Ц.Даваасүрэн: “Дачин Тамсаг”-ийг өмчлөх эрхэд шилжүүлэх гэж байна
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.06.23

Ц.Даваасүрэн: “Дачин Тамсаг”-ийг өмчлөх эрхэд шилжүүлэх гэж байна

УИХ дахь бие даагч гишүүн С.Ганбаатар гадаадад,  Х.Болорчулуун гишүүн Дорнодод томилолттой ажиллаж байгаа юм байна. Тиймээс  энэ долоо хоногт УИХ-аар  хэлэлцэх хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонирхсон юм.

-Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байна вэ?

-Бие даагчид бид Зөвшөөрлийн хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Өнөөдөр  54 байгууллага 900 гаруй зөвшөөрөл олгодог. Үүнийг цөөлөх, цаг хугацааны хэмжүүр тавих дээр  дэмжиж байгаа. Харин зарим асуудалд эсрэг байр сууртай байна.

Жишээлэхэд, нэн ховор ургамлыг Монголоос түүгээд гадаад руу гаргахад тусгай зөвшөөрөл авдаг. Одоо уг хуулийн төслөөр тусгай зөвшөөрлийг нь цуцлан, байхгүй болгох гэж байгаад  эсрэг байр суурьтай байна. Учир нь дээрх эм ургамлууд ховор түүхий эдэд орох ёстой  гэж үзсэн.

-Газрын тосны тухай хуулийг хэлэлцэх үед  Х.Болорчулуун гишүүн  та  хоёр нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан.  Зарим заалтыг нь эсэргүүцээд...?

- Манай Х.Болорчулуун гишүүн өмнө нь Газрын тосны маш сайн лицензийг боловсруулж оруулж ирсэн.

Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдсан  бол өнөөдөр Монголын ард түмэн  газры тосныхоо 24 биш 40-60 хувийг улс орондоо авч үлдэх заалттай байлаа. Үүнийг унагасан. Энэ заалт өөрчлөгдсөн. Одоогийн ажлын хэсэг уг хуулийн төсөл нь “Дачин тамсаг”-т үйлчлэхгүй гэдэг заалтыг оруулж өгсөн. Үүнийг бид анхаарах ёстой.

Өнөөдрийн олборлож байгаа газрын тосноос өртөг зардал буюу зардалдаа 40 хувийг авдаг. 60 үлдсэнээс нь 40 хувийг авдаг. 100 хувьдаа тооцох юм бол 20-иод хувь л байгаа.

Яагаад Хятадын компанид үйлчлэхийн төлөө  дээрх заалтыг оруулсан бэ гэдгийг анхаарах ёстой. Ажлын хэсгийнхэн Монголын тал газрын тосныхоо 40 хувийг авдаг гээд байгаа юм. Ийм зүйл байхгүй. Өнөөдрийн олборлож байгаа газрын тосноос өртөг зардал буюу зардалдаа 40 хувийг авдаг. 60 үлдсэнээс нь 40 хувийг авдаг. 100 хувьдаа тооцох юм бол 20-иод хувь л байгаа.

Бид Норвегиос  газрын тосоороо хоёр дахин бага. Гэтэл Норвегичууд баян тансаг амьдарч байна. Учир нь газрын тосноосоо зохих хувиа хүртэж чадахгүй байна. Үүнийг хариуцаж байгаа төрийн байгууллагын албан тушаалтан “бид газрын тосныхоо 40 хувийг авдаг” гээд худлаа яриад сууж байна.

Дээр нь газрын тосны хуульд лицензийг өмчлөх заалт оруулж өгсөн. Лиценз гэдэг бол зөвшөөрөл. Өмчлөх эрх олгодоггүй.  Энэ заалтыг батлуулах гэж зүтгэж байна. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол бид ҮХЦ-д өгнө.  “Дачин Тамсаг”-ийн ордыг өмчлөх эрхэд шилжүүлэх гэж байна.  Монголчууд өөрсдөө ийм зүйл хийж болохгүй.  Бид одоо 1991 оны гэрээн дээр роялти авах ёстой. 

Газрын тосны хуулийн төсөл батлагдвал Ерөнхийлөгчийг хориг тавьж өгөөч гэсэн хүсэлт гаргана. Баялгаа харийнханд өмчлүүлнэ, 60 болж байсан ашгаа 24 хувь болгоно гэж зүтгэж болохгүй. Төрийн тэргүүний  хийж байгаа үйл ажиллагааг бид дэмжиж байгаа. Тухайлбал, “Оюу толгой”-н удирдлагууд үйл ажиллагааныхаа бурууг зөвхөн монголчуудад тохож, гадаад орчинд мэдээлж байгааг Ерөнхийлөгч  шүүмжилсэн. Үүнд бид талархалтай байгаа.

-Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд стратегийн ордыг болиулахаар тусгасныг зарим гишүүд дэмжиж, зарим нь шүүмжилж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Стратегийн орд байх ёстой. Ингэж байж Үндсэн хуулиараа ард түмэн хувь хишгээ хүртэх ёстой. ДНБ-ний  таван хувьтай нэг жилийн орлого нь тэнцэх гэж заадаг. Энэ чинь маш их том ордууд шүү дээ. Ийм лицензүүд хэсэг хүмүүсийн гар дээр бий.

Тэр хүмүүс Эрдэнэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг дээр “Төр уул уурхайн баялгийн бүхий л үйл ажиллагаанд оролцохгүй байна” гэсэн хязгаарлалтыг оруулж өгч байна. Зөвхөн хувь хүн л уул уурхайн баялгийг ашиглах заалт оруулж байгаа нь аюултай. Тэр хувь хүн гадныханд зарж болно. Манайд хайгуул, ашиглалтыг нь явуулдаг компани хэд билээ.

Тиймээс стратегийн ордуудад төр оролцох ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм. Хямралыг далимдуулж хайгуулын лицензийг нээх гээд байна. Өмнө нь эмх замбараагүй олгосон байсан лицензээ өнөөдөр бүрэн цэгцэлж чадаагүй байж дахиад олгоно гэдэг аюултай. Олгосон лицензүүд өнөөдөр монголчуудынхаа гарт байна уу, гадныханд шилжсэн байна уу. Үүнийг тодруулсны дараа хайгуулын лицензийг ярих ёстой.

-Монгол банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох нь зөв үү?

-Эдийн засаг дээр үүсээд байгаа асуудал валютын нөөц, хомсдолтой холбоотой гэж бид гурав үзэж байгаа. Тийм учраас Монгол банкны Ерөнхийлөгч ч, Эдийн засгийн хөгжлийн сайд ч ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ. 

Хямрал бол хамтын зовлон. Зовлонгоор далимдуулж хүслээ биелүүлж болохгүй.

Гол нь ямар хэмжээнд хүлээлгэх вэ гэдгээ бодох ёстой. Гэхдээ эдийн засгийг улам хүндрүүлж, тогтворгүй байдал үүсгэж, сонгуулийн ялалтад хүргэе  гэж байгаа бол үүнийг дэмжихгүй. Хямрал бол хамтын зовлон. Зовлонгоор далимдуулж хүслээ биелүүлж болохгүй.

Эзэнтэй зүйл дээр хариуцлага тооцох ёстой. Шууд гардан хариуцсан албан хаагч хүн байв. Шаварт унасан шарын эзэнтэй тооцоо бодох ёстой. Энэ асуудал хэлэлцүүлгийн шатанд намын бүлгүүд зөрчилтэй байгаа учраас хэлэлцээ явагдаж байгаа.

-Хямралаас гарах гарц  юу вэ?

-Манайхан хямралаас гарах, эдийн засгаа аврах нь хувийн хэвшил гээд байдаг. Энэ хямарч байгаа үед тэд ч хүндрэлтэй байгаа шүү дээ. Бид төсвөө хумиад эхэлвэл тэдний орлого буурна. Төсвийг хэтэрхий танах буюу хумисан бодлого явуулах нь бизнесийн салбараа хумина. Нөгөө талаасаа тооцоо судалгаатай, үр ашигтай салбартаа бизнесийн салбараа дэмжих хэрэгтэй. Хямралаас гарах гарц энэ шүү дээ.