Монгол, Хятадын харилцаа таатай хөгжиж байна гэв
Уулзалтын үеэр
2014.06.25

Монгол, Хятадын харилцаа таатай хөгжиж байна гэв

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны  айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ оны нэгдүгээр сард хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд 2014 онд Монгол, Хятадын харилцааны чухал үйл явдлуудын нэг болж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах ба өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нарт тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбар, Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцлоо. Мөн энэ онд хоёр талын хооронд хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээнүүдийн талаар ярилцаж тохиролцлоо.

Хоёр орны сайд нар айлчлалын үеэр яригдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээдэл хийлээ.

 Хэлэлцээний үеэр хоёр тал 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг хамтран тэмдэглэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явцыг эрчимжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож,  хоёр талын хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн байна.

Монгол, Хятадын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд заасны дагуу бие биеийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна.

Хоёр орны сайд нар айлчлалын үеэр яригдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээдэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Энэ оныг хоёр тал “Монгол, Хятадын Найрсаг солилцооны жил” болгон зарлаж өргөн хүрээний олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд хоёр ард түмний найрамдалт харилцаа, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Хоёр тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна. Энэ бүхний үндсэн дээр Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, ард иргэд, хүүхэд залуучуудын харилцан солилцоо улам идэвхтэй хөгжих сайхан төлөв бүрэлдээд байгааг онцоллоо.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ.

Өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхэндээ хамгийн таатай үедээ хөгжиж байна. Хоёр улсын хооронд маргаантай асуудал байхгүй, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө цаашид улам идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг Гадаад харилцааны сайд нар мэдээлэлдээ дурдсан юм.

Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна.

нэ бүхнийг нэгтгэн дүгнэж хэлэхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлал нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах, ГХЯ-д хоорондын болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж хоёр тал үзэв.