Малын индексжүүлсэн даатгалын тухай төслийг дэмжив
2014.06.06

Малын индексжүүлсэн даатгалын тухай төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Ингэхдээ хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг болон гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Тухайлбал, малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах, малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, малыг төрлөөр нь даатгуулах, малын хорогдлын хувь хэмжээг сумын түвшинд тодорхойлох, даатгалын нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зарчмыг баримтлах зэрэг санал дэмжлэг хүлээлээ.

Мөн малын индексжүүлсэн даатгалын сан нь даатгагчдын хамтын эрсдэлийн сан, давхар даатгалын компанийн сан гэх төрөлтэй байх, хамтын эрсдэлийн сан нь давхар даатгалын компанийн дэргэд тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна гэх зэрэг заалттай Хамтын эрсдэлийн сан гэсэн шинэ зүйл нэмэхийг гишүүд дэмжив.

Хэлэлцэх үеэр зарим гишүүдийн асуусан асуулт, хэлсэн саналыг хүргэж  байна.

Төсвөөс авсан 15 тэрбум төгрөгийг буцааж төлөхгүй

Ж.Эрдэнэбат гишүүд асуув:  Хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ? Цаашид энэ компани маань ашигтай ажиллах байх л даа. Энэ тохиолдолд төсвөөс авсан санхүүжилтээ буцааж төлөх боломж бий юу. Ашгаа хэрхэн хуваах вэ?

Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хариулав: 2015 оны 1 сарын 1 –ээс хэрэгжиж эхэлнэ гэх нь зөв байх. Ашгийн тухай асуудал компани тухай хуулиар зохицуулна. Төсвөө авсан санхүүжилтийг буцааж төлөхгүй. Төсвөөс 15 тэрбум төгрөг авахаар байгаа.

Ц.Баярсайхан: Даатгалын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл илүү бүрдэх юм гэсэн миний санал байна

Би хэлэлцэх эсэх дээр нэг санал хэлсэн юм. Өнөөдөр манай бүх даатгалын компани хувийн хэвшил байгаа. Гэтэл үндсэн хуульд мал бол төрийн хамгаалалтад байна гэсэн байгаа. Үүнийг хархаар компани дүрмийн санд хөрөнгө оруулах биш, харин эрсдэлийн санд нь 15 тэрбум төгрөгөө өгчих юм бол даатгалын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл илүү бүрдэх юм гэсэн миний санал байна. Үүнийг судалж үзээч.