Газар хөдлөлт, гамшгаас сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан
2013.12.11

Газар хөдлөлт, гамшгаас сэргийлэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд тэргүүлдэг бөгөөд, ээлжит  хурлаар газар хөдлөлтийн гамшгийн аюулыг амжиж анхааруулах систем байгуулах төслийн хэрэгжилт, байнгын ажиллагаатай зөвлөлийн 2011-2013 онд хийж гүйцэтгэсэн  ажлын биелэлтийг авч хэлэлцлээ.

Зөвлөл байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл болон дүүргүүдийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргажээ. 

Мөн Нийслэлийн 400 орчим барилгын чанарыг зориулалтын багаж хэрэгслээр шалган, 1500 орчим барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх талаар дүгнэлт гарган паспортжуулсан, 14000 орчим барилгын мэдээллийг бүртгэснээс гадна, 177 барилгыг дахин төлөвлөлтөд оруулахаар хэсэгчилсэн төлөвлөгөө хийж, 210 барилгыг хүчитгэх шийдвэрийг гаргаад байна.

Гамшгаас хамгаалах чадавхийг бий болгох зорилгоор шатахууны болон халаалт, хөргөлт бүхий хүнсний нөөцийн агуулахыг орчин үеийн техник технологиор тоноглон байгуулах ажлыг эхлүүлсэн талаар ч хуралдааны үеэр танилцуулсан юм. Мөн Гамшгийн аюулыг амжиж анхааруулах системийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж нийслэлд гурав болон найман метрийн өндөртэй 40 цамхаг байрлуулсан бөгөөд энэ ажил ирэх оны сүүлээр бүрэн дуусна гэдгийг  энэ үеэр холбогдох мэргэжлийн хүмүүс мэдэгдплээ.

Ийнхүү төлөвлөгөөнд 27 арга хэмжээ тусгагднаас 76,2 хувийн биелэлттэй үлдсэн ажил ирэх жилүүдэд үргэлжилж бүрэн биелэх боломжтой аж. Мөн энэ удаагийн хуралдаанаар  Байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2013-2016 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, зарчмын хувьд гишүүд дэмжиж, ойрын  хугацаанд  Засгийн газарт танилцуулах шийдвэрийг гаргалаа.  

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва зөвлөлийн гишүүдэд хандан ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналаа одооноос бэлтгэх, шаардлагатайг сануулж, төлөвлөгөөнд оруулсан ажлаас цаашид үргэлжлэх боломжтой ажлыг бүрэн дуусгах, бусад асуудлаар судалгаа хийх, ТЭЗҮ зураг төсөл боловсруулах, хөрөнгө санхүүжилтийг шийдэх  талаар тодорхой  саналаа тусгаж ажиллахыг үүрэг болголоо. Уг байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнд салбарын 10 яамны сайдууд, бусад холбогдох байгууллагын удирдлагаас бүрдсэн 21 гишүүд багтдаг юм.