20 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал
2014.07.04

Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсаны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Гадаад харилцааны яамны Дипломатын академиас Амбассадор клуб, ХБНГУ-ын Конрад Аденаурын сантай хамтран зохион байгуулсан “Гадаад бодлогын үзэл баримтлалын 20 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал” 7 дугаар сарын 3-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болж өндөрлөлөө.

Хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг, Ц.Цолмон, нийтлэлч Баабар, гадаад бодлогын үзэл баримтлал батлагдаж байх үед ГХ-ны сайд байсан Ц.Гомбосүрэн болон үе үеийн дипломатууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Хурлыг Дипломат академийн захирал Х.Бэхбат нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хурал бол баярын хурал бус эрдэм шинжилгээний шинж чанартай, онол-практикийн бага хурал юм.

Энэ утгаараа Ардчилсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал анх 1994 батлагдан гарсан тэр түүхэн цаг үе, түүнээс хойш туулсан замнал, хувьсал, гүйцэтгэсэн үүрэг ролийг үнэлж дүгнэхээс авахуулаад манай гадаад харилцааны салбарынхны Үндсэн хууль гэгдэх энэ баримт бичгийн шинж чанар, хэлбэр, агуулгын бүрэн бүтэн байдал хүртэл өргөн хүрээтэй асуудлыг хамран хөндөх учиртай.

Та бүгд үзэл бодол, үнэлэлт дүгнэлт, санаа оноогоо чөлөөтэй уралдуулж  гадаад бодлогын үйл ажиллагаа, түүний эрх зүйн үндсийг цаашид боловсронгуй болгох, улмаар гадаад бодлогын сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон юм.

Үүний дараагаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үг хэллээ. Тэрээр “Монгол Улс эдүгээ дэлхийн хамтын нийгэмлэгийн тэгш эрхт гишүүн төдийгүй улс түмний энх тайван, аюулгүй байдал, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан идэвхтэй гадаад бодлого явуулдаг, улс гүрнүүдийн хүлээн зөвшөөрөгдсөн түнш боллоо” хэмээн тэмдэглээд “Боломж, хэтийн төлөв гэх мэт ойлголтууд ирээдүйгээ зөв харахтай ямагт холбоотой байдаг.

Иймээс туулж өнгөрүүлсэн хорин жилийнхээ амжилт ололт, алдаа оноог эргэцүүлэн бодож, алс хэтээ саруулхан харахад өнөөдрийн Та бүхний энэ бага хурал чухал хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Хурлын арга хэмжээнд зориулж Конрад Аденаурын сангийн төлөөлөгч Иоханнес Д.Рай мэндчилгээ дэвшүүлсэн бол энэ  үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд илгээлт ирүүлжээ.

Л.Болд сайд хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлээд “Монгол Улс өнөөдөр НҮБ-ын бараг бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоож, НАТО-ын түнш орон, ЕАБХАБ-ын гишүүн орон болсон төдийгүй 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа нь гадаад бодлогын үзэл баримтлал үүргээ гүйцэтгэснийг гэрчилж байгаа юм” хэмээн онцоллоо.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг ГХЯ-ны  БТСГ-ын зөвлөх доктор, профессор Г.Төмөрчулуун “1994 оны Гадаад бодлогын үзэл баримтлалд дүн шинжилгээ хийхүй: Монголын орчин цагийн гадаад бодлогын дөрвөн “Д”-гийн чиг шугам” сэдвээр тавьсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм. Үдээс хойшхи хуралдаан гадаад бодлогын үзэл баримтлалыг тойрсон илтгэлүүдээр өрнөж, зочид, эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг сонсон хэлэлцүүлэг хийсэн нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүллээ хэмээн хуралд оролцогчид дүгнэж байв.