Д.Ганхуяг: Хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдал чухал
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт” уул уурхайн салбарт бодитой ямар ажил хийж байна вэ. Лоозонгийн чанартай хөтөлбөр гэсэн нэр зүүгээд байгаа?
-Энэ тогтоолыг УИХ олонхиороо баталсан. Тэгээд батлалцсан гишүүд нь өөрсдөө шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Энэ тогтоолд хийх ёстой, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сууж хэрэгжилтийн ид дундаа байгаа, бас шийдэхгүй олон жил хуримтлагдсан асуудлууд орсон. Тогтоолын зүйл заалт бүр хэрэгжсэнээр Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарна гэдэгт итгэж байгаа.Уул уурхайн салбарын хувьд 10 гаруй ажил төлөвлөсөн.Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн Таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангаж, орлого, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Нүүрснээс шатах синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэгжүүлэх, хамтарсан компани байгуулах, ТЭЗҮ-ийг наймдугаар сарын дунд гэхэд бэлэн болгох юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2014 онд багтаан эхлүүлэх.Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 орчим тэрбум ам.доллар болно гэсэн ойролцоо мэдээ бий.
Энэ үзүүлэлтээрээ түүхэнд хамгийн том төсөлд зүй ёсоор орно. Газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлийг сонгож, бэлтгэлийг хангах. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж, гол нь 2014 онд Эрдэнэс Таван толгой, Цагаан суварга, Гачуурт, Асгат гэсэн дөрвөн ордын асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Газрын тосны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Энэ нь уламжлалт газрын тос буюу туухий тос, уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занар, хийтэй занар баялгийг ашиглана гэсэн уг. Газрын тосны тухай хууль УИХ-аар батлагдсанаар энэ салбарт хэд хэдэн төсөл хэрэгжих боломжтой юм. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл хөтөлбөрүүдийг боловсруулж дуусгана. Бусад яамтай хамтарч хүнд уйлдвэрт "Зэс", "Төмөр" хөтөлбөрийн хурээнд зэс хайлуулах болон Гангийн үйлдвэр барих теслийг эхлүүлнэ.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэх боломжтой болно. Энэ удаагийн чуулганаар УИХ "урт нэртэй" хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэг тийш нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Ингэснээр “урт нэртэй” хууль жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой болно. Гол, ус хамгаалагдана.
Нэг мод огтолбол 5-10 мод ургуулдаг болох юм. Мөн цуцлагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх учиртай. 1:50.000 машстабын геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж баялгийн нөөцийн илэрцийг тогтоох.
Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж улсын төсөвт суулгах. Геологи, уул уурхай, газрын тосны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг энэ хөрөнгийг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгох, эрдэс баялагийн бирж байгуулж, эх орныхоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Эдгээр ажлын зарим нь УИХ-ын шийдвэрээс хамаарна.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэж тусгасан байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Есдүгээр сард Д.Ганхуяг гэдэг хүн байж л байх юм бол Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хийгдэхгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Үнэхээр Оюутолгойн далд уурхайн санхүүжилт салбарын сайдаас шалтгаалаад байгаа хэрэг үү?
-Хэн тэгж ярьсныг нь тэр гишүүнээс тодруулсан нь дээр байх. Уг нь гэрээ байгуулсан. Тиймээс гэрээ, компанийн тухай хуульд заасны дагуу Оюу толгой ХХК- ийн ТУЗ энэ асуудлыг шийдэхээр байгаа. Засгийн газар, УУЯ энэ асуудлыг дэмжиж байгаа, дэмжсээр ч ирсэн. Үүнийг тодотгож Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн байсан.Харин хөрөнгө оруулагч маань зах зээл сайнгүй, нөгөө талаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад ААН-н адилаар гэрээ, хуульд заасны дагуу ТЭЗУ-д оруулах өөрчлөлтөө бэлдэж байна гэж хэлсэн гэж ойлгосон.Тэгэхээр нь Монголын талын ТУЗ-ийн гишүүд "ТЭЗУ"-д оруулах өөрчлөлтөө дараа нь өгчих, харин зээлсэн мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөгөөөгчих гэж хэлсэн байсан. Ер нь ийм төсөлд улс төрчид оролцох нь зохисгүй. Бизнесийн зарчмаараа Компанийн хуулийн хүрээнд асуудлаа шийдэх нь зөв. Компани ч хөрөнгө оруулагчид ч тухайн улсын иргэдийнх нь сонголтод хүндэтгэлтэй хандахаас гадна, "улс төрийн болон эрх зүйн орчны тогтвортой байдал" чухал байдаг. Үгуй юм болов уу. Саяхан "Рио тинто группийн ерөнхийлөгч Оюутолгой төсөлд сэтгэл өөдрөг байгаа" гэж хэлсэн нь хэвлэлд гарсан байсан. Тэгээд ч гэрээгээр төслийг удирдах, санхүүжүүлэх,бүтээн байгуулалтаа хийх, бүтээгдэхүүнээ олборлох, экспортлох эрх зөвхөн хөрөнгө оруулагчдад байгаа. Гэрээнд ингэж заасан байхад бусад улс төрчөөс энэ үүргийг нэхэх нь ойлгомжгүй асуудал юм.
-Зарим оронд үндэстэн дамнасан корпорациуд "шуналтай улстөрчидөөр" нь дамжуулж улстөрчдийг хувааж, PR-аар дамжуулж иргэдийг нь хоёр хуваагаад нийгмийн тогтворгүй байдал үүсгэж байсан түүх байдаг. Монголд ийм байдал ажиглагдаж байна уу.
-Үгүй байхаа. Бид чинь Ардчилсан монгол эх оронтой, нээлттэй улс шүү дээ. Тийм хорлон сүйтгэх үйл ажиллагааг Монголчууд өлхөн ялгаж салгах чадвартай гэдэгт эргэлзэхгүй байна.
-Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт одоогийн УИХ дахь цөөнх, тэр үеийн эрх баригчдын үед их хэмжээгээр хэтэрчихээд байхад чимээгуй сууж байсан, мөн гэрээг хийхдээ хөрөнгө оруулагчтай сонирхлын зөрчилтэй санхүүгийн зөвлөхийг авсан байсан, гэрээнд Оюутолгой ХХК-д өгөхөөр заасан тусгай зөвшөөрлийг өөр компанид өгсөн байсан, мөн нэг компанийн хоёр хувь нийлүүлэгч мөртлөө нэг нь зээл олоод, зээлийнхээ хүүг нь нэмж хамтарсан компанидаа зээлуулдэг ч гэх шиг мэдээлэл зарим хэвлэлд гарсан байсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Тийм. Тусгай зөвшөөрлийн хуулийн зөрчлийг арилгасан. Энэ асуудлыг Ашигт малтмалын газар гэрээ, хуульд нийцүүлэн шийдвэрлэх учиртай. Ингэснээр энэ төслөөс Монгол Улсад ногдох ашиг 1.4-1.6 тэрбумам.доллараар нэмэгдэнэ байхаа.
-Ер нь өнөөгийн эдийн засгийн байдал, валютын ханшийн өсөлтөд АН, Засгийн газар ямар онош тавьсан бэ?
-Уг нь ойлгомжтой юм. Энд гадаад,дотоодын гэсэн хоёр хүчин зүйлс нөлөөлсөн байгаа. Олон улсын зах зээл дээр манай улсын экспортын гол нэрийн дөрвөн бүтээгдэхүүнээс нүүрс, төмрийн худэр,алтны үнэ 2012 онтой 2013 оныг харьцуулахад 5-42 хувийн уналттай байсан. Манай экспортын 90 гаруй хувийн түнш Хятад улсын эдийн засгийн өсөлт 7-8 хувийн хооронд царцанг байдалтай байна. 2011 онд манай ДНБ-ий өсөлт 17.3 хувь, 2013 онд 11.4 хувь байсан. Гол шалтгаан нь 2011 онд зэс, улмаар нүүрсний үнэ маш сайн, улмаар Австралид үер болсны улмаас манай улс боломжийн хэмжээгээр нүүрсийг өмнөд хөршдөө нийлүүлж чадсан. Эндээс харахад зах зээл дээр аливаа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн хэмжээнд ихэнх тохиолдолд улстөрчид нөлөөлөхгүй байгаа биз дээ.
Ер нь, энэ асуултын хариултыг товчхон хэлэхэд "зах зээл дээр Монголын экспортын орлогыг бүрдүүлдэг гол нэр төрлийн ашигт малтмалын үнэ уналттай хэвээр, зарим орлогоо түрүүлээд хэрэглэчихсэн учир экспортын орлогын дутагдалд орсон, сүүлийн жилүүдэд гадаад худалдаа байнга алдагдалтай явж ирсэн, зах зээл сайн үед бэлэн мөнгө тараагаад төмөр замаа тавиагүйгээс, зардал өндөртэй авто тээврийн зардал нь экспортын орлогыг их хэмжээгээр бууруулсан хэвээр, хөрөнгө оруулалтын орчинг тогтворгүй болгосноор хөрөнгө оруулалт орох сувгуудаа хаачихсан" гэж хэлж болно.
Тодруулахад, 2013 оноос өмнөх жилүүдэд иргэн бүрт 21000 төгрөг тараасан.Энэ нь 1.9 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 700 орчим км төмөр зам тавих хөрөнгө л дөө.2012 онд сонгуулийн жил учир нэгдсэн тесвийн зарлагыг ДНБ-ий 60 хувиар баталж, хөрөнгө оруулалтын зардлыг нэг их наяд орчим төгрөгөөр өмнөх оноос нэмэгдүүлсэн байдаг.Энэ зардлыг гаргахын тулд ойролцоогоор 1.3 их наяд төгрөгийг экспортын орлогоосоо урьдчилж аваад тараачихсан байсан. Гэтэл 2012 оны сүүлч, 2013 онд экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, энэ нь үргэлжилж байна.
Төмөр замаа тавьж чадаагүйгээс тээврийн зардлаас жилд 200-300 сая ам.долларын орлого алдаж байх шиг байна. Ингээд 2012, 2013 онд төсвийн орлого тасалдаж эхэлсэн. Харин аз болж олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс Монгол мөрийг гаргаж, 1.5 тэрбум ам.долларын бондын санхүүжилтийг босгож чадсанаар эдийн засаг илүү хүнд байдалд орохоос мултарч чадсан. Энэ бондыг бэлнээр тараагаагүй, хөгжлийн суурь болох дэд бүтэц, экспортын болон жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн нь ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох хөрөнгө оруулалт болсон гэж хэлэх байна.
Ер нь, валютын ханшинд экспортын орлого,гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. экспортын орлогын тухайд дээр хэлсэн.
Хөрөнгө оруулалтын тухайд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч, үүнийг орлох хөрөнгө оруулалтын төсөл бэлэн биш, дээр нь хөрөнгө оруулалтын орчныг 2012 оны сонгуулийн үеэр тогтворгүй болгосон явдал. Мөн ашигт малтмалын хайгуулын замбаараагуй олгогдсон тусгай зөвшөөрлийг цэгцлэх зайлшгүй шаардлагын үүднээс гурав орчим жил хориглосноор энэ чиглэлд шинээр хөрөнгө оруулалт орох боломжгүй хаагдсан.
2012 оны тавдугаар сард стратегийн салбарт уйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай ААН-н үйл ажиллагааг зохицуулах зорилготой хууль баталж хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулахад цензур тавьсан. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг 2012 оны зургадугаар сард гаргаж, энэ тогтоолын талбайд олгогдсон 1400 орчим тусгай зөвшөөрөл бүхий 900 гаруй ААН-н 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хоёр жил шахам хугацаанд таг зогсоов. Эдгээр ААН-н 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм билээ.
Ингэж Монголын төр, тодруулбал МАН олонхи, АН-ын цөөнхийн 2008-2012 оны парламент алдаж онож ирсэн байдаг. Гэтэл өнөөгийн цөөнхийн МАН-ын зарим улстөрчид хэдхэн улстөрчдөд хариуцлага тооцно гэж улангасан дайр ч байна. Эндээс нөгөө хэлмэгдүүлэлт нь үнэртэж байна гэж хэлж болох байх.
-Алдаагаа хэр засч байгаа юм бэ? Эрх зүйн орчин хэзээ тогвортой болох юм?
-Алдааг засаад дуусч байгааг хүмүүс мэдэх байх аа. Одоо УИХ АМТ хуульд өөрчлөлт оруулах хуулийн болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахад хугацаа алдмааргүй байна. Хууль батлагдсанаар олон төслүүд хөдлөх болно. Мөн геологи, уул уурхай, газрын тосны эрх зүйн орчин урт хугацаанд өрсөлдөх чадвартай, ойлгомжтой, тогтвортой байх боломж бүрдэнэ.
-Оюу толгойн ажилчидаа цомхотгосон, энд бас Засгийн газар, Уул уурхайн яам, таныг буруутай гээд байх юм?
-Бас тэгж гүтгэх л байх даа. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга энэ асуудлыг мэдээлэх журмаар надтай уулзсан. “Рио Тинто нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийн үнэ муу байгаагаас бүх төслүүдэд бутцийн өөрчлөлт буюу цомхотгол хийж байгаа. Компани ашигтай ажиллахын тулд зардлын таналт буюу cost down хийдэг. Энэ хүрээнд 300 орчим ажиллагсадыг ажлаас нь чөлөөлсөн. Тал илүү нь гэрээт ажилчид” гэх мэдээлсэн.
Би аан за ойлголоо. Ажлаас халагдсан хүмүүсийн эрх ашиг манай хуулийн хурээнд хамгаалагдах учиртай. Ер нь, компанийн нийгмийн хариуцлагын гол хэсэг нь энэ асуудал шүү. Эдгээр хүмүүсийг ажилтай болгоход анхаарч ажиллахыг хүсье. Манай хөдөлмөрийн хуульд зааснаар энэ асуудал нь гүйцэтгэх захирлын эрхлэх ажил гэж хэлсэн.Оюутолгойн ХХК-ийн ТУЗ-ийн дарга төслийн талаар Засгийн газар, УУЯ-ны баримталж буй "Төслийг улс төржүүлэхгүй, гэрээ, компанийн хуулийн хурээнд бизнесийн зарчмаар компанийн шийдвэр гаргах бүтэц, удирдлагаар асуудлыг шийдүүлэх" гэсэн зарчмыг маш зөв гэж тэмдэглэж байсан.
-АН Засгийн эрхэнд гарснаараа Таван толгой төслийг үндсэндээ унагачихлаа гэх юм. Таван толгойн нүүрс хайрганаас ч хямдхан болчихлоо гээд л шүүмжлэх болж. Ер нь суулийн үеийн улс төрийн нөхцөл байдал ирээдүйн талаар юу гэж бодож байна вэ?
-Таван толгой- Гашуун сухайтын төмөр зам барих, тэр царигийнх нь асуудал УИХ-аар удахгүй шийдэгдэнэ. Ингэснээр Таван толгойг тойрсон дэд бүтцийн бүрэн шийдэл нь гарна. Гол нь төмөр зам байсан. Одоо бол энэ компанийн үнэлгээ, хувьцааны үнэ суга өсөх учиртай.Энэ 7 хоногт энэ ордыг ашиглах, орлого, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дутуу дэд бутцийг санхүүжүүлэх зорилго бүхий УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина. УИХ дээрээс улс орон сүйрлээ, эдийн засаг болохоо байлаа гэж хашгирдагаа болимоор байна. Бид чинь олон улсын зах зээлд олон өрсөлдөгчтэй биз дээ.Энэ улс төржилт нь өрсөлдөгчийн өгөөш болсоор байна. Нөгөө тангараг яасан бэ? Нэг улс чинь нэг л эдийн засагтай байдаг. Тэрнээс нэг намын, улстөрчдийн эдийн засаг гэж юу байх вэ. Эдийн засаг, баялгийг ААН, иргэд бий болгодог. Улс төр үүнийг дэмжих үндсэн үүрэгтэй. Одоо том төслүүд хөдлөх гэж байна. Хоёр хөрш том төслүүдийг дэмжихээ илэрхийлчихлээ. Ирээдүй гэрэлтэй байна гэж хэлэх байна.