Л.Гантөмөр:УИХ-ын сонгуулиар хориглосон мөнгөний амлалт нь
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдааны дараа тус бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.
-Бүлгээс Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Тус ажлын хэсгийг З.Энхболд гишүүнээр ахлуулсан. Тэдний гол гүйцэтгэх ажил нь ойрын өдрүүдэд багтаан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. Учир нь орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт зургаадугаар сард зохион байгуулахаар заасан ч процедурууд нь зөрчилтэй байгаа юм. Тухайлбал, санал авах эцсийн хугацаа өөр, өөр байгаагийн зэрэгцээ их мөнгөний амлалт, элдэв спорт, уралдаан цэнгээнийг зохион байгуулах бололцоо Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нээлттэй байгаа тул энэ бүхнийг цэгцлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын шийдэлд хүрсэн нь энэ юм.
-Тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент намрын чуулганы хугацаанд багтаан батлах ёстой гэжээ. Хугацааны хувьд, амжих болов уу?
-Ямартай ч намрын чуулганы хугацаанд батлах ёстой. Хэрэв батлахгүй бол энэ шатны сонгууль дээр тодорхойгүй нөхцөл байдал үүсэх бүрэн боломжтой. Шалтгаан нь УИХ-ын сонгуулиар хориглосон мөнгөн амлалт зэрэг нь Орон нутгийн сонгуулийн хуулиар дамжиж хэрэгжүүлэх холбоотой юм л даа.
-Шат шатны сонгуулиудыг хамтад нь хийх нь төсөв мөнгөний хувьд хэмнэлттэй байж болох ч, зохион байгуулагчдад хүндрэл учирна гэж үзэх хүрээнийхэн олон байна. Харин танай бүлэгхамтад нь хийх ёстой хэмээж байгаагийн ач холбогдол юунд байна вэ?
-Энэ хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь өөрөө маш өндөр ач холбогдолтой гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Наанадаж л, сонгогчдын тухайд хоёр сонгуулийг тусад нь , явуулснаар саналын хуудас дугуйлах ажиллагаа нь хоёр хуваагдана. Тодруулбал, УИХ-ынхыг бол намыг нь дугуйлаад мөн хоёроос гурван хүн дугуйлах. Орон нутгийн сон-гууль бол аймгийн ИТХ-ын гурав, сумын ИХТ-ын гурван хүнээ дугуйлах. Энэ хоёр үйл явц нийлэх юм бол 10-11 удаа дугуйлах болж байгаа юм. Харин салгахаар 4-6 удаа дугуйлна. Энэ нь л сонгогчдод тодорхой хүндрэл учруулж байгаа болохоос биш зохион байгуулагчдад ямар ч дарамт, ажиллагаа байхгүй. Тэгээд ч тооллогыг машинаар хийнэ. Мөн хэсэг, тойргийн хороо нэг удаа зохион байгуулчихна. Зардал чирэгдлийн хувьд ч хямд төсөр.
Ернь орон нутаг руу маш их хэмжээний эрх мэдэл очиж байгаа гэдэг утгаараа иргэд энэхүү сонгуульд ач холбогдол өгөөсэй гэж бид хүсэж байна.
Улаанбаатар хотын хувьд сонгогчдын ирц ерөөсөө хүрдэггүй,орон нутгийн сонгууль болоход Хотын захиргаа хүчээр 50 хувьд хүргэж дүнгээ гаргадаг. Ийм байдлаар цаашдаа орон нутгийн сонгууль явуулж болохгүй. Орон нутгийн сонгуулийн ирц хангагдаж байж энэ сонгууль явдаг. Сонгуулийнхаа дүнгээр байгуулагдсан орон нутгийн бие даасан байгууллагууд үнэхээр бие даасан эрх мэдэлтэй болж байгаа. Түүнийгээ зөв ашиглаж, зөв үйл ажиллагаа явуулдаг болохын тулд зайлшгүй хамт явуулах шаардлага бий.
-Энэ асуудал дээр МАН ямар байр суурьтай байгаа бол. Та бүхэн санал солилцов уу?
-Албан ёсоор хэлсэн, ярьсан юм байхгүй. МАН-ын нэг гишүүний мэдээллийг хальт сонсоход, хоёр сонгуулийг зэрэг явуулахаар 11 мянган хүн болчих гээд байна. Тэгэхээр бужигнаан үүсэх магадлалтай гэж байсан. Зүй нь Орон нутгийн сонгуульд 10 мянга гаруй хүн нэр дэвшиж байгаа. 10 мянган хүн дээр 400 хүн нэмэгдэж байна гэж... МАН-ын гишүүн бол 400 хүн дээр 10 мянган хүнийг нэмээд байгаа. УИХ-тайгаа хамт орон нутгийн сонгууль явуулснаар 10 мянга дээр 400 хүн нэмэгдэж байна гэдэг уншилт хийх юм бол зөв болж байгаа. Тийм учраас энэ бол боломжгүй зүйл биш.
-Хоёр сонгуулийг зэрэг явуулбал процедур нь яаж явагдах вэ?
-УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль зэрэг явахад сонгогчид УИХ-ын сонгуулийн-хаа хуудсыг авна. Мөн аймгийн ИТХ-ын болон сумын ИТХ-ын хуудсыг авна гэсэн үг. Ингээд эл гурван хуудсаа авсны дараа 10-11 удаа дугуйлах процесс явуулаад, эцэст нь тус тусын хайрцагт нь хийх юм. Хамгийн гол нь саналын хуудасны тооллогыг машинаар явуулах учраас цаг алдахгүй.
-Бүлгийн хуралдааны хоёр дахь хэлэлцсэн асуудал юу байв?
-Боловсролын тухай хуулийн төсөл юм. Уг хуулийг парламент хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт хүргээд байгаа. Гэхдээ хуульд зайлшгүй тус-гаж өгөх асуудал нь сургуулийн захирлуудыг улс төрийн томилгооноос ангид болгох шийдэл юм. Жишээ нь эцэг, эхчүүдийн сонголтоор сургуулийн захирлыг сонгодог байж болно шүү дээ. Мөн энэ хуулийн хүрээнд анхаарах асуудал нь дунд сургуулийн сургалтын агуулга хүндэрсэн байгаа тул түүнд ямар зарчим баримтлах вэ, унших ном тодорхой болох ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн байгаа.
-УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн Тэтгэврийн зөрүүгарилгахтухайхуулийн төсөл, мөн Засгийн газрынболовсруулсанСуурь тэтгэврийн тухай хуулийн төслүүд дээр тус бүр ажлын хэсэг байгуулсан гэсэн. Энэ талаар?
-Эдгээр ажлын хэсгүүд МАН-ын бүлэгтэй зөвшилцөхөөр болсон. Харин Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахалж байгаа бол Суурь тэтгэврийн тухай хуулийн төслийн ажлын ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан томилогдсон.
-Энэ долоо хоногийн баасан гаригаас парламент мэтгэлцээний хэлбэр рүү шилжинэ гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг танай намаас хөндөж байгааюм уу?
-Долоо хоног бүрийн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийдэг. Энэ асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг 25 минутад багтаан үг хэлдэг уламжлалаа сэргээх ёстой гэсэн шийдэлд хүрсэн. Өмнөх парламентад цөөнхийн бүлэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дээрх жишгээр үг хэлдэг байсан ч, өнгөрсөн 3.4 жилийн хугацаанд түүнийгээ хэрэгжүүлээгүй. Одоо харин энэ үйл явцыг сэргээх ёстой гэж бүлгийн гишүүд дуу нэгтэй дэмжиж байгаа юм.
Тиймээс энэ долоо хоногийн баасан гаригаас эхлэн парламент мэтгэлцээний хэлбэр рүү шилжинэ гэсэн үг. Мөн энэ удаагийн хуралдаанаар үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Одоогийн байдлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан үнийн өсөлтийг судалж, шалтгаан нөхцөлийг нь тодруулах зорилгоор ажиллаж байгаа ч дүгнэлтээ гаргаагүй байна. Тиймээс үнэ буулга гэдэг тодорхой үүргийг байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлэх ёстой гэсэн зарчмын шийдлийг бүлгээс гаргаад байна. Учир нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаас болж нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Энэ бол ташаа мэдээлэл. Хэрвээ хуурамчаар өсгөсөн юм бол үнийг бодитой буулгах ажлаа Засгийн газар хийх ёстой. Тиймээс манай бүлгээс энэ бүхнийг цэгцэлж, Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд ажлаа танилцуулах ёстой гэсэн саналыг хүргүүлэхээр болсон.