Ч.Улаан хуулийн төсөл өргөн барив
Сангийн сайд Ч.Улаан “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуулийн төслийг өргөн барилаа.
2014.01.02

Ч.Улаан хуулийн төсөл өргөн барив

Сангийн сайд Ч.Улаан “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуулийн төслийг өнөөдөр /2014.01.02/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Байгалийн гамшгаас үүсэх их хэмжээний малын хорогдлын улмаас зорилтот бүлэг болох малчин өрхүүдэд учирч буй эдийн засгийн эмзэг хараат байдлыг бууруулах, малчдын төлбөрийн чадварыг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, нөгөө талаас оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Зудын эрсдэл нь зөвхөн цөөн тооны даатгуулагчдад биш харин олон даатгуулагчдад нэгэн зэрэг хохирол учруулах, мөн жил дараалан учрах магадлалтай байдаг тул малын индексжүүлсэн даатгалын санхүүгийн нөөцийн менежмент болон эрсдэлийн механизмыг тогтвортой түвшинд зөв зохицуулах нь чухал.

Ингэхийн тулд малын индексжүүлсэн даатгалыг нэгдсэн журмаар эрх бүхий давхар даатгагчид даатгуулах, тухайн давхар даатгалын байгууллага нь ихээхэн хэмжээний эрдсэлийг хариуцаж гадаадын давхар даатгагчид даатгуулах замаар хамтран ажиллах шаардлага бий болж байгааг сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газар туршилтын журмаар 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү даатгалын тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, түүний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж төсөл санаачлагч үзсэн байна.