Ж.Энхбаяр: Эрх баригчид энгэрээ сул тавьчихаж
-Жилд дөрвөн удаа тодотгол хийх гэж байгаа нь эдийн засаг хүнд байгаагийн, Засгийн газрын чадавхийн асуудал юм-
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-УИХ-аар хэлэлцсэн эдийн засагт хэрэгтэй хэд хэдэн чухал хуулийн төсөл уначихлаа. Ялангуяа Засгийн газраас өргөн барьсан хуулийг унагах болсныг зарим хүмүүс сөрөг хүчний “бойкот” гэж харж байх шиг. Хууль унаж байгаа шалтгаан юу байна вэ?
-МАН цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа. Цөөнх дангаараа ямар ч хууль унагах боломжгүй. Харин олонхи ирцээ бүрдүүлээд, хуулиа батлах боломж хангалттай бий.
Миний харж байгаагаар бол асуудал нь орж ирж байгаа хуулийн чанар агуулга, боловсруулалтдаа байгаа болов уу. Мэдээж, эрх баригчид дотор эх орноо гэж боддог, зүрх сэтгэлтэй гишүүд бий. Хэдийгээр эдийн засаг хүндэрч байгаа ч оруулж ирсэн хууль болгоныг батлаад байх утгагүй.
Олонхийн зарим гишүүд Засгийн газрын явуулж байгаа бодлого олон түмний амьдралд сөргөөр нөлөөлж байна гэдгийг мэдэрсэн нэг хэсэг нь МАН-ын тавьж байгаа шүүмж, хуулийн төсөлтэй холбоотой ажил хэрэгч саналыг дэмжээд ирэхээр хууль босго давж чадахгүй унаад байгаа юм.
Тэгэхээр Засгийн газраас орж байгаа хууль боловсруулалт, агуулга муу гэдэг нь харагдаж байна.
-Чухал хуулийн төслүүд цаг хугацаандаа батлагдахгүй унах нь улс орны нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?
-Хууль Монголын нийгмийн амьдралыг зохицуулдаг. Тиймээс хууль бодлогын түвшинд нарийн боловсруулагдсан, хариуцлагатай, судалгаатай байх ёстой.
Хууль гаргах нь чухал биш. Гарсан хууль нь чанартай, амьдралд нийцсэн, хэрэгжүүлж чаддаг, үр дагавар нь эерэг байх ёстой. Тиймээс чанаргүй хууль баталж байснаас буцаасан дээр гэсэн хандлагаар УИХ-ын гишүүд шийдвэрээ гаргаж байгаа.
Үнэнийг хэлэхэд, Засгийн газарт мэргэжлийн ёс зүй гэхээс илүү намын эрх ашиг, намын гишүүн гэдэг мэргэжилтэй, намын гишүүн юу ч хийж болдог, асуудлыг улстөрийн өнцөгөөр тайлбарлаж, ханддаг буруу хэлбэр бий болгочихлоо.
Үүний цаана мэргэжлийн ур чадвар, эрдэмтдийн дуу хоолойг огт сонсохгүй байгаа нь орж ирж байгаа хуулиас ажиглагдаж байна. Тиймээс салбараа мэддэг, мэргэжлийн хүмүүсийн байр суурь, гаргаж байгаа нотолгоон дээр давж гарч чадахгүй унаад байгаа юм.
-УИХ, Засгийн газарт хяналт тавих үүргээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчин хангалтгүй хийсэн. Сөрөг хүчний дуу хоолой сул явсаар ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ардчилсан нам засаглаж чаддаггүй, МАН жагсч чаддаггүй гэсэн улстөрийн шог яриа байдаг шүү дээ. Хуулийн дагуу ялалт байгуулсан нам Засгийн газраа байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.
Хоёр жилийн хугацаанд засаг барьж байгаа хүмүүсийн алдаа, оноо нь гараад ирнэ.
Хоёр жилийн хугацаанд засаг барьж байгаа хүмүүсийн алдаа, оноо нь гараад ирнэ.
Ардчилсан нам хоёр удаа төсөв батлуулж, төсвийн гүйцэтгэлээ дүгнүүлж байна. Хэрэгжүүлсэн бодлогын үр дүн, төсвийн гүйцэтгэл дээр МАН одоо л сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх боломжтой болж байна. Сөрөг хүчний ялагдлын шок гэдэг юм дэлхий түүхэнд бүхий л парламентад ажиглагддаг зүйл. Шокноос гарах дундаж хугацаа нь 1,5 жил. Одоо л бид цөөнхийнхөө үүргийг сайн гүйцэтгэх ёстой.
-Сөрөг хүчний зүгээс сайд огцруулах, хариуцлага тооцох гэх хоёрхон асуудал ярьсаар өнгөрсөн хоёр жилийг үдлээ. Ингэхэд танай нам сөрөг хүчний үүргээ хэр сайн биелүүлж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд бид сонгуульд ялагдсан алдаа, оноогоо дүгнэж, намын их хурлаа хийж, удирдлагуудын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж дотоод асуудлаа шийдвэрлэж чадсан. Тиймээс бид үлдэж байгаа хоёр жилд илүү их эрч хүчтэй, ард түмний дуу хоолой болж ажиллаж чадна гэж бодож байна.
-Үлдсэн хоёр жилийн хугацаанд сөрөг хүчин эрч хүчтэй ажиллана гэхээр сонгуулийн өмнөх жилүүдийн “шоу” болох юм биш үү?
-Ард түмэн харах байх. Одоо бидний хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон, ард түмэн. Хэн нь худлаа ярьж байна, хэн нь зөв ярьж байна гэдгийг ялгадаг болсон.
-Цөөнхийн зүгээс Газрын тухай хуулийн төслийн эсрэг хүчтэй эсэргүүцэл өрнүүлсний үр дүнд Засгийн газар хуулиа эргүүлэн татчихлаа?
-Бид олон түмэнд талархаж байна. Ялангуяа интернэт, сошиал ертөнцөөр цөөнхийн гаргаж ирсэн шүүмжлэлийг маш хүчтэй дэмжсэн. Иргэн өөрийнхөө үүргээ ухамсарлаж чаддаг болсон.
Ерөнхий сайд үнэнд гүйцэгдээд хуулиа эргүүлэн татсан. Ялангуяа захиалгын хуулиуд маш их орж ирж байна. Лоббинд автаж байгааг нь олон түмэн мэдэгдээд, эсэргүүцээд ирэхээр эргэн харж, ойлгоод татахаас аргагүй байдалд орж байгаа юм.
-МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Гурван ч удаа хойшиллоо. Эдийн засаг хүндэрсэнд ганцхан сайд хариуцлага үүрэх нь зөв үү. Төрийн бодлого, үйл ажиллагаа гээд олон зүйлээс шалтгаалсан байж болно шүү дээ?
-Өнгөрсөн дөрвөн жил дэлхийн эдийн засаг уруудаж, хүндэрч байсан. Монголын эдийн засаг босч, сөрж ч байсан. Дэлхийн эдийн засгийн хямралын үед МАН эдийн засгийг босгож чадсан.
Гэтэл одоо дэлхийн эдийн засаг тогтворжсон энэ үед Монголын эдийн засаг эсрэгээрээ унаж байна, АН-ын Засгийн газрын үед. Тиймээс хариуцлагыг нь эдийн засгийн бодлогыг боловсруулсан сайд нь хүлээх ёстой. Тэр үүднээс асуудалд хандаж, Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан.
Хэрэв АН Н.Батбаяр сайдад хариуцлага тооцож чадахгүй бол бид Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хариуцлага тооцохоос аргагүй байдалд хүрнэ.
-Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног зарлаад ажил хийх гэхээр МАН хариуцсан сайдыг нь огцруулах гээд байна. Магадгүй 100 хоногийн дараа эдийн засаг сайжрахгүй бол буруутан нь МАН болох юм бишүү?
-Олонхи тэгж хэлэхээс ичихгүй л дээ. Нэг хэсэг МАН-аас болсон, Хятадаас болсон, дэлхийгээс болсон гэсэн шалтгаан хэлсээр ирсэн. АН-ынхны хамгийн аюултай дутагдал нь өөрсдөөсөө бурууг хайдаггүй, өөрсдөөсөө болсон гэж хэлдэггүй. Энэ бол буруу.
-Гэхдээ нэг сайдыг огцрууллаа гээд эдийн засаг сайжрахгүй шүү дээ?
-Сайжирна. Бид дотооддоо төдийгүй дэлхий нийтэд алдсан нэр хүндээ олж авах хэрэгтэй. Монголчууд итгэлээ сэргээж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл даах чадвартай болох ёстой.
Тэдний бидэнд итгэхгүй байгаа шалтгаан нь зээлжих зэрэглэл унасан, бизнесийн өрсөлдөх чадвар буурсан, үнэт цаас үнэгүйдэж байгаа байдал.
Бид ядаж улстөрийн алхамуудад хариуцлага тооцдог хүнийг гаргаж ирэхгүй бол итгэл сэргэхгүй. Бид Н.Батбаяртайгаа зууралдаад байвал дэлхий ертөнцийн биднийг хардаг өнцөг өөрчлөгдөхгүй.
-100 хоногийн дотор эдийн засаг сайжруулна гэснийг та юу гэж харж байна?
-100 хоногт эдийн засгаа сайжруулна гэсэн нь Засгийн газрынхаа насыг уртасгах гэсэн улстөрийн арга. Энэ хугацаанд амласан ажлуудаа амжуулах байх. Харин юу хийх бол гэдэг дээр нийгмийн хяналтыг өндөржүүлэх хэрэгтэй.
Одоо тэд өмч хөрөнгүүдийг хувьчлах, Газрын хууль оруулж ирж, чоно борооноор гэдэг шиг юмаа хийх байлгүй.
Бүхнийг мөнгөөр хэмжиж, мөнгөний төлөө улс орноо худалдахаас айхгүй, хэтэрхий энгэрээ задгайлчихаж, манай эрх баригчид. Хүндрэлийг даван туулахаар хэрэгжүүлж байгаа бодлогууд нь өөрөө Монголын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх зүйлийг хийж магадгүй байдал үүсээд байна. Жишээлбэл, өрийн хэмжээ, газрын хууль, өмч хувьчлал гэх мэт.
-Ерөнхий сайд индэр дээрээс 100 хоногийн дараа эдийн засаг сайжирна гээд хэлчихсэн. Сайжрахгүй бол сөрөг хүчний зүгээс хариуцлагын асуудлыг ярих уу?
-Хүлээе. 100 хоногийн 50 хувь нь өнгөрсөн байна. Гэтэл валютын ханш өндөр хэвээр, үйлдвэрүүд хаалгаа барьж, цомхотгол хийсээр байна. Хариуцлагын асуудлыг 100 хоногийн дараа л тооцоё.
-Аж ахуй нэгжүүд яаж хаалгаа барихгүй, цомхотгол хийхгүй байх вэ, ард түмний амжиргаа хэзээ дээшлэх вэ гэсэн хүлээлттэй байна. Эдийн засаг хэзээ сайжрах вэ. Энэ Засгийн газрын бодлогоор хэр хугацаа шаардах вэ?
-Харамсалтай нь энэ дөрвөн жилд эдийн засаг сайжрах бололцоо байхгүй. Бий болгож авсан боломжоо хэт улстөржиж, хийрхэж байгаад үгүй хийчихлээ.
10 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон итгэл, хөрөнгө оруулалтын урсгал, үндэсний эдийн засгийн босолт, ирээдүйд итгэх итгэлүүд бүгд байхгүй болсон. Үүнийг сэргээхэд үлдэж байгаа хоёр жилийн хугацаа багадана.
Өрнөөс өрний хооронд амьдарч байгаа энэ үед эдийн засгийн өсөлтийг 20 хувиас дээш барьж байж гадаадын өрийн төлбөрийг төлөх чадвартай болно. Эдийн засгийн хамгийн хүнд үе 2016-2020 онд бий болно. Өнөөгийн нөхцөл байдлаас төсвийн гүйцэтгэл тасалдалтай байгаа энэ үед төсвийн тодотголыг хэд хэдэн удаа хийхээр байна. Бид төсвөө баталснаас хойш нэг удаа тодотгол хийсэн, дахиад зургаан сард багтаан тодотгол хийнэ гэсэн.
Намар дахин төсвийн тодотгол хийхээс аргагүй байдал үүснэ. Жилд дөрвөн удаа тодотгол хийх гэж байгаа нь эдийн засаг хүнд байгаагийн, Засгийн газрын чадавхийн асуудал юм.
-Удахгүй хаврын чуулган завсарлана. Энэ хаврын чуулганыг сандал суудал ярьсаар завсарлуулах нь. Энэ нь УИХ-ын чадавхитай холбоотой асуудал уу эсвэл улстөржилт нь их байна гэсэн үг үү?
-Ардчилсан нам нэгдмэл чанар, нэгдмэл байдал, улс орноо төлөвлөлттэй бодлогоор хангах, нэгтгэн зангидах чадваргүй боллоо. Эцэст нь хэлэхэд, сайдаа авч үлдэх , огцруулах бүх л эрх нь олонхид бий. Харин бид болохгүй байгаа асуудлыг гаргаж ирж тавьдаг. Ямар нэг улстөрийн ашиг хонжоо олох сонирхол байхгүй. Ийм маягаар байвал бид хохирол амсах нь байна шүү гэдгийг сануулсаар байхад олонхи маань ухаарч өгөхгүй л байна. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэх ч болж байх шиг байна.