Д.Батцогт: Цагаан суваргын ордыг ашиглахад төр оролцохгүй
УИХ-ын гишүү Д.Батцогт
2014.07.04

Д.Батцогт: Цагаан суваргын ордыг ашиглахад төр оролцохгүй

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

-2014 оны хаврын чуулган завсарлалаа. Хаврын чуулганыг та яаж дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар хийсэн сайн зүйлүүд бий. Олон асуудалд дарагдсан, хэрүүл, хэлцэлтэй, завгүй үе их байлаа. Эдийн засаг хүнд, тесвийн орлого тасалдалтай үе ч таарлаа. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд нэлээд олон бодлогын бичиг баримтуудыг УИХ-аас гаргалаа. 

Эдийн засаг, газрын баялагтай холбоотой олон - асуудлыг хэлэлцэж шийдлээ. Энэ талаасаа яривал хаврын чуулган үр дүнтэй байсан юм шиг. Гэвч цаг алдсан зүйлүүд их байлаа.

“Давхар дээл”-ийн асуудлыг хагас жил яриад эцсийн мөчид батлагдах шатанд нь унагаалаа.

УИХ- ын гишүүдийн нэлээд хувь нь Засгийн газартаа ороод суучихсан. Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан гэдэг шүүмжлэл бий. Ийм том зүйлийг ярьж, ярьж эцэст нь ямар ч үр дүнгүйгээр унагалаа шүү дээ.

Засгийн газрын гишүүдийг огцруулах, томцлуулах асуудлыг ярьж баахан цаг алдлаа. Долоо хоногийн дотор яриад, тухайн сайдыг огцруулбал огцруулаад, огцруулахгүй бол болих хэрэгтэй байтал завсарлага авдаг, хойшлуулж сунжруулдаг зүйл их байлаа.

Үүнийг дагаад ажил цалгарддаг асуудал их байв. Энэ бүхнээс дүгнэхэд хаврын чуулганаар сайн зүйлүүд ч хийсэн, шүүмжлэлтэй асуудлууд ч байлаа. Ер нь аливаа зүйлийг шүүмжилж байж алдаа мадгийг засдаг учраас үүнийг хэлээд байгаа юм. Үүгээрээ УИХ-ын ажлыг бүхэлд нь харлуулах гэсэнгүй.

-Огцруулах, томилох асуудал ярьсаар байгаад сүүлийн өдрөө хамаг хуулиудаа бөөндчих шиг болсон...

-Тэглээ. Улстөржилт, намчирхалт, талцал маш их байлаа. Сүүлийн өдөр хуулиудыг бөөндсөн нь үнэн. Ер нь намын бүлгүүдийн дунд хууль гэдэг чинь хөлбөмбөг шиг явж байдаг.

Үүнийг батлахгүй, үүнийг батална гэдэг тохиролцооны хэмжээнд хуулиудыг яриад байгаа нь зохимжгүй. УИХ хууль хэлэлцээд эхэлсэн л бол батлах үгүйгээ ягштал шийддэг байх ёстой.

Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө саналаар шийддэг. Гэтэл энэ бүхнийг намын бүлгүүд тохироогоор шийддэг болсон. Ийм байж болохгүй шүү дээ.

-Та хаврын чуулганы сүүлийн хуралдаан дээр үүнийг хэлж байсан...

-Тийм. Ямар хууль батлахыг хэдхэн дарга шийддэг юм бол УИХ-ын 76 гишүүн байсны хэрэг алга. Ямар хуулийг дараагийн чуулганаар хэлэлцэх вэ гэдэг нь дарга нарын үзэмжийн асуудал болсон юм шиг байна.

Энэ бол байж боломгүй зүйл. Жишээ нь манай байнгын хороо арав гаруй хууль санал болгоход дөнгөж хоёрыг нь намрын чуулганаар хэлэлцэхээр болж байх жишээтэй.

Бид зөвхөн эдийн засаг, мөнгө ярьж болохгүй. Нийгмийн чухал асуудлыг эдийн засаг, мөнгөтэйгээ хамт ярих хэрэгтэй. Гэтэл чигийн хуулиудыг хойш нь тавьж байна.

Энэ алдаануудаа дараа дараагийн чуулганаараа засах байлгүй дээ гэж найдаж байна. УИХ-ын гишүүд хуульд анхаарлаа тавихаасаа илүү сандал суудалд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь туйлын харамсалтай байна.

-Сая хаврын чуулганаар Цагаан суваргын ордын асуудлыг шийдлээ. Яахаар болчихов оо?

-Хамгийн анх Засгийн газраас орж ирсэн төсөлд Цагаан суваргын ордод төр 34 хувь эзэмшье. Төр хувь эзэмшихдээ 350 сая ам.доллар төлнө гэдэг байдлаар орж ирсэн юм.

Тэгээд УИХ-аас гаргасан ажлын хэсэгт нь би байсан. Ажлын хэсэг, байнгын хороон дээр “Одоо бид сургууль цэцэрлэгээ барьж дийлэхгүй. Дээрээс нь улс орон мөнгөгүй, төсөв тасалдалтай байхад 350 сая ам.доллар төлж, Цагаан суваргын ордоос хувь эзэмшээд яах юм” гэж ярьцгаасан.

Хэрэв Цагаан суваргын ордод төр хувь эзэмшвэл яах юм гэдгийг бмд ажлын хэсэг дээр ярьсан. Эхний ээлжинд төр 350 сая ам.доллараа олох ёстой. Яаж гэхээр бонд гаргаж л таараа шүү дээ. Бонд бол хүүтэй өр болно.

17 жилийн хугацаатай баахан хүү гай мөнгө зээлчихээд түүнийгээ нэг компанид өгч, 34 хувийг нь эзэмшинэ гэхээр ямар ч ашиггүй. Тэгснээс төр ямар ч хувь эзэмшихгүй.

Хувийн комлани эрсдлээ өөрөө бүрэн даагаад явахад л Монгол Улсад таван их наяд төгрөгийн ашиг унах юм билээ. Энэ бол Цагаан суваргын ордоос авах татварын хэмжээ. Энэ хувилбар нь зөв гэж үзээд тогтоолын төслийг ингэж өөрчилсөн.

-Төрд ямар ч эрсдэл байхгүй юу?

-Ямар ч эрсдэл байхгүй, ачаалал өгөхгүй. Хувийн компани өөрөө мөнгөө босгоод ажлаа явуулна. Төрд ирэх ашиг нь таван их наяд төгрөг. Хэрэв бид бонд гаргаж, Цагаан суваргад 350 сая ам.доллар төлөөд 34 хувийг нь эзэмших юм бол 17 жилийн дараа 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх юм билээ.

200 тэрбум төгрөгийн ашиг олохын тулд өр тавьж 350 сая ам.доллар босгоод яах юм бэ.

Тэгээд ч нэг ч гэсэн үндэсний компани том төслийг толгой дааж хэрэгжүүлээд улсдаа ашиг өгч байвал болж байна. Тэр талаас нь асуудалд хандсан.

Түүнээс биш төрийн өмч байх ёстой зүйлийг хувийн компани авчихлаа гэж улстөржүүлж ойлгох хэрэггүй. Цагаан суваргын ордод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийх нь. хийсэн. Гэхдээ сүүлд нарийвчилсан хайгуулыг нэмж хийхэд хувийн хэвшлийн тухайн компани маш их хөрөнгө зарсан юм билээ.

Тэгээд ч улсын төсвөөр хийсэн хайгуулынх нь зардлыг төрд буцаагаад төлчихсөн юм байна лээ. Төр бүх зүйлд хутгалдаж, будлиан хийх шаардлагагүй л гэж үзсэн дээ.

-Төр оролцоод ирэхээр л хамаг ажил гацдаг. Хэрэв Цагаан суваргын ордод төр оролцвол хоёр дахь Оюу толгой болох байлгүй...

-Төр хувь эзэмшээд ирэхээрээ будлиулдаг, ажил нь гацдаг, төрийн нэрээр дундаас нь зувчуулдаг зүйлүүд зөндөө. Тийм учраас хувийн компани хийх юм бол тэр төсөл үр дүнтэй, хурдтай ахина.

Төр бол хянадаг ажлаа хийгээд, авдаг татвараа авахад л болоо. Цагаан суваргын ордноос төр таван тх наяд төгрөгийн татвар авах бол хувийн компанидаа гурван их наяд төгрөгийн ашиг л унах юм билээ.

-Тэгэхээр Цагаан суваргын ордод төр ерөөсөө оролцохгүй болжээ?

-Төр оролцохгүй гэдэг байдлаар төслийг баталсан.

-Зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаад байсан...

-Цөөн гишүүн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гишүүн бүр өөр өөрийнхөө үзэж, харж байгаагаараа байр сууриа илэрхийлнэ шүү дээ. Гэхдээ гишүүдийн дийлэнх нь төр оролцох ёсгүй л гэж үзсэн. Мэдээж 350 сая ам.долларыг төр гаргаад өгвөл цаад компанидаа амар л байх. Гэхдээ төр яаж тэр мөнгийг олох билээ.

-Ордыг ашиглах үйл явц ямар түвшинд байгаа юм бэ?

-2015 оны төгсгөлд баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулна гэсэн. Тэгэхээр л болоо шүү дээ. Яваандаа зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орно. Өөрсдөө нэлээд хөрөнгө оруулчихсан.

Одоо тэрбум хүрэхгүй ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм билээ. Гаднаас хөрөнгө оруулах сонирхолтой компани олон бий гэсэн. Тэгэхээр ямар ч гацаагүйгээр Цагаан суваргын ажил урагшилж, Монголд ашиг орж ирэх нь.

-Тэгэхээр танай байнгын хороо хаврын чуулганы хугацаанд ямар хуулиудыг гараас гаргав?

-Манай байнгын хороо маш их ачаалалтай ажилласан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг эцэслэж гаргалаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлагдах эцсийн шатанд нь өгсөн.

Боловсролын талаар төрөөс баримтлах бичиг баримт дээр нэлээд ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, гадуур багш нар, сурагчидтай уулзаж байна. Батлагдсаны дараа амьдралд хэрэгтэй хууль гаргахын төлөө хичээгээд байна л даа.

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг эцсийн шатанд нь хүртэл бэлтгэсэн. УИХ-аар батлуулах гэтэл бүлгийн дарга нарын тохироогоор оруулаагүй шүү дээ. Тиймээс үүнд бухимдаж чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм.

-Энэ ямар ач холбогдолтой хууль билээ?

-Эмийн замбараагүй худалдаа, үнэ хяналтгай болно. Эмийг хянадаг байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үүнээс гадна Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг манай байнгын хороо хэлэлцүүлнэ.

Мөн өргөн барихад бэлэн болсон хууль олон байна. Их, дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулийг шинэчилнэ.

- Эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-ын гишүүд өргөн барина. Тэгэхээр манай байнгын хороо ачаалал ихтэй байна. Соёлын салбарт Номын сангийн тухай хуулийг өргөн барилаа, Соёл урлагийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ.

Кино урлагийн талаар томоохон хэлэлцүүлгийг манай байнгын хороо өрнүүллээ. Монгол төр кино урлагийнхаа салбарт анхаарахгүй бол болохгүй нь. Гадны кинонууд ихээр түрж орж ирж байна. Монголын түүхийг гуйвуулсан олон ангит кинонууд гардаг боллоо.

Гадны улс орнууд энэ кинонуудаараа дамжуулж, соёлын бодлогоо явуулж байна. Гэтэл манайд ийм зүйл дутагдаж байна. Тиймээс олон ангит кино хийх эрэлт хэрэгцээ манайд их байгаа зэргийг хэлэлцүүлгээр ярьсан. Үүнд нь төр дэмжлэг үзүүлмээр байна гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгсөн.

Энэ чиглэлээр улсын төсөвт мөнгө суулгадаг болмоор байна. Тусгай салаа гэдэг олон ангит кино гарснаас хойш залуучуудын цэрэгт явах идэвх сэргэсэн гэдэг шүү дээ. Ийм байдлаар кино урлагаа хөгжүүлмээр байгаа юм.

Мөн хөдөлмөрийн талаар баримтлах бодлогыг оруулж ирнэ. Гэх мэтчилэн манай байнгын хороонд хийх ажил байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийгээд дуусч байна. Тэтгэврийн шинэчлэлийн бодлого, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар том хэлэлцүүлэг хийсэн.

Ийм учраас манай байнгын хороо нэлээд сайн ажилласан гэж үзэж байгаа. Ихэвчлэн нийгмийн асуудал хэлэлцдэг учраас гишүүд намын өнцгөөр биш итгэл үнэмшлээрээ асуудалд хандцаг. Тиймээс байнгын хорооны хурал дээр улстөржсөн талцал ч өрнөдөггүй.

-Та ямар нэг бүлэгт харьяалагдахаа байж сул гишүүн болсон. Бүлэгт харьяалагдаж байсантайгаа харьцуулбал ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

-Ямар ч ялгаа алга. Байнгын хороогоо удирдахад амар юм. Хэт нэг талыг барихгүй болохоор гишүүдэд ч таапамжтай, ажлыг мааньдэмжижбайна. Байнгын хороон дээр энэ тэр намынх, тэр энэ намынх гэдэг байдлаар гишүүдэд ханддаггүй.

Хэн нь ажлын хэсгийг удирдвал ажил хэрэгч байхав гэдгийг бодолцож шийдвэр гаргадаг байх жишээтэй. Яахав, Шударга ёс эвслийн нэрээр байнгын хорооны дарга болсон учраас эвслийнхэн намайг өөрчлөх болов уу гэж хүмүүс боддог байх.

Хэрэв эвсэл шийдвэрээ гаргаад байнгын хорооны даргаа өөрчилнө гэвэл энэ ажлыг өгөхөд би бэлэн. Гэхдээ эвслийн нөхдүүд маань “Хугацаатай албан тушаал учраас ярих цагт нь асуудлыг ярья. Тэр хүртэл та ажлаа сайн хий" гэсэн. Миний хувьд бүлэггүй сул гишүүн болчихоод хэцүүдээд байгаа юм одоохондоо алга.

-Бүлэгтүй болчихоор таны үг хүчгүй, ганцаардахгүй юу?

-Намайг шударга ёсэвслийн бүлэгт байхад бүлгийнхэн маань л дэмжиж-байсан. Одоо бол бүх намын бүлэг намайг дэмжиж байгаа.

-Ер нь та яагаад бүлгээсээ гаръя гэсэн юм бэ?

-Санал нийлэхгүй юм олон байсан. Хэн нэгэн дарга миний өмнөөс шийдвэр гаргаад үүнийхээ дагуу явахыг тулгавал хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Хүний толгойгоор биш өөрийн толгойгоор ажлаа явуулна гэж иргэдээс мандат авсан юм шүү дээ. Тиймээс ямар нэг бодлогод хайрцаглагдахгүйгээр иргэдийн төлөөлөл болох учиртай.

-Намын чинь бодлого байр суурь бүлгээр дамжиж УИХ-д хүрч байгаа. Гэтэл та бүлгээсээ гарсан болохоор намынхаа бодлогыг дагахгүй гэсэн үг үү?

-Өөрийнхөөрөө явж байгаа. Ер нь Шударга ёс эвслээс УИХ- ын гишүүн болсон шүү дээ. Яваандаа ямар улс төрийн хүчинд байх юм, сонгуульд бие дааж дэвших үү гэдгээ шийднэ.

-Намын квотоор орж ирээгүй ч эвслийн нэрээр УИХ-ын гишүүн болчихоод ингэж нүүр бурууллаа гэдэг шүүмжлэлд өртөх байх?

-Би УИХ-д орж ирээгүй байхдаа ч парламентын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан. Өнөөдрийн УИХ-ын уур амьсгалыг харвал төвөгтэй байна. Ард түмний төр засагт итгэх итгэл суларсан. Өмнө нь ийм зүйлд шүүмжпэлтэй ханддаг байснаа одоо энэ бүхэнтэйгээ эвлэрээд дуугүй яваад байвал утгагүй шүү дээ.

Ямар ч байсан өөрийн бодол өөртөө зөв гэж бодоод шийдвэрээ гаргасан. Сонгогчдоос маань “та зөв шийдвэр гаргалаа, хүндэтгэж байна” гэдэг захидал ирсэн. Тиймээс өөрийгөө буруутгахгүй байна.