билээ. Жишээ нь, зэс, ховор металл зэргийг нэрлэж байсан.

Одоо дэлхийд ховор металлын монополь нийлүүлэгч нь БНХАУ, тэр тусмаа Өвөрмонгол байгаа. Харин АНУ-ын судлаачид Монгол хоёр дахь том нийлүүлэгч болох боломжтой, нөөцтэй гэсэн судалгаа хийсэн юм байна.

Дэлхийн ховор металлын нөөцийн 14 хувийг эзэмшиж буй улсын хувьд энэ салбарт Солонгос улстай хамтрах боломжтой гэж эдийн засагч Ч.Хашчулуун онцолж байлаа. Яагаад гэвэл, хөдөлгөөнт технологи, тодруулбал, гар утас, цахилгаан машины баттерейн гол түүхий эд нь ховор металл юм байна.

Иймээс одоо төслүүдэд гүйцэтгэгчээр оррлцож буй солонгосууд Монголд хөрөнгө оруулагчийн дүрээр орж ирэхийг, мөн Монгол Улс Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь чухал гэдгийг форумд оролцогчид онцолж байлаа